Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2017.02.01/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Эрүүгийн хэрэг шалгах, шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан байна. Тухайлбал, сэжигтнийг баривчилж цагдан хорих хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгохоор төсөлд тусгажээ. ШШГЕГ-ын судалгаагаар 2014 онд 1,863 хүнийг баривчилснаас 650 хүнийг 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас  суллажээ. Харин  913 хүнийг 14 хоног хорьсон ч, тэднээс 300 хүнийг нь л яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорьсон байна.

Гэм буруугаа сайн дураар хүлээсэн, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хэргийн талаар ямар нэг маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй гэж яллагдагч үзсэн тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор төсөлд заажээ.

Өмгөөлөгчийн явуулах үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, оролцоог нэмэгдүүлэх, эд зүйл, хөрөнгийн үнэлгээний талаар гардаг маргааныг цэгцлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор тэдний дүр төрхийг халхавчлах, төхөөрөмж  ашиглан дуу, хоолойны өнгийг өөрчлөн шүүхийн танхимд заавал байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болох талаар хуулийн төсөлд тусгажээ. 

Мөн прокуророос эцэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр шүүхээс буцаадаг зохицуулалтыг халахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийг дагаж өөрчлөлт орох, шинээр боловсруулах хуулиудын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Манай улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгал зэрэг байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллага Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг хуулийн хүрээнд ажилладаг юм.

Гэвч энэ нь давхардал, хийдэл, зөрчил үүсгэж, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаагаас зөрчил шалган тогтоох болон шийтгэл ногдуулах нь харилцан адилгүй, тэнцвэргүй байдал бий болгожээ. 

Нөгөө талаар салбар бүр өөрийн онцлог нэрийн дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоон хэрэгжүүлж байгаа гажуудал ч гарсаар байна. Тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг 14 хоногт багтаан хянан шалгахаар заасан бол Өрсөлдөөний тухай хуульд 60 хоногт гэж тусгасан нь зөрчил үүсгэж байгаа юм.

Энэ бүхнээс үүдэн Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тогтоон иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаална гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс