Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг 2017 онд АНУ-ыг бүтэн тойрох зорилт тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн эхэнд Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг шинэ оныхоо зорилтыг зарладаг.

Тэгвэл 2017 онд тэр АНУ-ын бүх муж улсаар аялж, энгийн хүмүүстэй уулзаж ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр буюу Мягмар гарагт зарласан байна.

Зукерберг “Хөл үймээн ихтэй өнгөрсөн оныг дууссаны дараа би улс орноороо аялж, хүмүүстэй уулзан тэдний амьдрал, ажил, ирээдүйн тухай бодолтой танилцах зорилт тавилаа” гэжээ.

Тэрээр өөрийн очиж үзээгүй 30 муж улсыг гүйцээн зочилж, 2017 оныг дуусгахаар болсон байна. Технологи, глобалчлал хүмүүсийн амьдралыг бүтээмжтэй, хэлхээ холбоотой болгосон хэдий ч зарим хүмүүсийн амьдралыг түвэгтэй болгосон. Тиймээс тэр хүмүүсийг олж уулзан, технологийг хэрхэн бүх хүнд өгөөжтэй болгох арга замыг судлана гэж Зукерберг зорилгоо тайлбарлажээ.

2016 онд тэр жилийн турш 365 миль (өдөр бүр 1.6 км орчим) замыг гүйж туулах зорилт тавьж байв. Мөн тэрээр өөрийн гэртээ хиймэл оюун ухаантай туслагчтай болж, 25 ном уншин, Мандарин хэл сурахад багагүй цаг зарцуулжээ.

Зукерберг “Миний ажил бол дэлхий нийтийг холбож, хүн бүрийн дуу хоолойг сонсгох. Тэгвэл энэ жил би өөрөө олон хүний дуу хоолойг сонсохыг хүсч байна” гэж бичсэн байна.