Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг 100 хувь дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-д суудалтай намуудын төлөөллийг байлцуулах ёстой гэсэн санал гаргав. Түүний асуултад тус байнгын хорооны дарга Н.Энхболд “Манай байнгын хороонд АН-аас Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Б.Наранхүү нарын гурван гишүүн байдаг. Энэ гурван гишүүн гурвуулаа өнөөдөр чөлөө авсан байна. Тэгээд ч хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн дунд АН-аас З.Нарантуяа гишүүн байгаа” гэлээ. 

Харин О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь зарчмын төдийгүй тогтолцооны томоохон асуудлуудыг хөндөж байгаа учир Үндсэн хууль зөрчсөн гэж тайлбарлан хуралдааныг орхин гарав. 

 

Ингээд хуралдаанд 10 гишүүн оролцож Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Хууль санаачлагчийн хувиар тус Байнгын хорооны дарга Н.Энхболд хуулийн төслийг танилцуулсны дараа Д.Лүндээжанцан гишүүн ажлын хэсгээс асуулт асуув. 

Тэрбээр “Өмнөх парламент нэлээд хугацаа зарцуулж байж Сонгуулийн нэгдсэн хуулийг баталсан. Харин одоо энэ хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгах нь зүйтэй юу. Хоёрдугаарт, одоо хэлэлцэх гэж байгаа хуулийн төсөл өмнөх хуулийг орвонгоор нь өөрчилсөн юм уу гэдгийг тодруулмаар байна” гэв. 

Түүний асуултад СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Өмнөх парламент сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэж байх үед СЕХ-ноос УИХ, ЗГ-т саналаа хүргүүлж байсан. Уг саналд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн хууль тус тусдаа байх нь зүйтэй. Нэгдсэн хуультай байхыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. 

Хоёрдугаарт, хуулийн төсөл боловруулахад СЕХ-ноос ажилласан. Манай саналууд тусгагдсан. Өмнөх хуулийн алдаа дутагдлыг зассан гэж ойлгож байгаа. Тиймээс бид энэ хуулийн төслийг дэмжиж байгаа” гэлээ. 

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
17 | 18 | 20 цаг