Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын жиргээг ажиглах хүнийг Өмнөд Солонгосын эрх баригчид томилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

Өмнөд Солонгосын гадаад хэргийн яаманд нэг шинэ ажил бий болсон нь АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын твиттер хуудсан дахь жиргээнээс зүүн хойд Азийн бодлоготой холбоотой мэдэгдлийг ажиглах, шинжлэх үүрэгтэй ажээ.

JoongAng Daily сонинд мэдээлснээр “Дэлхийн ихэнх улс орнуудын нэгэн адил Өмнөд Солонгост Трампын засаг захирганы гадаад бодлогыг таних боломж гарахгүй байгаа” тул ийм ажил үүрэг бий болгохоос өөр аргагүй байгааг тайлбарласан байна.

Мөн энд өгүүлэхдээ “Түүний 140 тэмдэгтийн урттай мессэж нь одоогоор шинэ засаг захиргааны бодлогыг мэдрэх хамгийн үр дүнтэй зам болж байна” гэжээ.

Хамгийн сүүлд Трамп Хойд Солонгосын удирдагчийн шинэ жилийн мэндчилгээтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан юм. Тэрээр Ким Жон Уны Америкт цохилт өгөх цөмийн зэвсэгтэй болсон тухай мэдэгдлийн хариуд “Ийм зүйл болохгүй!” хэмээн хариулсан.

Энэ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой Дональд Трампын гаргасан анхны мэдэгдэл байв. Өмнөд Солонгос түүний мессэжийг Хойд Солонгосын дэглэмд анхааруулга өгсөн анхны тохиолдол гэж тайлбарлаж байна.

Сонгуульд ялснаасаа хойш Дональд Трамп гадаад бодлоготой холбоотой шүүмж, мэдэгдэл бүрээ твиттер сүлжээнд зарладаг, урьд өмнө байгаагүй жишиг тогтоогоод байгаа юм.

Саяхан Хятадын төрийн суваг Синьхуа Трампын энэхүү арга барилыг шүүмжилсэн нийтлэл гаргасан байна. Бээжин АНУ-тай хийх худалдаанаас асар их ашиг олдог хэрнээ Хойд Солонгосын цөмийн аюулыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхгүй байгааг Трамп твиттерт шүүмжилсэн.

Синьхуа үүний хариуд “Твиттерт донтсон гадаад бодлого байж боломгүй зүйл” гэсэн гаричгтай өгүүлэл нийтэлсэн юм. Тус өгүүлэлд “Гадаад бодлого бол хүүхдийн тоглоом биш, бизнесийн хэлэлцээр бүр ч биш” гээд “Твиттер сүлжээ нь гадаад харилцааны зэвсэг байх боломжгүй” хэмээн Трампын үйлдлийг хатуу шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Telegraph