Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж даргын ачаар ажил тасалсан гишүүдийн хоосон суудлыг олон нийт харав

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа энэ хугацаанд УИХ-ын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байгаа билээ. 

Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар товлосон цагаасаа нэлээд хоцорч эхлэв. Тиймээс хуралдаан даргаж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулгандаа суудаггүй гишүүдийг хүний өөрийн гэлгүй хатуухан шүүмжиллээ

Энэ шүүмжлэлийн ачаар сүүлийн хоёр жилийн хугацаанд телевизүүдээр цацагдаагүй УИХ-ын чуулганы эл хуль танхимын дүрс олон нийтэд ил гарав

Учир нь өмнөх парламентын үед буюу 2014 онд “Цахим парламент” гэдэг төсөл хэрэгжиж эхэлснээр телевизийн зураглаачдыг чуулганы танхим руу нэвтрэхийг болиулсан. Ингэснээр телевизүүд зөвхөн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн тараасан дүрсийг ашигладаг болоод байсан юм.

Ийнхүү ажил тасалдаг гишүүдийн хоосон суудлыг дэлгэцээр харуулахыг үүрэгдсэн Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр “Бүлгийн дэд дарга Б.Саранчимэг та өөрөө ирчихээд, гишүүдийнхээ ирцийг бүрдүүл. Ер нь цаашид чуулганы болон Байнгын хороодын ирцийг зарлаж, хуралд ирэхгүй байгаа гишүүдийн талаар сонгогчдод мэдээлэл өгч байх нь зөв

Д.Хаянхярваа дарга ирцийн асуудлаар 65-ын бүлэг дээрээ ярь. АН-ын бүлгийн зүгээс, О.Баасанхүү гишүүний зүгээс удаа дараа зөв зүйтэй шаардлага тавьж байгаа. Алийн болгон ингэж замбараагүй байдлаар амьдрах юм. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа бараг эхлээгүй шахам байхад ирц нь бүрддэггүй эрх баригч бүлэг гэж ямар юм байдаг юм. УИХ-ын гишүүд 10:00 цагт чуулган эхэлдгийг мэдэж байгаа биз дээ. Туслахууд гишүүдээ гэрээс нь очиж авчир” гэсэн юм. 

Мөн АН-ын бүлгийнхэнд хандаж “АН-ын бүлэгт зориуд нэг үг хэлье. Танай Б.Наранхүү гэж нэг сайн эр байна. Таван жилийн хугацаанд ИХ-ын танхимд орж ирэхийг нь бараг үзсэнгүй. Цаашид энэ гишүүнээ хуралд суулгаж бай. "Ойлгохгүй юм чинь тэнд сууж хайран цагаа барж яадаг юм" гэсэн ярилцлага өгөөд сууж байсан. Ийм байж болохгүй” хэмээв. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааны явцад чуулганы танхимд орж ирсэн гишүүдийг цол гуншингаар дуудан хоцорсныг нь сануулж байв. Тухайлбал “Т.Аюурсайхан цаг 30 минут хоцорлоо цагтаа ир. Х.Болорчулуун хоёр цаг тас. Дархан аварга А.Сүхбат аа та чуулгандаа нэг цаг хоцорлоо. Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ та цаг гучин минут хоцорлоо. Н.Учрал гишүүн ээ одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу" гэхчлэн зэмлэв.