Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд живсэн эртний тивийн ул мөрийг олжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Энэтхэгийн далайд орших Маврикийн арал

Энэтхэгийн далайд орших Маврикийн арлын доор эртний живсэн тивийн үлдэгдэл оршиж байгааг эрдэмтэд илрүүлжээ.

Маврикийн арал нь 2,040 км.кв талбайтай жижигхэн арал. Тус арал дээр татах хүчний нөлөө өндөр байдаг нь газар газрын геологичдын анхаарлыг татсаар ирсэн юм.

Манай дэлхийн татах хүч жигд бус, тухайн бүсийн хөрсийг бүрдүүлэгч материалын нягтаас хамаарч янз бүр байдаг. Тиймээс Маврикийг далайд живсэн ямар нэг агуу том газрын булшин дээр тавигдсан чулуу гэж үзэж болохоор байгаа юм.

Уг таамаглалыг 2013 онд Йоханнесбургийн Витватерстрэндийн Их сургуулийн эрдэмтэн Люиз Ашвал дэвшүүлж байв. Харин саяхан Nature Communications сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны бүтээлдээ Ашвал энэ таамаглалыг баталсан байна.

Тэр Маврикийн далайн эргээс 13 хэсэг цирконий хэлтэрхий олж, насыг нь тодорхойлоход 3 тэрбум жилийн өмнөх эрдэс бодис байжээ. Гэтэл Маврик арал нь харьцангуй залуу буюу найман сая жилийн настай арал юм.

Ийм арал дээр тийм эртний чулуулаг байх боломжгүй. Тиймээс далайн гүн дэх галт уулын дэлбэрэлтээр эдгээр материал нь Маврик арал дээр гарч ирсэн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Маврикийн доорх далайн ёроолд эртний хөрсний үлдэгдэл байгаа гэсэн үг.

Ингээд Ашвал болон түүний багийнхан эртний супер тив болох Гондвана нь одоогийн Энэтхэг болон Мадагаскарын хооронд оршиж байгаад живсэн нь Маврик арлын доор байна гэж дүгнэжээ. Гондванагийн живсэн галт уулуудын дэлбэрэлтээс Маврик арал хожим бий болсон байна.

Одоогоос ойролцоогоор 200 сая жилийн өмнө Гондвана тив хагарч бутран далайн ёроолд живсэн бололтой.

Уг тивийн үлдэгдэл хөрс нь далайн ёроолд өндөр нягтралтайгаар бөөгнөрсөн байгаагаас Маврик арлын таталцлын хүч өндөр байдаг ажээ.

 

Эх сурвалж: Time.Com