Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай анхаарал шаарддаг тэдэнд зориулсан ОНЦГОЙ МУУ ОРЧИН

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

- Өдрийн сурвалжлага -

Хичээлийн дундуур хүүхдүүдийг эмчилгээний өрөө рүү нэг, нэгээр нь ээлжлэн авч явна. 

Өрөөний голд тусгай сандалд сууж байсан охиныг авч явахад зэрэгцэн сууж байсан хүү ганцаараа үлдсэндээ ч тэр үү гэнэтхэн уйлж багш нь түүнийг аргадан энхрийлж, тайтгарууллаа. 

Энэ бол Монголдоо ганц гэх тодотголтой “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор” –ийн нийтлэг дүр зураг юм. 

Цэцэрлэгийн хаалгаар ороход л сонсогддог хүүхдийн цангинасан инээд, дуу шуугиан энд алга. Нам гүм. Зөвхөн хүүхэд уйлах чимээ л гарна. 

Сүүдэртэн харлах гэгээ муутай, нарийн хонгилын үзүүрийн зүүн талд хоёр анги, баруун талд дээш өгссөн шат байх ажээ. Дээд давхарт мөн л ижил байрлалтай хоёр анги байх ба нэг нь эмчилгээний өрөө юм байна.

Ангиуд руу орвол гаднаасаа харагдаж байгаагаас огт өөр. Багш нар ангийн хаалга болон ханаа үлгэрийн баатар, амьтдын зургаар чимэглэж, төрөл бүрийн зураг, бяцхан ном, зурагт үзүүлэн зэргийг зэрэгцүүлэн наажээ. 

Тус цэцэрлэг нийт 120 хүүхэд хүлээн авдаг бөгөөд бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай.  

Байр, савны хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн гурван ангид хүмүүжиж байгаа нь энэ.  

40 хүүхэд хоёр ахлах, дөрвөн туслах багшийн хамт цэцэрлэгийн өрөө ямар хэмжээтэй байдаг тэр л жижигхээн өрөөнд хичээллэдэг ч сурагчдын амралт болж байгаа болохоор ах, эгчтэй хүүхдүүд ирэхгүй байгаа гээд ангиуд хүүхэд цөөтэй байлаа. Энэ нь багш нарт шавь нартайгаа илүү тулж ажиллах боломж олгож байгаа гэнэ. Тэдний ихэнх нь аливаа зүйлийг бие даан хийж чадахгүй учир багш нарын ажил нь ер дундрахгүй, нэг нь дуусаад л нөгөө нь үргэлжлэх аж. 

Хүүхдүүдийн байдаг хэсэгт халдаг гудас зэрэгцүүлэн тавьж халаажээ. Гадаа хүйтэн байгаагаас ч тэр үү ангиуд ерөнхийдөө сэрүүхэн юм. Ноосон өмд, цамц давхарлан өмссөн би хүртэл даарч байна.  

Өглөөний 09 цаг өнгөрлөө. Дунд бүлгийнхний байрлах анги руу орвол нэг багш хэсэг хүүхдийг ширээ тойруулан суулгаж, тэдэнд хувцсаа хэрхэн эвхэхийг болоод эд зүйлийн нэрийг заан нэрлүүлж, зөв хийж байгааг нь магтан урамшуулна. Хүүхдүүд ч хичээлдээ дуртай, идэвхтэй оролцож байна. Хэсэг хугацааны дараа тэдний идэвх суларч, өөр зүйлд анхаараад эхлэхэд багш “Одоо аргагүй дээ, эдний маань анхаарал төвлөрөх хугацаа 15 минут л байдаг юм” гэлээ. 

10 цаг өнгөрч хүүхдүүдийг сэргээхийн тулд дуу хөгжмийн хичээл оров. Бүгд л хичээлдээ дуртай юм. Дуундаа тохирсон хөдөлгөөнүүд хийж, дараагийнхаа дуулах дууны нэрийг уралдан хэлээд л. Энэ хичээл их л хөгжилтэй явагддаг юм байна. 

