Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд найрамдах нам ноёрхох цаг айсуй

Б.Даваахүү
2017 оны 1 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Тэрбээр энэ сарын 20-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх бол Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ч үүгээр дуусгавар болж, Цагаан ордноос нүүх юм. Тэгвэл энэ ёслолын дараа Бүгд Найрамдах нам 10 жилийн дараа Цагаан ордон, конгрессын дээд доод танхимд дахин ноёрхлоо тогтоох билээ.

АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам конгрессын доод, дээд  танхимд олонх болж, Барак Обама доголон нугас болж хоцорсон юм. Тэгвэл эдүгээ цаг үе өөрчлөгдөж,  Ерөнхийлөгчөөр нь  БНН-ын гишүүн сонгогдож, конгрессын дээд, доод танхимд ч БНН дахин ноёрхлоо тогтоосон учир цаашдаа Барак Обамагийн санаачлан баталсан эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлтээс эхлээд түүнийг Ерөнхийлөгч байх үед баримталж байсан улс төрийн бодлого бүхэлдээ өөрчлөгдөх бололтой. Ийм чиглэлийг ч БНН-ынхан барьж эхэлсэн байна. 

Тодруулбал,  Шинээр сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүд хуралдаж, Бүгд Найрамдах намын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн баталсан эрүүл мэндийн тухай хуулийг дахин хэлэлцсэн байна.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийн дараа Бүгд Найрамдах нам сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсон.  Тэгвэл тэдний анхны хуралдааны үеэр  сенатын танхимын Төсвийн байнгын хорооны дарга “Obamacare” гэдэг эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трамп ч “Obamacare” хуулийг  үр дүнгүй, зардал ихтэй хэмээн  твиттер хуудсаараа  дамжуулан байр сууриа илэрхийлээд амжлаа. Түүний хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг хуулийг үргэлжлүүлэх шалтгаан байгаа эсэхийг хянаж үзнэ гэдгээ амласан юм.  Түүнчлэн, Ардчилсан намын гишүүдийн хувьд эрүүл мэндийн хуулийн шинэчлэлийг цаашид ч үргэлжлүүлэх саналтай байгаа аж.

Ямартай ч, уг асуудалтай холбогдуулан БНН яаралтай хурал зарлаж, хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Д.Трампын Засгийн газрын гишүү­дийг Сенатын танхим удахгүй батална. Харин Төрийн нарийн бичгийн дар­гаар томилогдох гэж буй Рекс Тиллерсоны тухайд хоёр намын гишүүд ихэд санаа зовж байгаагаа илэрхийлээд байна. Учир нь тэрбээр ОХУ-тай нэлээд ойр харилцаатай юм. Одоогоор 100 суудалтай конгрессын дээд танхимд БНН-ынхан 52, Ардчилсан намын гишүүд  48 бий.

Харин доод танхимын 241 нь БНН, 194 нь Ард­чил­сан намын төлөөлөгчид бай­гаа билээ. Иймээс үл хөдлөх бизнесмэн эр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа АНУ-ын улс төрийн ертөнцөд томоохон эргэлтүүд гарах төлөв ажиглагдаж байгаа юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп анхны хэвлэлийн бага хурлаа энэ сарын 11-нд хийхээр төлөвлөснийг орон нутгийн зарим хэвлэлд мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа тэрбээр өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал зарлана гэж мэдэгдэж байсан ч, хугацааг нь хойшлуулаад байсан юм.

Зураг