Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд покрышки түлж байхад, албаныхан 2-5 сая төгрөгийн үнэтэй халаагуур санал болгож байна

ikon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Утааны эсрэг аав, ээжүүдийн жагсаал хийх тухай мэдээлэл тархсаны дараахан буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд төр засгийнхан агаарын бохирдолтой тэмцэх ажлаа эрчимжүүлжээ. Тэдний агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан гол шийдэл нь шөнийн тарифыг тэглэж, цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих байлаа.

Шөнийн тарифыг тэглэснээр зөвхөн цахилгааны төлбөрт гэхэд 4.8 тэрбумын зардал гарна гэсэн тооцоо бий. Мөн шөнийн цагаар цахилгааны хэрэглээ нэмэгдэх учир үйлдвэрлэл, импортын зардал нэмэгдэх магадлалтай гэж тооцоход 21 тэрбумын нэмэлт зардал гарахаар байгааг албаныхан хэлж байгаа юм.

Тэгвэл нийт 25.8 тэрбум орчмын зардал гарахаар тооцож буй уг ажлын үр дүн ямар байх вэ, энэ ажил агаарын бохирдлыг бодитоор бууруулахад нөлөөлж чадах уу?

Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр агаарын бохирдол хэдэн хувиар буурах талаар судалгаа хийгдсэн эсэхийг БОАЖ-ын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Шөнийн тарифыг тэглэснээр агаарын бохирдол хэрхэн буурахыг урьдчилан тооцох боломжгүй байна. Учир нь гэр хороололд байгаа өрхүүдийн хэдэн хувь нь цахилгаан халаагуур хэрэглэж байгаа, хэд нь нүүрс түлдэг талаар тодорхой судалгаа байхгүй. Тиймээс засаг захиргааны анхан шатны байгууллага болох хороод дээр эхний ээлжинд судалгаа хийх шаардлагатай байгаа. 

Яамны зүгээс агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр бодлого гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран боловсруулсан. Тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах байх" гэлээ.

Гэр хорооллын 110 мянган өрх хоёр тарифт тоолууртай бөгөөд цахилгааны хөнгөлөлтөд зөвхөн хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах боломжтой. Эдгээр өрх энэ оны нэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оройны 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгааныг үнэ төлбөргүй хэрэглэх юм.

Харин эдгээр өрхийн хэд нь халаалтаа цахилгаанаар шийдвэрлэсэн, хэд нь түүхий нүүрс түлдэг нь тодорхойгүй хэвээр байна. 

Албаныхан 2-5 сая төгрөгийн үнэтэй гурван төрлийн цахилгаан халаагуур санал болгож байна

Нийслэлээс 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 3 тэрбум 150 сая төгрөг төсөвлөөд байгаа. Урьдчилсан байдлаар дээрх хөрөнгийн нэг тэрбумыг нь цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд буй. 

Холбогдох албаныханы зүгээс энэхүү халаагуур нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаанаар хангах боломжтой гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. 

Уг халаагуураас гадна ижил төрлийн төхөөрөмж байгаа эсэхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга цахилгааны халаагуур нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төхөөрөмжүүдтэй танилцсан. Одоогоор иргэд гурван төрлийн цахилгаан халаагуураас сонголтоо хийх боломжтой” гэв.

Иргэд гурван төрлийн цахилгаан халаагуураас сонголтоо хийх боломжтой.

