Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд Хааны хэрэглэж байсан даалинг 4 дахин томсгон урлаж, ГИННЕСИЙН НОМОНД бүртгүүлнэ"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол уран хатгамал, даалин урлалыг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажлын эхлэл “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт 2017 оны нэгдүгээр сарын 27-ны 11:00 цагт Богд хааны ордон музейд болно.

“Эгнэшгүй санаа” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Ганцэцэг “Бид монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх материалыг 2010 онд явуулсан байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүнийг түргэвчлэхийн тулд Гиннесийн номонд нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд уг үйл ажиллагааны эхлэл болгон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүндэтгэлийн даалинг урлах ажлыг эхлүүлэх юм.

Бид Гиннесийн номонд Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгосон буюу 225 см урттай 88 см өргөнтэй хамгийн том хамгийн олон хүн зэрэг учиг шингээн урласан гэсэн төрлөөр бүртгүүлэх юм” хэмээн тайлбарлалаа.


Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд Хааны Ордон Музейн ховор нандин үзмэрүүд дэлгэгдэх юм байна.

Энэ талаар Богд Хааны Ордон Музейн захирал О.Мэндсайхан “Монголын уран хатгамал Монголын ард түмний гар урлал бол гайхамшигтай зүйл юм.

Түүхийн археологийн олдворуудыг харахад Монголчуудын нүүдэлчин ахуй соёлтой холбогдон оёдол хатгамал гайхалтай хөгжиж ирсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үзэсгэлэнгийн явцад орчин үед хатгамалын урлал, урлаачдын бүтээлүүдээс гадна музейд хадгалагдаж байгаа бүтээлүүд олны хүртээл болно.

Өөрөөр хэлбэл 100 гаруй жилийн өмнө хийж байсан урлалын бүтээлүүдийг орчин үед хэрхэн хийж байгааг зэрэгцүүлэн харах боломжийг олгоно гэсэн үг” гэлээ.

Монгол уран хатгамал нь XIX зуунд нүүдэлчдийн амьдралын өдөр тутмын хэрэглээнээс хальж, урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэж судлаачид үзэж байна.

Тухайлбал монгол зүү ороох оёдол нь чулуун зэвсгийн үед үүссэн байх магадлалтай бөгөөд “Хүннүгийн язгууртны цогцолбор” археологийн олдворуудад уул, ус, үүлэн хээгээр чимэглэсэн, уран нарийн хийцтэй хатгамал, ширмэл, нэхмэл эдлэлүүд байдаг бөгөөд тэдгээрийн дундаас зүү ороож хатгасан торгоны тасархай судлаачдын сонирхлыг хамгийн их татдаг байна.

Энэ нь монгол зүү ороох оёдол өнө эртний түүхтэй, нүүдэлчдийн өв соёлын салшгүй нэг хэсэг байсныг гэрчилж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn