Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Зургаанжин: Шүүх хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Бүрэн цутгамал” ХХК-иас өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Бид мэдээллийн дагуу “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингаас тодрууллаа.


-Барилгын ажлын гэрээг анх хэн цуцалсан юм бэ?

-2013 оны аравдугаар сард “Бүрэн цутгамал” ХХК гэрээгээ цуцалснаа албан бичгээр мэдэгдэж ажлын байраа хаяж явсан. Энэ тохиолдол анхных биш. 2013 оны наймдугаар сард бас ажлын байрыг дураараа хаяж өөр барилга дээр ажиллаж байгаад буцаж ирсэн.

-“Бүрэн цутгамал” ХХК-иас танай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ч төлбөрөө бүрэн авч чадаагүй гэж хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

-Бид төлбөрөө бүрэн гүйцэд барагдуулсан. Нийт 1.2 тэрбум төгрөгийг “Бүрэн цутгамал” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Харин “Бүрэн цутгамал” ХХК мөнгөө бүрэн авсан боловч ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй хаяж явсан.

-“Бүрэн цутгамал” ХХК барилгын ажлын 85 хувийг гүйцэтгэсэн гэж мэдээлсэн. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд “Бүрэн цутгамал” ХХК-иас өөр ямар ямар компаниуд оролцсон бэ. Тэдний төлбөр мөнгийг бүрэн гүйцэд төлсөн үү?

-Манай сургуулийн өргөтгөлийн барилгад энэ компаниас гадна “Голомт констракшн” ХХК, “Явуу импекс” ХХК, “Монхорус Электрик” ХХК, “Универсум” ХХК компаниуд ажилласан. Эдгээр компанийн аль нь ч гомдол гаргаагүй, төлбөр мөнгийг нь бүрэн төлсөн. Нэг компани дангаараа 85 хувийг гүйцэтгэсэн байх боломжгүй.

"Бүрэн цутгамал" ХХК нийт ажлын хэдэн хувийг гүйцэтгэснийг шүүхээр тодруулахаар иргэний хэрэг үүссэн боловч тус компанийн захирал Б.Батдэлгэр шүүх хурлыг элдэв шалтгаар хоёр жилийн хугацаанд хойшлуулж, хэрэг хэлэлцэх хурлаар нэхэмжлэлээ өөрөө татаад авчихсан.

-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хэзээ хүлээж авсан бэ?

-Сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016 оны наймдугаар сарын 24-ний Лхагва гарагт улсын комисс ажиллаж хүлээж авсан. Нийт 20 орчим мэргэжлийн хүмүүс ирж, барилга байгууламж, бичиг баримттай танилцаад дүгнэлтээ гаргасан. Энэ бол хууль ёсны хүчин төгөлдөр акт юм.

-Хоёр байгууллагын гэрээний маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байхад яагаад улсын комисстой холбогдчихов?

-“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр улсыг комиссын актыг хүчингүй болгож, сургуулийн хүүхдүүдийн барилгыг битүүмжилж, хэргийн хохирогч талыг дарамтанд оруулж, манай нэхэмжлэлийг татаж авхуулахаар улайрч байна гэж бид үзэж байна.

-Танай сургууль гомдлоо шийдүүлэхээр хаана хандсан байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. 

"Бүрэн цутгамал" ХХК-иас болж бид цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүйн маш их хохирол амслаа. Шүүхийн шийдвэр гарахаар үнэхээр хэн нь хэнийгээ хохироосон бэ гэдэг тодорхой болно. Шүүх хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.