Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний бие дотор ШИНЭ ЭРХТЭН байгааг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хүний бие дотор нэгэн эрхтэн нууцлагдмал байдалтай байсныг эрдэмтэд илрүүлж, шинээр бүртгэсэн байна.

Чацархай (mesentery) гэж нэрлэдэг энэ хэсгийг өмнө нь хоол боловсруулах системийн дотор оршдог тархмал олон хэсгүүд гэж үздэг байжээ.

Харин саяхан эднийг үргэлжилсэн цул эрхтэн болохыг тогтоосон байна. Яг ямар үүрэгтэй эрхтэн болохыг тодорхойлоогүй байгаа ч энэ нь шинжлэх ухаанд шинэ салбар болж нээгдэж байгааг анх илрүүлсэн Лимерикийн Анагаах ухааны Их сургуулийн судлаач Кэлвин Коффэй онцолжээ.

“Бид одоогоор анатоми, бүтцийг нь нээгээд байна. Дараагийн алхам бол үүргийг нь тодруулах. Хэрвээ ямар үүрэгтэйг нь мэдвэл ямар өвчлөл үүсгэдгийг мэдэж болно” гэж тэр хэлж байна.

Судалгааны тайлан анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Ингэснээр анагаах ухаанаар суралцаж буй оюутнуудад чацархайг бие даасан эрхтэн гэж заах юм.

Дэлхийн хамгийн алдартай анагаахын сурах бичиг гэгддэг Gray’s Anatomy үүнийг шинээр бүртгэсэн байна.

Чацархайг анх 1508 онд Леонардо да Винчи эрхтэн гэж тодорхойлж байсан ч өнгөрсөн хэдэн зууны турш үгүйсгэсээр ирсэн аж.

Ингэснээр хүний эрхтний тоо 78-аас 79 болон нэмэгдэж байна. Эдгээр эрхтнүүдээс зүрх, тархи, элэг, уушги, бөөрийг хүний эрүүл мэндэд нөлөөтэй чухал таван эрхтэнд тооцдог юм.

 

Эх сурвалж: Independent