Хүүхдүүдийг өөрийн юм шиг хайрлан энхрийлж, үнсэж, өхөөрдөн эрхлүүлэх багш нарын халуун дулаан харцнаас хайр мэдрэгдэнэ. 

Төд удалгүй хүүхдүүдийн цайны цаг болж өөрөө хооллож чаддаг хүүхдүүдийг ширээнд суулгаж, чадахгүйг нь багш нар нэг нэгээр нь тэврэн хооллосоор цайны цаг дуусч, хүүхдүүд үүрэглээд эхлэв. Унтах цаг болжээ. 

Арав гаруйхан хүүхэд ирсэн байхад тэднийг зэрэгцүүлэн унтуулаад л анги дүүрчих юм. Гэтэл 40 хүүхэд бүгд байсан бол яаж багтах вэ? Үүнээс гадна хүүхдүүдэд ганцаарчилсан хэл болон хөдөлгөөн заслын сургалт явуулах, бүр мөлхүүлэх ч зай талбай энд алга.

Улсын хэмжээнд ганцхан бий гэх “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор” дөрөвхөн өрөөнд байрлаад дөрөв дэх өвлөө үдэж буй нь энэ юм.  

Ийнхүү зай талбай гэхээр юмгүй цэцэрлэгийн байшингийн жижигхэн хэсэгт  120 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулах болсон нь 2013 оны хавар тус цэцэрлэгийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн нурааснаас болсон билээ.

Илүү онцгой орчин, халамж шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдийг улсын стандартаас тав дахин бага орчинд асарч, хүмүүжүүлж байна
 

Гэтэл өнөөг хүртэл төсөв мөнгөний асуудал нь шийдэгдэхгүй байсаар л... 

Энэ талаар багш нар “Манайх зай талбай багатай, олон хүүхэдтэй болохоор тэдэнд оногдох талбай бага, агаар муу байгаа нь учир дутагдалтай. Тэглээ гээд хүүхдүүдээ хасалтай биш дээ. Олон багштай ч гэсэн хүүхэд бүр бусдын тусламж авдаг учраас нэг багшид ногдох хүүхдийн тоо ч их байдаг. Уг нь тусгай цэцэрлэгүүд нэг ангидаа 8-12 хүүхэдтэй байх ёстой ч бид олон хүүхэд хамруулах үүднээс 20 хүүхэд авдаг. Гэвч анги танхимын хүрэлцээ муу байгаагаас нэг ангид хоёр анги хамт хичээллэж байна” хэмээн ярисан юм. 

Өөрөөр хэлбэл илүү онцгой орчин, халамж шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдийг улсын стандартаас тав дахин бага орчинд асарч, хүмүүжүүлж байна. 

Улаанбаатар хотод маань хүйтний улиралд агаарын бохирдол маш их байдгаас цонх онгойлгож агаар оруулах арга байхгүйг хүн бүр мэднэ. Гэтэл энд жижигхэн өрөөнд олуулаа байдгаас агаар муутай байгаа ч агаар цэвэршүүлэгч төхөөрөмж ч байдаггүй юм байна. 

Өдрийн 12 цаг өнгөрч зарим хүүхэд хажуудаа хүн байлгаж, зарим нь бүр заавал “өөрийнхөө” багшийг хажуудаа байлгаж унтах аж. Ингээд өхөөрдөм бяцхан үрсээ унтуулсны дараа багш нар “Хүүхэд ихтэй үед цай уух ч зав гардаггүй. Харин өнөөдөр цөөхүүлээ байгаа болохоор ачаалал багатай байна. Үүнийг ашиглаад завсар чөлөөгөөр нь сургалтандаа ашиглах материал бэлдээд авна аа” хэмээн ярьцгаана. 

Ингээд л зурж, хайчлах, наах ажилдаа ханцуй шамлан орж хэсэгхэн хугацаанд олон зүйлийг хийж амжлаа. Ингэхдээ олон зураг зурж, будан хүүхэд бүрийн тоогоор гутлын мөрийг өнгийн цаасан дээр буулган хайчилж, хээгээр гоёод бичгийн цаасан дээр зэрэгцүүлэн нааж, мөн гоёмсог цэцэгс болоод ваар зурж, ламинатордлаа. 

Гутлын мөрийг хүүхдүүдийг гутлаа зөв цэгцтэй тавьж сургахад, харин ваартай цэцэгсийг гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгалд ашиглах гэнэ. Цэцгийн ваарнаас өнгө өнгийн үдээснүүд салбарлуулан хайчилж бэлдсэн алаг цэцэгсийг ламинатордан нүхэлж, хүүхдүүдээр сүвлүүлдэг ажээ. 

 

Жирийн цэцэрлэгт ороход өнгө өнгийн тоглоомууд өрөө дүүрэн өрөөстэй байдаг бол энд ангиуд тусгай зориулалтын модон сандлууд өржээ. Харин жижигхэн модон тавиур дээр тоотой хэдэн тоглоом тависан байна.  

14 цаг өнгөрч хүүхдүүд сэрж эхэллээ. Сэрсэн хүүхдүүд уйлж эсвэл чанга орилж эсвэл инээгээд бусдыгаа сэрээчих гээд байх юм. Харин багш нар “Чимээгүй байгаарай, найзуудыгаа сэрээх нь байна шүү дээ” хэмээн аргадна. Ингэсээр бүгд сэрж, хоолны цаг ч боллоо. 

Энд багшийн үүрэг маш их ажээ. Хүүхдүүдийг нэг нэгээр нь хувцаслаж, үсийг нь самнаж, бие засуулж, живхийг нь сольж, хооллохоос эхлээд ажил ихтэй учир багш нар амсхийх ч завгүй. Мөн гараа өргөөрэй, энийг аваарай, тэрийг аваарай гэх мэтээр хүүхдүүдийг аль болох хөдөлгөөн хийхийг ятгана. Өнгө, дүрс нэрлүүлж, тоо тоолуулна. 

Хүүхдүүд “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн кинонд их дуртай гэнэ. Хоолоо идэж байхдаа л “Маша, Маша” гэж орилсоор хоолны дараа хүүхэлдэйн кино үзэхээр болов. 

Кино үзэх хооронд зарим нь үлгэр уншуулж, номон дээр гарч байгаа зургуудыг нэрлэнэ. Ингэсээр тарах цаг ч болж, эцэг, эхчүүд хүүхдээ авч эхэллээ.

Зарим аав, ээжтэй ярилцвал “Цэцэрлэгийн барилгын төсвийг хурдан шийдэж өгч, ашиглалтанд оруулах тал дээр анхаармаар юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэг барих таван тэрбум ч хүрэхгүй мөнгийг төсөвлөх сэтгэл энэ төр засгийнханд алга” хэмээн халаглана. 
Хэзээ энэ хүүхдүүд шинэ байранд орж, чөлөөтэй тоглох, мөлхөх, эмчилгээгээ тухтай хийлгэх талбайтай болох бол.

Ер нь цэцэрлэгийн хувьд үйлчилгээ сайтай, багш нар сайн ажилладаг нь анги бүрт тодхон харагдана. Гэвч нэг ангид олон хүүхэд байгаагаас нэг хүүхдэд оногдох талбай маш бага юм. Энэ нь багшид ч, хүүхдүүдэд ч аль алинд хэцүү байх ба тэдэнд саруулхан, чөлөөтэй анги танхим хэрэгтэй аж. Эдгээр хүүхдэд шаардлагатай шинэ цэцэрлэгийн байрны асуудал ямар шатандаа явааг бид дараагийн сурвалжлагараа хүргэх болно. 

Цаг ч 18:00 цаг болжээ. Хамгийн сүүлд өнөө найзыгаа явчихлаа гэж уйлаад байдаг хүүг ээж нь ирж авсанаар энэ цэцэрлэгийн нэг өдөр дууслаа.