Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Самсунгийг “дарамталж” эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

Өмнөд Солонгосын Самсунг компанийг гэр ахуйн хэрэгслийн үйлдвэрээ АНУ-д байгуулахыг шинэ ерөнхийлөгч Дональд Трамп сануулж эхэлжээ.

Хэдийгээр Самсунг энэ талаар судалж байгаа бөгөөд эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч өнгөрсөн шөнө Трамп твиттер хуудсандаа тус компанид урьдчилан талархсан мэдэгдэл гаргасан байна.

Тэрээр “Самсунг АНУ-д үйлдвэрээ байгуулж магадгүй” гэсэн гарчигтай мэдээний дээр “Баярлалаа Самсунг! Бид дуртайя хүлээж авна” гэсэн агуулгатай өгүүлбэр нийтэлжээ.

Трамп гадаад орнуудад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг АНУ-д нэвтрүүлэхэд хатуу хандаж байгаа ба ялангуяа Мексикээс экспортлох бараанд өндөр татвар ноогдуулахаа мэдэгдээд байгаа. Энэ шаардлагын дагуу Өмнөд Солонгосын Самсунг, LG компаниуд гэр ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрээ Нэгдсэн Улсад байгуулж магадгүй гэсэн яриа гараад байгаа юм.

Одоогоор хоёр компани хоёулаа Мексикт үйлдвэрлэлээ явуулж, бүтээгдэхүүнээ NAFTA (North American Free Trade Agreement) гэрээний дагуу татваргүйгээр АНУ-д экспортлодог.

Хэдийгээр Трамп сайшаасан мэдэгдэл түрүүлж хийсэн ч Самсунг нь одоогоор АНУ-д үйлдвэрлэл явуулах талаар ямар ч мэдээлэл гаргаагүй байна.

 Гэхдээ Самсунг Америкт хөрөнгө оруулалт хийгээгүй биш. Тэд Техасын Остинд бичил эд ангийн (chip) үйлдвэрлэл явуулдаг ба үүнд $17 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа.

Самсунгийн албаны хүн хэлэхдээ “Трампын засаг захиргаа олон компанийг үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэхийг шаардаж байгаа. Түүнийгээ твиттерээр илэрхийлдэг болсон. Тиймээс бид түүний бичсэнийг ямар нэг аюул ч биш, бас ‘хайрын захиа’ ч биш гэж харж байна” гэжээ.

Хэрвээ Самсунг шийдвэрээ гаргавал нөгөө нэг компани болох LG нь чирэгдэх болоод байгаа юм.

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor Group өнгөрсөн сард $3.14 тэрбумын хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд АНУ-д оруулж, үйлдвэрлэлийн шугамаа нэмнэ гэж мэдэгдсэн нь Трамп автомашин үйлдвэрлэгч компаниудад дарамт үзүүлж эхэлсэнтэй холбоотой.

 

Эх сурвалж: Korea Times