Эдгээрийн нэг нь Германий “Bauhaus” компанийн цахилгаан радиатор юм. Энэ нь 2кВт-ын хүчин чадалтай, зуухны зарчмаар ажилладаг хэмээн тус компанийн инженер С.Отгончулуун хэллээ. Харин “Ultrasonic” болон “Монватт” компанийн борлуулж буй цахилгаан халаагуур нь хоногийн 6-8 цагт нь цахилгаанаар ажиллан дулааныг өөртөө хуримтлуулж, 16-18 цагт нь орчноо дулаацуулдаг байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Халаалтын хэрэгсэл нь хоёр төрөл бий. Нэг нь ердийн зуухаар халаагаад, халаалтыг нь дэмждэг хямд үнэтэй төхөөрөмж. Гэвч энэ төрлийн төхөөрөмж нь дангаараа орчноо халаах боломжгүй юм. Харин нөгөөх нь огт зуух хэрэглэлгүйгээр дулаанаа хадгалаад орчноо дулаацуулдаг. Энэ нь үнэтэй хэдий ч Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч буй энэ үед зуухнаас татгалзаж, цахилгаанаар халаагч төхөөрөмжийг хэрэглэх нь үр дүнтэй” гэсэн юм.

Цахилгаанаар халаах хэрэгслүүдийн үнэ 2-5 сая төгрөгийн хооронд байгаа бөгөөд энэ үнийн дүнг хөнгөвчлөх, банкны зээлээр өгдөг болгох тал дээр НЗДТГ-аас ажиллаж байгаа аж. 

Гэхдээ л гэр хороололд амьдарч буй цахилгааны төлбөрөө хөнгөлүүлсэн 110 мянган айлын хэд нь ийм өртөг өндөртэй цахилгаан халаагч авах боломжтой вэ. Зарим нь цалингийн зээлээр авч болох ч хотын захад покрышк /хуучин дугуй/ гэрээ дулаацуулж буй айл өрх үүнийг яаж авах вэ. Энэ мэтчилэн олон асуултад хариулт алга.Эдийн засаг хүнд буй өнөө цагт халааснаасаа хоёр сая гаруй төгрөг бэлнээр гаргаад авах боломжтой нь магад дэндүү цөөн байх.

Түүнчлэн байшинтай айл хэдэн өрөөтэйгөөс шалтгаалан цахилгаан халаагчийг авах шаардлагатай болоод байгаа юм. Тодруулбал, танай байшин гурван өрөөтэй бол гурван халаагчийг 6-7 сая төгрөгөөр худалдан авах болж байна. Эсвэл зарим өрөөгөө зуухаар халаах, заримд нь халаагч авах хэрэгтэй болно гэсэн үг.

Цахилгааны шөнийн тарифыг тэглэж буй шийдвэр нь  гурван сар хугацаанд хэрэгжинэ. Харин жил бүрийн энэ хугацаанд хэрэгжих үү, зөвхөн энэ жил хэрэгжээд дуусах уу гэх асуултад албаныхан тодорхой хариулт өгөхгүй байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийх үеэр тус хорооны дарга А.Тлейханаас энэ талаар тодруулахад “Гэр хорооллын айлуудын шөнийн тарифыг нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд тэглэнэ. Үр дүнгээс хамаарч үргэлжлүүлэх болов уу гэж ойлгож байна” хэмээн хариулсан.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд буюу 2011-2015 онд Мянганы Сорилтын сан, Дэлхийн Банк, Цэвэр агаар сан, Улсын төсвөөс нийт 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулан, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч бодит үр дүн өгөөгүй. 

Үүнтэй адил цахилгааны шөнийн тарифыг тэглэж, цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжээд үр дүнд хүрэх үгүй нь тодорхойгүй. Учир нь цахилгааны тарифыг хөнгөвчлөх мэдэгдлийн үр өгөөж ямар байх, агаарын бохирдол хэдэн хувиар буурах талаар ямар ч судалгаа хийгдээгүй  нь албаныханы хариултаас харагдаж байна. 

25.8 тэрбум орчмын зардал гаргаж 110 мянган өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ. Тэдгээр өрхүүд бүгд цахилгаанаар халаалтаа шийдлээ гэж үзэхэд нэг өрхөд ногдох хөнгөлөлтийн хэмжээ 234,545 төгрөг. Айлууд цахилгааны төлбөрөөс хэмнэсэн мөнгөөрөө албаныханы санал болгож буй цахилгаан халаагууруудыг худалдан авах боломжгүй гэсэн үг. 

 

Бэлтгэсэн: Б.Бадамгарав, Г.Номин