Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа сонгуулиа товлоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-СЕХ-ноос гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ойлгож болох уу?

-Хуулийн дагуу сонгуультай холбоотой саналыг СЕХ-ноос УИХ-д хүргүүлнэ гэсэн заалттай. Мөн УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Энэ хүрээнд Н.Энхболд нарын гишүүд хамтарч одоогийн хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөлтэй холбогдуулж СЕХ саналаа хүргүүлсэн юм.

-Хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орсон бэ? 

-Хуульд зарчмын чанартай томоохон өөрчлөлт ороогүй. Том өөрчлөлт гэвэл нэгдсэн хуулиасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаагаараа онцлогтой.

Хоёрдугаарт, 2015 онд нэгдсэн хуулийн хэлэлцүүлэг явж байх үед СЕХ дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж, тухайн үеийн ажлын хэсэгт хүргүүлж байсан. Гэвч бидний саналыг хүлээн авалгүй хуулиа баталсан. Нэгдсэн хуулиар сонгуулийг зохион байгуулснаар зарим заалтууд дээр будилах явдал өнгөрсөн сонгуулиар гарч байв. Тиймээс СЕХ өнгөрсөн сонгуулийн явцад будилж төөрөлдсөн асуудлууд дээр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Одоо тусдаа хууль гарахаар төөрч будилах явдал гарахгүй.

Түүнчлэн нэгдсэн хуулинд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсан. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан тал бий. Энэхүү заалтыг хуулийн төсөлд нэмж оруулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа алба хаагчдыг бүртгэхээр хуульчилсан бол хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсан.

Гуравдугаарт, нэгдсэн хуулинд товлон зарлах, санал авах өдрийг тогтоохын тулд хоёр тусдаа хийж өгсөн байсан. Өөрөөр хэлбэл, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсныг өөрчилж, нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт орууллаа.

-Бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй намд элсээд тухайн нам нь парламентад суудалтай нам болж улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох уу?

-Болохгүй гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарласан. 

-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг хуулиндаа оруулаагүйгээс нэлээн дуулиан тарьж байсан. Одоогийн энэ хуульд таваас доошгүй сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулж болохгүй хэмээн тусгаж байгаа нь олон улсын жишигт нийцэж байна уу?

-2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан СЕХ-нд ирсэн. Сонгууль товлон зарласнаас хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас үүнийгээ засч хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Тэр зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан. 

-Сонгуулийг хэзээ товлож байна вэ?

-Хэзээ товлох нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдвал сонгуулиа товлоно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.