Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан намын тавьсан таван сум

З.Боргилмаа
2017 оны 1 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Өнөөдөр Ардчилсан нам юуны төлөө тэмцэх шаардлагатай болсон бэ, яагаад өөрөө өөрийгөө шинэчлэх тухай ярихад хүрсэн бэ гэдгийг тодорхойлох нь “сунгаанд хэн нь ялах вэ” гэдгийг шийдвэрлэх гол зангилаа нь байх болов уу. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг чухам энэ өнцгөөс харах гээд үзье- 

Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд нэр дэвшин өрсөлдөж буй таван эрхмийн ХЭН нь чухам ялах бол гэдэг асуултад таамгаар ч болов хариу хэлэх бололцоо хараахан бүрдээгүй байна. Нэр дэвшигч нэг бүрийн штабаас нийтэд цацаж буй мэдээллээр бол “санал асуулгын дүнд өөрийнх нь нэр дэвшигч ялж яваа”-г харуулсан инфографикуудыг sponsored хэлбэрээр сошиалд тарж байна. Юутай ч сунгааны хугацаанд таван нэр дэвшигч маань тус бүр нэг удаа санал асуулгаар тэргүүлж амжих бололтой. 

Харин жинхэнэ дүн хэрхэн яаж, хэний талд гарах вэ? Энэ асуултын хариулт зүй нь Ардчилсан намын гишүүд юуг хүсч, шаардаж байна вэ гэдэг эрэлт, хэрэгцээнд үндэслэн гарах учиртай ч тэдгээр мэргэн гишүүдийн хүсэл, захиалгыг лав л нэр дэвшигчидтэй хийж буй уулзалтын өнгө аясаас ургуулан тодорхойлох бололцоо тааруухан харагдсан.

Учир нь өөр хоорондоо үүх түүх, үг хэл, үзэл бодол ялгаатай, тэр тусмаа зарим зүйл дээр эрс тэс ялгаатайгаа илтэд илэрхийлэх нэр дэвшигч бүрийн илтгэлийн дараа танхим тэр чигтээ нижигнэтэл алга ташиж байна. Хэнийг яагаад, ямар учраас илүү, эсвэл дутуу дэмжиж байгаа нь ойлгомжгүй ч тэдний нийтлэг хүсэл, захиалга нь ТЭМЦЭЛ гэж хэлэхэд болохоор ч юм шиг. 

Ардчилсан нам үүсэн бүрэлдэх анхны шалтгаан нь тухайн цаг үе, нийгмээ сөрж тэмцэх, нарийндаа бол дарангуйллыг тогтоон барьж байсан 90 гаруй жилийн түүхт МАХН /МАН/-тай тэмцэхэд оршиж байсан.Үүнээс хойш ч ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг эрхэмлэсэн иргэн төвт нийгмийг байгуулахын төлөө тэмцсээр ирсэн ч өдгөө үүнийгээ мартсан.

Тийм боловч бүхий л утгаараа тус намын мөн чанар нь “тэмцэл” болж төлөвшсөн гэдгийг ч гишүүд, нэр дэвшигчдийн уулзалтууд мэдрүүлж байх шиг. Тэгвэл өнөөдөр Ардчилсан нам юуны төлөө тэмцэх шаардлагатай болсон бэ, яагаад өөрөө өөрийгөө шинэчлэх тухай ярихад хүрсэн бэ гэдгийг тодорхойлох нь “сунгаанд хэн нь ялах вэ” гэдгийг шийдвэрлэх гол зангилаа нь байх болов уу. Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг чухам энэ өнцгөөс харах гээд үзье.

Нэр дэвшигчдийг УИХ доторх ба гаднах гэж ерөнхий байдлаар хувааж болно. Гэхдээ бүгд “нам дотроо” байгаа учраас энэ ангилал төдийлөн чухал биш байж магадгүй. 

АН-ын дарга асан Н.Алтанхуяг 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр найман жил шахам буюу УИХ-ын хоёр ч сонгуулийн хугацааг дамнуулан Ардчилсан намын даргаар ажилласнаараа энэ намын түүхэнд бичигдэн үлдэнэ. Түүнээс өмнө ямар ч дарга Н.Алтанхуяг шиг ийм урт хугацаанд Ардчилсан намын даргаар ажиллаж байгаагүй юм.

