Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүд 7 тэрбумаар үнэлэгдсэн байраа нэхлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос АН-ын дарга асан Н.Алтанхуягаас “Ардчиллын өргөө” буюу тус намын байрыг нэхэн шаардаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Одоогоос найман жилийн өмнө буюу 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намын мянга мянган гишүүн оролцон “Ардчиллын өргөө”-нийхөө шавыг тавьж байсан.

Харин Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш тус нам өөрийн байргүй болж, Шинэ дэвшил холбооны байрыг түрээслэн суух болжээ.

Энэ талаар Монголын ардчилсан холбооны гишүүн О.Цоодол “Өнөөдөр Ардчилсан Нам үндэсний хэмжээний том нам гэхэд өөрийн гэсэн байргүй байна.

Ардчилалыг хамгаалах үндэсний хэмжээний том нам юм бол өнөөдөр яагаад орох оронгүй явж байгаа нь партизанууд бидний сэтгэлийг үнэхээр зовоож байна.

Тухайн үед Н.Алтанхуяг “Ардчилсан Намын байр ард түмний өргөө байх болно. Бид 2012 оны сонгуулиас өмнө "Ардчиллын өргөө"-гөө сүндэрлүүлэх болно” хэмээн амлаж байсныг одоо ч АН-ын 180 мянган гишүүн тодхон санаж байгаа. Тэр цагаас хойш найман он хоёр сонгууль өнгөрлөө. Гэвч Н.Аптанхуягийн амлалт биелсэнгүй.

Соёлын Төв Өргөөний хүзүүвчин дэх байр болон 3,350 м2 газрын гэрчилгээ АН-ын мэдэлд байхаа больж нэр бүхий арилжааны банк худалдан авсан тухай гэрээ, баримт дэлгэгдлээ.

Байрны газрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр бидэнд байр ч байхгүй, мөнгө ч байхгүй, газар ч байхгүй ийм асуудал байна. Тиймээс Н.Алтанхуягаас АН-ын даргын санал хураалт болохоос өмнө 180,000 гишүүдийн нэрийн өмнөөс “Ардчилалын өргөө”-өө нэхэж байна.

Асуудал үүгээр дуусахгүй. Үүнээс гадна намын идэвхтэн гишүүдийн “Ардчиллын өргөө”-нд өргөсөн хандивын мөнгө хаачсаныг тайлагнахыг Н.Алтанхуягаас хүсч байна.

Хандивын алтан, мөнгөн тоосго 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, жирийн гишүүд, дэмжигчид 10, 20, 50, 100 мянган төгрөгөөс эхлээд хандиваа харамгүй өргөснийг хувьдаа завшсан байвал АН-ын гишүүд Н.Алтанхуяг болоод бусад холбогдох хүмүүсээс ял асууж, шүүхэд хандах болно” гэлээ.

2013 оны аравдугаар сарын 4-ний өдөр тухайн үеийн АН-ын удирдлагууд долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө авах заалт бүхий гэрээнд нууцын зэрэглэл тогтоон гарын үсэг зурсан байна.

Н.Алтанхуяг энэ болчимгүй үйлдлээ залруулж, АН болон тус намын 180 мянган гишүүнээс уучлал гуйхын зэрэгцээ учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.