Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбат: Өнгөрсөн оны баримтуудаа бүртгүүлж буцаан олголтод хамрагдаарай

Зууны мэдээ
2017 оны 1 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр cap бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон. Хуулийн дагуу иргэд 2017 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтоо авах юм. Энэ талаар Гааль Татвар Санхүү Мэдээлэл Технологийн Төвийн Стратеги Төлөвлөлтийн Албаны захирал Г.Ариунбатаас тодруулав.

-Буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах гол асуудал юу вэ?

-Иргэд Ebarimt.mn цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягталснаар буцаан олголтоо цаг хугацаанд нь авах боломжтой.

Өнөөдрийн байдлаар 623,437 иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой байгаагаас 480,614 нь бүртгэлээ баталгаажуулсан байна. Үлдсэн 140 мянга гаруй иргэдийн дийлэнх нь мессежээр 131313 дугаарт сугалааны дугаар, мөнгөн дүнгээ илгээж баримтаа бүртгүүлдэг иргэд байна.

Иргэд анх бүртгүүлэхдээ гар утсаар, мессежээр эсвэл компьютерээр орж бүртгүүлж байна. Гэхдээ бүртгэл дээр өөрийн данс, овог нэр, регистрийн дугаар, гар утасны дугаар, харилцдаг банкны нэр дансны дугаараа дутуу оруулснаас болж зарим иргэдийн буцаан олголт олгогдохгүй байх нөхцөл бүрдэж байгаа. Ялангуяа гар утсаар /131313/ дугаарт бүртгүүлсэн иргэд өөрийнхөө мэдээллийг баталгаажуулж дээрх мэдээллүүдээ гүйцээх шаардлагатай.

-Хэрэв интернетэд орох боломжгүй бол яах вэ?

-Энэ тохиолдолд аль болох хурдан аймаг, дүүргийнхээ татварын хэлтэст хандаж, буцаан олголт авахад шаард-лагатай өөрийн болон дансны мэдээллээ хэрхэн бүртгүүлээ баталгаажуулах талаар нэг цэгээс зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Буцаан олголтоо авах боломжгүй 250 мянган ир-гэн байна гээд байсан тэгвэл мэдээллээ баталгаажуулснаар энэ тоо 143 мянга болж 110 хүн мэдээллээ баталгаажуулсан гэсэн үг үү?

-Тиймээ. Мэдээллийн дутмаг байдлаас болсон. Өмнө нь 250 мянган хүн буцаан олголтоо авч чадахгүй байсан бол өнөөдөр 143 мянга болж багассан. Тэдгээр хүмүүст sms явуулсан. Тиймээс баталгаажуулалт сайн хийгдэж байна. Хүмүүсийн дунд эргэлзээтэй нэг асуудлаас болж хүмүүс орлогоо оны эхэнд нэлээн идэвхтэй бүртгүүлж байснаа сүүлдээ бага зэрэг буурсан.

Энэ нь миний орлогыг хянах гээд байна гэсэн яриа гарсантай холбоотой. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа интернетэд орох боломжгүй аав ээж, эмээ өвөөгийнхөө худалдан авалтын баримтыг интернетэд орох боломжтой 18 нас хүрсэн хүүхэд нь тэднийхээ өмнөөс өөрийнхөө регистрийн дугаараар бүртгүүлээд буцаан олголтод хамрагдах боломжтой.

Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 цаг хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

-2016 оны бүх баримтуудаа бүртгүүлэх үү. Өөрөөр хэлбэл иргэд буцаан олголтын баримтаа огт бүртгүүлээгүй болон бүртгүүлж байгаад дундаас нь хаясан тиймээс нэгдүгээр сарын 6-наас өмнө амжиж нөхөж бүртгүүлбэл буцаан олголтод хамрагдах уу?

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш худал-дан авалтын баримтаа огт бүртгүүлээгүй эсвэл бүртгүүлж байгаад үргэлжлүүлэхгүй больсон байсан ч 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор амжиж нөхөж бүртгүүлсэн байхад буцаан олголтод хамрагдах боломж бүрдэж байгаа. Хамгийн гол нь амжиж бүртгүүлэх нь чухал.

-Бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэхээр танай ачаалал бас нэмэгдсэнээр зохицуулах шаардлага гарах болов уу?

-Ямар ч асуудал байхгүй. Харин тухайн хүний ашиглаж байгаа интернетийн хурдаас шалтгаалан хурд нь саарч мэдэх юм. Иргэний баримт бүртгүүлэхдээ холбоотой системийн ачаалал байхгүй. Иргэн интернетээр манай веб сайтад орно. Манай веб сайт Үндэсний дата төвд байрладаг.

Маш том бүтэц баазтай тул гацах, ачаалал даахгүй байх гэсэн зүйл үгүй. Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ. Татварын Ерөнхий Газар мэдээллийг ес хоногийн дотор хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.

Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

-2016 онд нийт хэдэн удаагийн сугалааны тохирол явагдаж хэдэн хүнд сугалааны аз таарч хэдий хэмжээний мөнгөн урамшуулал олгосон бэ?

-18 удаагийн сугалааны тохирол болсон. Нийт 83 мянга 25 хүн 20 мянгаас 100 сая төгрөгийн мөнгөн хонжвор хожсон. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 3.4 тэрбум төгрөг олгогдсон. Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн.

-НӨАТ-ын буцаан олголтын ажил энэ онд үргэлжлэх үү?

-Сангийн яам шийдвэр гаргана. Үргэлжлүүлэн олгоход технологийн хувьд ямар ч асуудал байхгүй. 2017 оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Зураг