Чухам цаг хугацааны ямархуу нөхцөлт хүчин зүйлс, тохироо, хувь чадвар нь түүнийг энэ албан тушаалд төдий хугацаагаар дархалсныг тоочно гэвэл чамгүй олон зүйлийг энд бичих болно. Хамгийн гол нь Н.Алтанхуяг тэдгээр нөхцөлт хүчин зүйлсийн үр дүн дээр нэгэн далд “механизм”-ыг бий болгож, түүнийг өөрийнхөө тулд, бас тодорхой хэсгийг нь намынхаа эрх ашгийн төлөө амжилттай ажиллуулж, ашиглаж чадсан юм. 

Тэрбээр 2008 онд АН-ын даргын тамгыг Ц.Элбэгдоржоос хүлээн авснаасаа хойш энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, ҮЗХ, ГЗ-д аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцын хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн.

Эцэст нь хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн “Шонхор” /үүний цаана МоАХ/ фракцын хүчийг намын шат шатны шийдвэр гаргах түвшинд өөрийн “Алтангадас”-ынхтай эн тэнцүүлснээр Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны, бараг л “биологийн” гэж хэлж болох үйл явцуудыг хааж чадсан юм.

Үр дагаварт нь Ардчилсан нам гаднаа бол тогтвортой, эрх барьж буй хүчний хувь засгийн ажил хийгээд завгүй байгаа мэт харагдаж байсан ч намын бүхий л ажил, асуудал, эрх мэдлийн хуваарилалт жинхэнэ утгаараа фракцуудын тохироогоор шийдэгдэх нөхцөл бүрдсэн. Үүний хүчинд тэрбээр намын даргын суудлыг хангалттай урт хугацаанд эзэмшсэн боловч Ардчилсан нам нэг талаараа хожиж, нөгөө талаараа хожигдоход хүрсэн.

Тэрбээр энэ утгаараа яах аргагүй АН-ын ялалт, уналтын алдар гавьяа, ял зэмийг эн тэнцүү үүрэх учиртай улстөрч байж таарна. Хоёр талтай, хорлонтой хэлье гэвэл хоёр үзүүртэй зүү шиг болсон Н.Алтанхуяг “намаа шинэчлэх салхийг түүчээлнэ” хэмээн сунгаанд давхиж яваа нь сонголт хийх үүрэгтэй гишүүдэд ч салаа утга үүсгэж буй.

Өрсөлдөгчгүйгээр өчнөөн жил намын дарга хийсэн түүнд өдгөө өрсөлдөн байж намын даргад санаархах зорилго баймгүй мэт. Анх 2008 онд АН-ын даргын тамгыг Ц.Элбэгдоржоос хүлээн авахдаа дараагийн удаад түүний гараас дахиад өөр юу ч хүлээн авч мэднэ хэмээн бодож байсан ч юм билүү. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг мэдэгдлийг нэгэнт хийчихсэн түүнд намын даргын сунгаанаас нэрээ татах тооцоо бий гэж ажиглагчид хэлж байгаа нь гэнэн таамаг биш байх.

Экс генсек Д.Эрдэнэбат 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан нам дотор хашиж байсан албан тушаалын эрэмбээр нэр жагсаавал Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийн араас бичигдэхээрээ бусад нэр дэвшигчдээс ялгаатай. Н.Алтанхуяг АН-ын дарга болсон 2008 онд тэрбээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн энэ үеэс хойш тэрбээр Ардчилсан намтай хамт ордны улстөрийн халуун тогооноос гараагүй яваа гэхэд болно.

УИХ-ын ээлжит 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар парламентын гишүүн болж, АН-ын бүлгийн даргаар ажилласан. Ингэхдээ намын нарийн бичгийн даргын ажлаа шилжүүлэн өгсөн бөгөөд 2014 оны сүүлээр Н.Алтанхуягийн танхим огцорч, Ч.Сайханбилэгийн засаг бүрдэхэд Аж үйлдвэрийн сайдаар томилогдон улмаар АН-ын бүлгийн даргын ажлаа шилжүүлсэн.

