Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн оюутнуудаас "хумсалсан" 5.8 тэрбум төгрөг хаана байна?!

Р.Саруул
2017 оны 1 сарын 31
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хамгийн том сургууль гэгддэг МУИС-д хууль хяналтын байгууллага болон Аудитын газраас шалгалт хийх цаг нь болжээ. Учир нь тус сургуулийн оюутнууд жил бүр бакалаврын оюутны 224 мянган төгрөг, ахисан түвшний оюутан суралцагсад 336 мянган төгрөгийн суурь хураамж төлдөг.

Гэтэл тус сургуулийн удирдлагууд дээрх мөнгийг юунд зарцуулдаг талаараа тайлагналгүй өдийг хүрчээ. Уг нь өнгөрсөн 2015 онд Үндэсний аудитын газраас шалгалт хийхдээ дээрх мөнгийг авах нь хууль бус хэмээн үзэж, тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнийг 5.8 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан гэдгийг нь тогтоосон байдаг.

Угтаа бол дээрх мөнгийг улсаас өгөх ёстой гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан гэсэн үг. Гэтэл хянаж шалгаж тогтоодог байгууллага нь хууль бусаар мөнгө аваад байна хэмээн акт торгууль бичсээр байхад яагаад тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ хууль зөрчин одоог хүртэл энэ мөнгийг авсаар байна вэ.

Юутай ч сургуулийн удирдлагууд энэхүү байдлаа нууж хаацайлахын тулд оюутнуудад дараах мэдээллийг хийсэн байх юм. Сургалтын суурь төлбөр нь оюутны сурах үйл ажиллагааг дэмждэг үйлчилгээний дараах зардлыг санхүүжүүлдэг гэнэ.

Тодруулбал, МУИС-ийн эрдмийн хамт олон багш профессор, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнуудад үзүүлдэг төвлөрсөн үйлчилгээ, номын сан, ном бүрдүүлэлт, олон улсын сэтгүүлийн онлайн эрх, номын сан болон оюутны бие даах төвийн ажилтны цалин хөлс, мэдээлэл, программ хангамж, сургалтын үйл ажиллагаатай холбогдсон нэгдсэн үйлчилгээ, сургалтын нэгдсэн алба болон захиргаа, удирдлагын зардлын тодорхой хувь, оюутны байгууллага, клубийн зардал сургалтын орчинг сайжруулах, хангамж үйлчилгээний алба, үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардал, МУИС-ийн хөрөнгөөр хийж буй барилга байгууламж, оюутны болоод хичээлийн анги тэнхимийн их ба урсгал засвар, сурах орчны тохижилт, сургалт, судалгаа болоод бусад тоног төхөөрөмж ТЭХ-ын элэгдэл, оюутны мэдээллийн үйлчилгээ, оюутны гарын авлага, холбогдох мэдээлэл, мэдээлэл технологийн албаны ажилтнуудын цалин хөлс, үйл ажиллагааны төсөв, сургалтын “Си Си” системийн үйл ажиллагаа, програм хөгжүүлэлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулдаг гэнэ.

Сургалтын суурь төлбөрийн талаар тус сургуулийн оюутнуудын үзэл бодол болон юунд хэрхэн зарцуулдаг талаар тодруулахад, “Тухайн жилдээ суралцсан ч, жилийн чөлөө авсан ч сургалтын суурь хураамж заавал төлдөг.

Тэр мөнгөө ус, цахилгаан, интернет, цэвэрлэгээний бодис авахад зарцуулдаг л гэсэн. Сургалтын албаны ажилчдаас хичээл сонголт гэх мэт зүйл асуухад цааргалаад харилцааны соёлгүй хүнд сурталтай байдаг болохоор суурь хураамжийн зарцуулалтын талаар асууж лавлая гэж бодож ч үзээгүй” гэх хариулт өгч байв. Ингээд энэ талаар МУИС-ийн Оюутны холбоо Конгрессийн тэргүүн Б.Хосбаатартай холбогдлоо.

Б.Хосбаатар: Өнгөрсөн жил суурь хураамж гэж оюутнуудаас 5.8 тэрбум төгрөгийг авсан

Тэрбээр “Суурь хураамжийг авах нь буруу юмаа гэдэг дээр олон оюутан санал нийлж гарын үсэг зурсан. Таван жил өглөө, одоо өгч чадахгүй эсэргүүцэж дуугарч тэмцэж эхэлсэн оюутнууд. Үнэндээ оюутнууд эхний хоёр жил ойлгосон. Гэвч таван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлангаа өгчих гэхээр өгдөггүй.

Өндөр төлбөр төлснийхөө хариуд өндөр боловсрол авч байвал бид дуугарахгүй ээ. Гэтэл өнөөдөр номын сангаа ч ашиглалтад оруулж чадаагүй байна. Энэ хугацаанд юу ч хийгээгүй нь үнэн. Өнгөрсөн жил суурь хураамжийн мөнгө гэж оюутнуудаас 5.8 тэрбум төгрөгийг авсан. Таван жилд гэхээр 20-30 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө юунд зарцуулагдсан бэ гэхээр захиргаа болон хангамж үйлчилгээний зардал, номын бүрдүүлэлт гэж тайлбарладаг.

Гэвч бодит байдал дээр худлаа. Би дөрвөн жил нэг ангидаа суулаа. Гэвч энэ мөнгийг улсаас өгөх ёстой гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан. Хууль бус мөнгө гэдгийг тогтоосон байхад авсаар байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

Тэгтэл алдаагаа хүлээхгүй, суурь хураамжийн мөнгийг зогсоохгүй байгаа болохоор сургуультай тэмцэх нь зөв. Одоо захирал нь солигдох болохоор гадагшаа дотогшоо их аялж, аялуулж явуулаад байна. Хийсэн ажлынх нь үр дүнг харахаар олон улсын сургалт зохион байгууллаа, харилцаа тогтлоо гэх мэт.

Сургуульд болоод оюутнуудад ямар ч хүртээмж наалдац байхгүй. Тиймээс өөрсдийнхөө төлөө дуугарч, бусад оюутнуудаа уриалж байна гэлээ. Уг нь сургуулийн удирдлагууд оюутнуудаас авч буй эл мөнгийг оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулах ёстой. Гэтэл хууль бусаар авч байгаа энэ их мөнгийг юунд яаж зарцуулсан талаарх баримтаа нууцалж байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.

Энэ мэтээс харахад МУИС-ийн удирдлагууд боловсон маягийн луйвар хийгээд дадчихжээ гэж хэлж болохоор байна. Өнгөрсөн он жилүүдэд хандивын анги гэж нээчихээд, элсэхийг хүсэгчдэд зөвхөн мөнгөний босго тавьдаг асуудал нь хууль хяналтынхны анхаарлыг татаж эхэлсэн. Тэгвэл энэ удаад хууль бус хураамж авдаг гэдгийг нь Үндэсний аудитын газраас тогтоочихоод байхад Р.Бат-Эрдэнэ захирал энэ бүхнийг огоорч гадаад дотоод тансаглалдаа оюутнуудын мөнгийг хэрэглэж байгаа нь зүйд нийцэх үү гэдэг асуулт байна.

Юутай ч удахгүй ажлаа өгөхөөр зэхэж буй Р.Бат-Эрдэнэ захиралтай холбоотой хууль бус үйлдлийн талаар дараагийн дугаартаа хүргэх болно.

Зураг