Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганболд: Хятадын талаас Монгол Улсын гурав, ОХУ-ын хоёр боомтын хураамжийг нэмсэн

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын талаас зарим боомтын хураамжийг нэмсэн талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс хоёр хөрштэйгөө 46 боомтоор харилцаж байна. Тал талаасаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, харилцан уялдаа холбоогоо сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сүүлийн үед БНХАУ-тай хиллэдэг зарим боомтын хураамжийг нэмснээс шалтгаалан Монгол Улсын экспортын асуудалд хүндээр нөлөөлж байна гэх мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбогдуулан мэдээлэл өгье.

Боомтын хураамж нэмсэн асуудал Монгол Улсын гурван боомтод хамаарч байгаа. Үүнд, Шивээхүрэн, Гашуун сухайт, Бичигт гэсэн гурван боомт багтаж байна. БНХАУ-ын талаас боомтын хураамжийг нэмж байгаа талаар албан ёсны мэдээллийг манайд өгөөгүй. Бид холбогдох эх сурвалжуудаар дамжуулан хураамж нэмсэн асуудлыг олж мэдэн, цааш судлах ажлыг үргэлжлүүлж байна.

Хураамжтай холбогдсон асуудлаар зарим нэгэн буруу зөрүү ойлголтууд гарч байна. Тэгэхээр боомтын хураамж нэмсэн нь зөвхөн Монгол Улсын хувьд авсан арга хэмжээ биш.

Өвөрмонголын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын гурав, ОХУ-ын хоёр боомтын хураамж нэмэгдсэн” гэлээ.

Дээрх мэдээллийг хийсний дараа Д.Ганболд дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

- Боомтын хураамж хэдэн хувиар нэмэгдсэн бэ, нэмэх тухайгаа нөгөө улсдаа урьдчилан мэдэгдэх, зөвшилцөх ёстой юу?

Боомтын хураамжийг нэмэх тухай нөгөө талдаа мэдэгдэх шаардлага байхгүй.

- Боомтын хураамжийг нэмэх, хасах эсэх нь дотооддоо хийгдэж байгаа арга хэмжээ. Тиймээс боомтын хураамжийг нэмэх тухай нөгөө талдаа мэдэгдэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар нэг нэгэндээ урьдчилж болон албан ёсоор мэдэгдэх үүрэг хүлээдэггүй.

Боомтууд харилцан адилгүй хураамжтай байгаа. Жишээлбэл, Гашуун сухайтын боомт авто зам ашигласны, гаалийн бүрдүүлэлтийн, ариутгалын хураамж гэж авдаг. Хятадын талын Ганц модны боомт ачаа хэмжсэний, ариутгалын, хорио цээрийн, баримт бичиг бүрдүүлсний хураамж гэж авч байсан.

Харин өнгөрөгч сард нэмсэн хураамжийн хувьд нүүрсний тонн тутмаас 5.2 юань авдаг байсныг 8 юань болгон нэмэгдүүлсэн. Мөн 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт метал /зэсийн баяжмал/-аас  0.2 хувьтай тэнцэх төлбөр хураамж авах тухай шийдвэр гарсан байна лээ.

- Оюу толгой компанийн зэсийн баяжмал гаргадаг гарцыг нүүрс гаргадаг гарцтай нэгтгэснээр тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон учраас экспортоо зогсоож байгаагаа мэдэгдсэн. Энэ тухайд?

- Гашуун сухайт боомт Монголын талд 12 гарцтай. Эдгээр гарцуудын нэгийг нь Оюу толгой компани тусгайлан эзэмшдэг. Тэр гарцаар Оюу толгойн нэртэй бүх бараа бүтээгдэхүүн гарч байгаа.  Тэгэхээр Монголын талд асуудал байхгүй. Бид гаргадагаараа гаргаж л байгаа.

Нөгөө талдаа буюу Хятадын талдаа Гашуун сухайт боомт найман гарцтай. Тэдгээр гарцууд дээр л асуудал гарсан байх.