Сүүлийн 2016 оны сонгуульд төрсөн нутаг Сэлэнгэ аймгаас сонгогчдын саналын илүүгээр гишүүнээр сонгогдсон, улмаар сонгуулийн дараагаас саяхныг хүртэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад амжсан. Түүний хувьд үүрэг гүйцэтгэгчээс жинхлэх бололцоо харагдаж, үүнийг бодитой болгох тохироо ч яригдаж явсан гэдэг.

АН-ын ҮЗХ-ны шийдвэрийг тодорхойлдог “Шонхор”, “Алтангадас” фракцынхан МҮДН буюу түүний харьяалагддаг фракцтай тохиролцож, Д.Эрдэнэбатыг даргад жинхлэхээр ярьж байсан гэсэн үг. Энэ бүтэх тохиолдолд Ерөнхийлөгчид Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ шүү гэх болзол яригдаад байсан ч нэг л өдөр МҮДН-ийнхэн Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бололтой сураг биежээд ирсэн гэдэг.

УИХ-ын сонгуульд сайн дураар нэрээ татсан Р.Амаржаргал энэ удаад хэдийн сунгаа аятай зүйл эхлүүлж, зүүн аймгууд руу хөлгийн жолоо залчихав. Ингээд алтангадасчууд Н.Алтанхуяг даргыгаа, “шонхрууд” С.Эрдэнийгээ намын даргын сунгаад Д.Эрдэнэбаттай өрсөлдүүлэн сум тавиад буй.

Сунгааны зурхай руу С.Эрдэнийг хөтөлсөн хүчин зүйл 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намыг байгуулахад анхнаас нь явсан гэдэг ялгарал түүнд бий. Нэгэн цагт, ялангуяа энэ нам гудамжны тэмцэл дунд бойжиж байх үед С.Эрдэнэгүй зүйл байгаагүй ч гэдэг. Тэр хана цохих, зам гаргах хар бор ажлыг нь гүйцэтгэж явсан партизануудын нэг. Ардчилсан намын жирийн гишүүдийн тэмцэгч чанарыг жинхэнэ утгаар хөөргөж яваа түүнийг өрсөлдөгч МАН-ынхан араас нь сэм дэмжиж буй нь ч нууц биш. Намынханд нь биш өрсөлдөгч намынханд нь С.Эрдэнэ яагаад хэрэгтэй юм бэ гэдэг уг нь тун сонин асуулт. 

Өнгөрсөн сонгуулиар сөрөг хүчин болж, арай ядан бүлэг байгуулах хэмжээний суудал авсан Ардчилсан намынхнаа тэр парламент дотор удирдах болсон юм. Өөрөөр хэлбэл, тэр өдгөө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга. Сөрөг хүчнийхээ бүлгийн даргыг сэжим бүрээр утаснаас холбож, удирдлага дороо хөдөлгөх санаархал олонход байж болох. 

Уг нь АН-ын даргын сунгаа эхлэхээс хавьгүй өмнө буюу арванхоёрдугаар сарын 6-ны намын Их хурлын өмнөхөн намын даргаар З.Энхболд хэвээрээ байгааг ҮЗХ-ноос тунхаглаад зогсохгүй “Шонхор”-ынхон намын даргад С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм. Ер нь сунгаанд хэн, хэн оролцох вэ гэдэг “тоглоом” аль фракц ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэхийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байсан.

Шоо хаяж байгаа юм шиг энэ “тоглоомын дүрэм” С.Эрдэнийг сунгааны зурхай дээр аваачсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэр үзэл санаа тунхаглагч, шинэчлэгч, сэтгэгч гэхээс илүүтэй өөрийнхөө араас бусдыг дагуулдаг, зорилго байвал түүнийхээ төлөө зохион байгуулалт хийж чаддаг харизмтай улстөрч. Өнөөдөр энэ намд Н.Алтанхуягийн үеэс яригдахаа больсон нэг сэдэв бий нь үзэл санаа, үзэл баримтлал юм. Үүнийг хайж эхэлсэн Ардчилсан намд С.Эрдэнийг дагаж бий болох үнэт зүйл юу байхыг гишүүд нь дор бүрнээ тунгааж буй байх.

Ж.Батзанданд балиашиг бий ч... 

