Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт “жийгдсэн” Мексикчүүд Хятадын автомашины үйлдвэрийг байгуулахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-тай харилцаа муудаж байгаа энэ үетэй зэрэгцэн Мексикчүүд өөрийн төвийн бүсийн Идалго мужид Хятадын автомашин угсралтын үйлдвэр байгуулах $212 саяын гэрээнд гарын үсэг зуржээ.

Мексикийн Giant Motors Latinamerica, Хятадын төрийн өмчийн JAC Motors компаниуд энэхүү гэрээг байгуулсан тухай Идалго мужийн захирагч Омар Файад өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

Мехико хотоос зүүн хойд зүгт 65 км зайнд байрлах үйлдвэрт хоёр төрлийн SUV ангиллын автомашин үйлдвэрлэх ба эхний бүтээгдэхүүнээ энэ оны сүүлээр үйлдвэрээс гаргах гэнэ.

Эхний ээлжинд жилд 11,000 автомашин гаргах бол цаашдаа 40,000-д хүргэх төлөвлөгөөтэй байгааг Омар Файад мэдээлжээ.

Мөн шууд 1,000 ажлын байр, шууд бус 4,500 ажлын байр бий болгох аж.

Эхлээд Мексикийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, цаашдаа Латин Америк даяар борлуулах юм байна.

“Made in Mexico” бичигтэй үйлдвэрлэгдэх шинэ машин нь Идалго мужийн бахархал байх болно хэмээн Файад ярьжээ.

Экспортын 80 хувиа АНУ-д гаргадаг Мексикчүүд ийнхүү нэг зах зээлээс хэт хамааралтай байдлаа өөрчлөх алхам хийж эхэлсэн байна. Файад захирагч Мексик улс цаашдаа зөвхөн Хятадаар зогсохгүй, Латин Америкийн орнууд, Ази, Европ, Ойрхи Дорнодтой худалдаагаа эрчимжүүлэх тухай энэ үеэр ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post