Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад 600 САЯ төгрөг зарцуулна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр агаарын бохирдлын асуудлаар хуралдлаа.

Уг хуралдаанд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, "Улаанбаатар Цэвэр агаар төсөл" болон холбогдох албаныхан оролцож 2017 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлуудад зарцуулах хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар Цэвэр агаар төсөл"-ийн менежер Д.Цэндсүрэн "Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар – Цэвэр Агаар Төсөл” 2012 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн нийт санхүүжилт 13 орчим сая ам.доллар байснаас одоогоор 2.6 сая ам.доллар үлдээд байгаа. Үүний 1.4 сая ам.долларыг юунд зарцуулахаа төлөвлөж эхний ээлжийн ажлууд болох цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тараах ажил хэрэгжээд явж байна. Мөн ЦУОШГ-т агаарын чанарыг хэмжих тоног төхөөрөмж нийлүүлэхээр бэлтгэж байгаа.

Үлдсэн 1.2 сая ам.долларын хувьд юунд зарцуулах талаар шийдвэр гараагүй, нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлийг харж, дэмжлэг үзүүлэх санал санаачлага хайж байна.

Сүүлийн үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас гарч буй нэг түгээмэл санал нь цахилгааны шөнийн тарифийг тэглэх асуудал. Бид энэ талаар хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ гэсэн саналаа Дэлхийн банканд уламжилсан. Тэдний талаас манай зах зээлд шөнө цахилгаан хуримтлуулж, өдөр дулаан барьдаг зуух нийлүүлдэг ганц компани байгааг харгалзан үзээд ганц компанийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт хийх нь төслийн үндсэн зорилгод нийцэхгүй байна гэсэн хариуг өгөөд байгаа" хэмээн ярилаа.

"Улаанбаатар Цэвэр агаар төсөл"-ийнхний зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн шаталттай зуух тараасан нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа ажээ. 2012 онтой харьцуулахад бохирдуулагч эх үүсвэр буюу нийслэлийн хүн 28 хувиар, автомашины тоо 100 гаруй мянгаар нэмэгдсэн хэдий агаарын бохирдлын хэмжээ тогтмол байгаа гэдгийг хэлж байлаа.

 

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх "Нийслэлээс 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 3 тэрбум 150 сая төгрөг төсөвлөөд байгаа. Урьдчилсан байдлаар дээрх хөрөнгийг дөрвөн ажилд зарцуулахаар тогтоод байна. Үүнд,

  • "Монватт" компанийн үйлдвэрлэдэг Тулгат зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд НЭГ ТЭРБУМ /Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаанаар хангах боломжтой/
  • Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хотын ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 САЯ
  • Агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд НЭГ ТЭРБУМ 150 САЯ
  • Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 САЯ төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Гэхдээ Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан дарга албан томилолтоор гадаадад явж байгаа учраас энэ хуваарилалт албан ёсоор батлагдаагүй байна" гэв.


2017 онд агаарын бохирдлыг бууруулахад Улсын төсвөөс ТАВАН ТЭРБУМ, Нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ 150 САЯ, "Улаанбаатар Цэвэр агаар төсөл"-өөс 2.6 САЯ АМ.ДОЛЛАР зарцуулах нь. Уг хөрөнгийг аль болох үр ашигтай зарцуулахын тулд төрийн, олон улсын гэлгүй холбогдох бүх байгууллагууд нягт уялдаатай хамтран ажиллаж, нэг нэгнийхээ ажлыг дэмжих шаардлагатайг хуралдааны үеэр Иргэдийн хурлын гишүүд онцолж байлаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.