Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн талд мэдээлэл өгсөн Оросын мэргэжилтнүүдийг эх орноосоо урвасан хэрэгт шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Америкийн тагнуулд нууц мэдээлэл дамжуулсан шалтгаанаар Оросын аюулгүй байдлын албаны хоёр албан хаагч, мэдээллийн аюулгүй байдлын нэг мэргэжилтэн, бас нэг хүн, нийт дөрвөн хүнийг эх орноосоо урвасан хэрэгт шалгаж байгааг тэдний нэгийг нь өмгөөлж байгаа хуульч Иван Павлов мэдээлжээ.

Эдгээр сэжигтнүүд нь бүгд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх хэргийг саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Москва нөлөөлсөн гэх хэрэгтэй холбоогүй гэдгийг хэлсэн байна. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд Оросын тусгай албад нөлөөлсөн гэж АНУ-ын тагнуулынхан мэдээлж байсан ч Оросын талаас хэн нэгэн мэдээлэл өгсөн гэж огт дурдаагүй.

Сэжигтнүүдийн нэг нь хуучнаар КГБ буюу Холбооны Аюулгүй Байдлын Товчооны мэдээллийн технологийн төвийн дарга Сергей Михайлов бол нөгөө нь түүний орлогч Дмитрий Докучаев юм. Өөр нэг сэжигтэн нь Оросын Касперский Лаб компанийн ажилтан Руслан Стоянов гэнэ.

Стояновыг улс төртэй ямар ч холбоогүй, Касперский компанид 2012 оноос ажиллаж эхэлсэн гэжээ.

Харин дөрөв дэх сэжигтэн буюу өөрийн өмгөөлж байгаа хүний талаар Павлов мэдээлэл өгөөгүй юм. Эдгээр хүмүүсийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилсан байна.

ОХУ-ын эрүүгийн хуулийн 275 дугаар зүйлд зааснаар эх орноосоо урвасан тохиолдолд 12-20 жилийн хорих ял оноодог.

Гэвч Америкийн тагнуулын мэргэжилтнүүд тэднийг хийсэн хэргийнхээ төлөө амиа алдах магадлалтай хэмээн болгоомжилж байгаагаа сэтгүүлчид ярьжээ.

 

Эх сурвалж: CNN