Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Путин ГАЗАР, АГААР, УСААР хэрхэн зорчдог вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины албан хэрэгцээнд олон тооны автомашин, нисэх онгоц, завь ашиглагддаг байна.

2016 оны Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр Форбс сэтгүүлээс саяхан зарлагдсан Путин газар, ус, агаараар хэрхэн зорчдог вэ?

 

Газраар зорчихдоо…

 

Путин Mercedes-Maybach S600 Pullman лимузин хөлөглөдөг. Ерөнхийлөгчийн үйлчилгээнд ийм 11 машин бүртгэлтэй байдаг аж. Тусгай гараажид хадгалагддаг эдгээр машиныг Холбооны Аюулгүй Байдлын Албаны тусгай нэгж хариуцдаг. Уг нэгж нь 1921 онд Лениний гэр бүлд үйлчлэхээр байгуулагдаж байжээ. Ерөнхийлөгчийн лимузинууд хуяглагдсан, онцгой тохиолдолд дөрвөн дугуй нь хагарсан ч 80 км цаг хурдтайгаар 30 км зам туулах чадвартай, салоны агаарын чанарыг хянах системтэй байдаг.

Ерөнхийлөгчийн жолооч нар тусгай сэтгэлзүйн шалгалтыг давсан, онцгой нөхцөлд жолоодох ур чадвартай байх ёстой. Жолооч нарын нэг болохын тулд удаан хугацаанд шалгагддаг. Эхлээд тэд ерөнхийлөгчийн цувааг дагалдан явах машины жолоочоор олон жил ажиллана. Үүний дараа ерөнхийлөгчийн, эсвэл ерөнхий сайдын жолооч болохоор өрсөлддөг. Энэ замыг туулах хугацаа дунджаар 7-15 жил байдаг гэнэ.

10 гаруй жолооч ерөнхийлөгчид үйлчилдэг ба тэд явцын дунд байнгын бэлтгэлтэй байдаг. Долоо хоног бүр шалгалтад орно. Заавал эзэмших ур чадварт жолоо барингаа буудалцах, ус, мөс, саад дундуур жолоодох зэрэг багтдаг.

 

Агаараар зорчих үед

 

2012 оны аравдугаар сард Кремлийн Тайницкийн цэцэрлэгт Путинд зориулж нисдэг тэрэгний буудал байгуулсан нь түүний Ми-8 нисдэг тэрэгт тусгайлан зориулагджээ.

Путин нисдэг тэрэг хөлөглөдөг анхны ерөнхийлөгч биш. Түүнээс өмнө Борис Ельцинд зориулсан буудал Ивановын талбайд байсан ч нисдэг тэрэгний чичиргээ хуучны түүхэн байгууламжуудад сөргөөр нөлөөлж байсан тул ийш нь шилжүүлжээ.

Ерөнхийлөгчийн захиргааны мэдэлд бүхэл бүтэн агаарын бааз бий. Тэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, Думын спикер зэрэг дээд албан тушаалтнуудаас гадна Оросын шашны тэргүүнд үйлчилдэг. Агаарын хөлөг нь Ил-96-300, Ту-214 онгоцнууд. Удахгүй нэмж хоёр ширхэг Сухой Супержет 100 онгоц авна. Эдгээр нь бүгд Внуково-2 нисэх буудалд байрладаг.

Онгоцнууд цэрэг, арми, цөмийн зэвсгийн байгууламжуудтай шууд холбогдох, нууцлалтай төхөөрөмжөөр тоноглогдсон гэнэ. Шаардлагатай үед байлдааны ажиллагааг ч удирдах боломжтой.

 

Усаар аялах бол

 

Ерөнхийлөгчийн захиргаанд гурван хөлөг онгоц, долоон завь, нэг хос биетэй завь байдаг. Путин Хар тэнгис, Байгаль нууранд шумбагч төхөөрөмжөөр аялж байсан нь Оросын Газарзүйн Нийгэмлэгийн мэдлийнх байжээ.

 

Путин популист биш тул зам хааж зорчдог

Нэгэн удаа НТВ телевизийн сэтгүүлч Вадим Такменев ерөнхийлөгчийн машинд хамт явж байхдаа түүний цуваа Москвагийн замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлдгийг мэддэг эсэхийг асууж байв.

Тэгэхэд Путин “Үүндээ уучлал гуйж байна. Гэхдээ ингэхгүйгээр би яаж ажиллах билээ?” гэж хариулсан байна. Харин Такменев дараа нь Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тангараг өргөхөөр явж байхдаа замын хөдөлгөөн зохицуулах улаан гэрэлд цуваа нь зогсож байсныг сануулахад Путин “Тэр бол сайн хүн. Гэхдээ би популизм хиймээргүй байна” гэжээ.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines