Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Норвеги FM радиог устгасан анхны орон болох гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногоос Норвеги улс орон даяар ажиллаж байгаа FM радионы сүлжээгээ унтрааж эхэлнэ. Ингэснээр эрсдэлтэй, маргаан дагуулсан технологийн шинэчлэлтийг зоригтойгоор хийсэн дэлхийн анхны улс болох юм.

Шүүмжлэгчид засгийн газрыг иргэд бэлэн биш байхад хэтэрхий яарсан гэж үзэж байна. DAB (digital audio broadcasting) буюу дижитал радио технологид шилжихэд Норвегийн хоёр сая автомашин бэлэн биш байгааг тэд онцолж байгаа юм.

Мөн зарим иргэд шуурхай мэдээлэл авах суваггүй болно гэж үзэж байна. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар Норвегичуудын 66 хувь нь FM радиог устгахыг эсэргүүцэж, 17 хувь нь дэмжиж, үлдсэн хэсэг нь шийдвэр гаргаж амжаагүй гэжээ.

Гэсэн хэдий ч Норвегийн засгийн газар ирэх долоо хоногоос эхлэн FM радио станцуудыг унтрааж, оны сүүл гэхэд ганцыг ч үлдээхгүй байхаар шийдсэн байна.

Ингэх болсон шалтгаан нь хуучин FM радио DAB технологиос агаарын долгионы найм дахин их суваг эзэлдэг, чанар муу, одоогийн радио компаниуд FM, DAB-д зориулан зэрэг цацахад үйл ажиллагааны зардал өндөр байгаатай холбоотой гэнэ.

Норвегийн анхны FM радиог 1950-аад оны үед нээж байсан бол нэгдүгээр сарын 11-нд хойд бүсийн Бодо хотоос эхлэн эдгээрийг унтраах гэж байна.

Автомашины радио хүлээн авагчид зориулсан DAB хувиргагч зах зээл дээр $170 орчим үнэтэй байгаа нь FM-ээс DAB-т шилжих гол шийдэл гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ.

Норвегитай ижил алхмыг одоогоор Швейцарь улс 2020 онд хийхээр төлөвлөсөн байгаа бол Их Британи, Дани зэрэг улсуудад дөнгөж хэлэлцэж эхлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian