Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангайхан эрх чөлөөнд, Баянхонгорчууд “Женко”-доо ямар хайртай юм бэ?

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 8
Ардчилсан Нам
Зураг зураг

АН-ын даргыг сонгох сунгаанд оролцож байгаа таван нэр дэвшигч хөлгийн жолоог хөдөө орон нутагруу залаад нэлээд хэд хонов. Тэд энэ сарын тавнаас эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангайн намын гишүүдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна.

Нэгдүгээр сарын долооны өглөө Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум. Идэр ёсын хүйтэн хацар нүүр хайрч аймгийн төв нилдээ цасанд дарагджээ. Миний бие энэ аймагт анх удаа ирж буй. Уран зохиолын хүний хувьд Ардын уран зохиолч Т.Галсан, Г.Аюурзаны төрсөн нутаг хэмээн бодоход сэтгэлд нэн таатай.

Олон жилийн өмнө “Номхон барын дүртэй, Номгон уул минь” гэж эхэлдэг Г.Аюурын шилгийг санан Номгон уулыг харж өдөржингөө баясав. Үнэхээр сайхан хайрхан юм. Цаг завтайсан бол саатан өнжмөөр нутаг аж. Аймгийн төвд салхигүй тогтуун ч лавтайяаа хорь орчим том жижиг уурын зуухны яндангаас багил хар утаа тасралтгүй савсана. Энд ч гэсэн бас мөнөөх утааны асуудал байдаг л бололтой. Өдрийн 12 цагаас тус аймгийн хөгжимт драмын театрт АН даргын сунгаанд нэр дэвшигч таван эрхэмийн намын гишүүдтэйгээ хийх уулзалт эхлэв.

Баянхонгор аймаг тохилог сайхан театртай юм. Аймгийн сум бүрээс ирсэн намын төлөөлөгч гишүүд сумынх нь нэрийг бичсэн сандалуудад суусан ч багтсангүй. Явган сандал нэмж авчран суулгаснаар театр битүү хүнтэй.

Уулзалтын эхэнд Баянхонгор аймгийн АН-ны дарга Д.Жаргалсайхан:

- Бидний явж байгаа зарчим алдаатай байжээ гэдгийг өнгөрсөн сонгуулийн үр дүн харууллаа. Намын нийт гишүүдээсээ уучлалт гуйж байна гээд индэр дээрээс бөхийн уучлалт гуйв. Очсон аймаг бүрт намын гишүүдтэйгээ хийх уулзалт ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалтай болж байсныг энд хэлэхгүй өнгөрч болохгүй ээ.

Жишээ нь энэ сарын зургаанд Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт болсон уулзалтыг нээж хөтлөгч С.Эрдэнэболд:

- Мөнх хаан олон шашны тэргүүнийг энэхүү хөгшин Орхоны хөндийд цуглуулан ертөнцийн амьдралын мөн чанар, Хорвоогийн үнэн мөний тухай мэтгэлцээн зохион байгуулж байлаа. Үүн лугаа манай намын даргын сонгуульд нэр дэвшигчид олон гишүүдийнхээ өмнө алдаа оноогоо ярилцан шударга сайхан мэтгэлцэнэ гэхэд нэжигнэтэл алга ташиж байв.

Энэ уулзалтанд намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

- Миний хадам аав Нарийн тээл сумынх. Одоо энэ танхимд ирээд сууж байна. Намын нийт гишүүд болоод хадам аавдаа мэнд хүргэе гэж үгээ эхэлсэн нь олон түмнийг “хөгжөөв”. Ер нь бол нэр дэвшигчид очсон аймаг бүртээ ямар нэгэн хамаатан садан, ах дүүтэй байх юм. Намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр гэхэд л аав минь энэ Өмнөговь аймгийн хүн гэх жишээний.

Намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ гэхэд л Дундговь аймгийн хүргэн. Баянгол дүүрэг, Дундговь аймгийн АН–ын үүрүүд “гүн зузаан” харилцаатай ажилладаг аж.

Өвөрхангай аймагт болсон намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтан дээр намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг:

-Зарим нэр дэвшигчид намаа үзэл баримтлал мөрийн хөтөлбөргүй юм шиг юм ярих юм. Энэ намд 26 жил зүтгэчихээд ийм зүйл сонсох хэцүү байна.

Бид урьд нь 28 500 км явж 78 000 хүнтэй уулзаж “Монгол хүн 2020” гэдэг Монголоо хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Гэтэл шинэчлэлийн засгийн газрын эхэлсэн бүх ажлуудыг “МАНАН”-гийн, МАН-ны засгийн газар зогсоосон гэсэн бол намын даргад нэр дэвшигч УИХ–ын гишүүн Д.Эрдэнэбат: Ардчилал төгөлдөршилрүү явж байгаа. Үүний нэг баталгаа бол энэ намын даргын сунгаа.