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүний хуучин, дээлийн шинэ гэж үг бий. Түүний хувьд Ардчилсан намтай амьдрал, карьер холбосон түүх энүүхний хэрэг явдал. Иргэний хөдөлгөөний удирдагч явсан тэрбээр 2008 оны сонгуулийн дараа хуулийн байгууллагын хаалга татаж, үүнийхээ дараахан хамтарсан Засгийн газрын нэг жигүүр болоод байсан Ардчилсан намд албан ёсоор гишүүн болж ирсэн түүхтэй.

“Өргөгдөж ирсэн” хүү өдгөө эх намаа шинэчлэхээр шийдэж, шилж сонгохын тухай ярьж явааг жирийн гишүүдээс дэмжих нь ч бий, үгүй нь ч бий. Тэгэхдээ ямар ч уулзалт дээр түүнийг одоохондоо оймсоор шидлэх гишүүн гарсангүй. Шинэ, залуу үеийн төлөөлөл гэж имиж бүрдүүлж, нэг ёсондоо үүгээр түрээ барьж буй түүний байр суурийг дэмжиж, баргийн бол алга таших гишүүд олон байгаа аж.

Баримт юу өгүүлэх вэ гэхээр тэрбээр Ардчилсан намд эхлээд “ам хоргодон” ирсэн бол дараагийн удаа “албан тушаалын хуваарилалт”-д бялуу хүртсэн байдаг.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг 2014 оны аравдугаар сард унагахаар сөрөг хүчний 26 гишүүн гарын үсгээ нэгтгэчихээд байх үед Ардчилсан намынхнаас анх тэдэнтэй нийлж, гарын үсгээ өгсөн хүн бол Ж.Батзандан юм. Улмаар “урвагчид” нэмэгдсээр нийт намынхнаас нь нийт гишүүн нарыг огцруулах санал дээр кноп дарж байв.

Үүний дараа дараагийн Засгийн газрыг байгуулж, хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орох” үед Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон юм. Ардчилсан намыг төлбөрийн хэрэгсэл” болгож, МАНАН-туулсаар ирсэн буруу бүхэнтэй тэрбээр энэ бүхний эцэст тэмцэхээр шийдсэн хүн юм.

Л.Гантөмөрийн нээж, бас хааж чадах хаалга 

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан нам “хаалгаа түгжихээс” өмнө амжиж орсон одоогоор энэ нам доторх хамгийн залуу үеийн төлөөлөл нь Л.Гантөмөр болох байх. Түүний дараагийн үе дотоод ротацийн сонгууль царцахтай зэрэгцээд хэн нэг даргын цүнх барьсан чигтээ өтөлж яваа. Энэ сунгаанд түүнийг дэмжиж буй нам доторх гол цөм нь арван жил цүнх барьсан залуучууд гэхэд болно.

Хэрэв тэр намын даргын сунгаанд ялалт байгуулбал түүний араас бүхэл бүтэн үе Ардчилсан намд орж ирнэ гэсэн зөн энд үйлчилж буй. Энэ нь хууччуулын араас хаалгыг нь зөөлөн хаана гэсэн үг болохыг томчуул мөн л хар туршлагаараа гадарлаж байгаа.

Үе солигдох нь Ардчилсан намыг ахин дахин гартаа авна гэсэн тооцоотой хэнд ч халгаатай зүйл учраас түүнээс жийрхэгчид тэр хэрээр цөөнгүй гэсэн үг. Хоёр нийгэм солигдсоны дараахан Японд сургуульд сурч, дээд боловсрол эзэмшсэн түүнийг дараагийн намын дарга, Ерөнхий сайд болгож харах дэмжигчид ч байсаар ирсэн.

Зөвхөн Ардчилсан нам доторхийг харж, зохицуулах улстөрч хуучуулаас олдоно. Харин даяаршсан цаг үед Монгол хаана явахыг тодорхойлох шинэ үе хэрэгтэй гэж үзвэл сунгааны “сумтай” тав дотор түүнийг улс төрийн болоод биологийн нас нь яах аргагүй тодруулж буй.

Гэвч тэмцэгч Ардчилсан намын гишүүдийн хувьд түүнээс үгүйлж буй нэг зүйл “дайчин тэмцэгч”-ийн дүр төрх. Цаашид энэ нам тэмцэгчээрээ байх уу, эсвэл шинэчлэгч болох уу гэдэг сонголт Л.Гантөмөрийн авсан саналаар тодорхойлогдоно гэхэд дэгсдэхгүй.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.