Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэрийг "Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан  Улсын Дээд шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батдэлгэрийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр өчигдөр шагналаа. 

Содномдаржаагийн Батдэлгэр нь ажлын гараагаа 1987 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгчээс ажлын гараагаа эхэлснээс хойш бүх шатны шүүхэд тасралтгүй 29 жил ажиллаж байна. 

Тэрээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэй хашиж байсан бөгөөд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүгч ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд цөөнгүй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, шүүх, шүүгч, захиргааны ажилтнуудад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гавъяатан юм. 

Мөн Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бавалын Баатарыг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагнасан юм. 

Ийнхүү Монгол Улсын шүүхийн түүхт ойгоор шүүхээс төрсөн “Монгол Улсын Гавъяат хуульч” хоёроор нэмэгдсэнээр нийт 26 гавъяат цолтонтой  боллоо. 
.