Цаашдаа аль ч нам засгийн эрх авлаа гэхэд УИХ-д нэр дэвшигчийг тухайн орон нутгийн намын үүрийн гишүүд мэдэж шийддэг байх, аливаа нэг яамны сайд, төрийн нарийн бичгийн даргыг хүртэл намын жирийн гишүүд нь мэдэж шийддэг байх нь шударга ёсонд нийцнэ гэсэн нь маш их бодууштай үг юм. Мөн энэ уулзалтын үеэр нэр дэвшигч Лу.Гантөмөр: Би гурван удаа УИХ-д сонгогдож байж сайд болох эрхтэй болж байлаа. Манай нам дараа үеэ их гомдоодог.

Цаана чинь дарга нар хүүхдүүддээ суудлыг нь бэлдэж өгдөг болчихоод байна. Ийм үед намын нийт гишүүддээ УИХ-д нэр дэвшигч, яам тамгын газрын дарга нарийг сонгон шалгаруулж тэднийхээ шийдвэрээр томилж байх нь маш зөв. Ер нь бол намын даргын ажлыг цаг завтай хүн хийхгүй бол болохгүй. Би гэхэд л одоогоор ажилгүй байна. Бүх цаг заваа намын даргын ажилд зориулахад бэлэн байгаа. Хэрвээ намайг даргаар сонговол гэж хэлсэн нь уулзалтанд оролцогчдод их л таалагдав.

Нэгдүгээр сарын долооны үд дунд Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрт эхэлсэн уулзалтын үеэр намын даргад нэр дэвшигч Ж.Батзандан:

- Над шиг Т.Бадамжунай, М.Энхболд нарыг шүүмжилдэг хүн энэ намд байхгүй. Дубайн нууц гэрээ, цагаан суврагын орд, оффшорын тухай ард түмэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Тэгээд ч нам маань залуу үеэ гаргаж ирэх цаг болсон. Нийт гишүүд минь үүнийг шийдэх байхаа гэсэн бол намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ: - - Намайг Н.Энхбаярын “хаанчлал”-ын үед хоёр удаа хилс хэрэгт гүтгэгдээд шоронд сууж байхад хэдэн муусайн партизанууд маань л тус дэм болж хажууд байсан юм. Энэ танхимд тэр үед хамт байсан маш олон ахмад гишүүд байна. Энэ бүх гүжир гүтгэлгийг нэр бүхий нам дамнасан нэг фракц С.Баяр гэдэг луйварчинтай нийлж хийсэн юм шүү. Нам дахь энэ фракц гэдэг зүйлийг байхгүй болгох цаг болсон гэв.

Харин намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр:

- Хэрэв би намын дарга болбол Д.Сосорбарам ахыг буцаан авч ирнэ. Со ах бол манай намд байх ёстой хүн гэх үед хажуу талд минь зэрэгцэн сууж байгаа гавъяат жүжигчин Догмидын Сосорбарам ахтай нүгэлтэй адилхан өвгөжөөр хар хүн нулимсаа арчив. Уулзалтын дараа мөнөөх хүний тухай нутгийн улсаас асуувал Со ахын хойд аав Дамдинсүрэн гэдэг хүн байж билээ.

Уулзалтын үеэр хориод хүн намын даргад нэр дэвшигчдээс асуулт асууж санал бодлоо хэлэхэд цөмөөрөө “Женко” Х.Баттулгыг сураглаж байсан нь гайхалтай. Баянхонгорчууд “Женкод”-оо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрч суулаадаа. Монголчууд тусгаар тогтнолоо Хятадаас зээлэх дөрвөн тэрбум ам.долларын төлөө үгүйсгэж амьдарч болохгүй. Ардчилсан засгийн үед Далай лам ирж л байдаг, явж л байдаг байсан. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлээр 160 гаруй мянган гишүүн бүртгүүлээд байна. Ардчилсан намын гишүүд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаалан тэмцэх болно гэж нэг дуугаар намын даргад нэр дэвшигчид хэлж, “Халуун элгэн нутаг” дуугаа гишүүдтэйгээ хамт дуулснаар уулзалт өндөрлөв. Өвлийн богинохон өдөр эрт харанхуй болж Баянхонгор аймгийн төвд түр саатсан “Эвтэй таван” нэр дэвшигч хооллож аваад хөлгийн жолоог Говь-Алтай аймгийн зүг залав.

   Нацагдоржийн шагналт, Яруу найрагч Б.Галсансүх

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.