Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин Сингапураас “нэг Хятад” зарчмыг сахихыг шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Тайваниас Сингапурыг чиглэн тээвэрлэгдэж байсан байлдааны есөн хуягт тэрэг Хонг Конгийн гааль дээр саатуулагдсан юм.

Үүнээс шалтгаалан Бээжин, Сингапурын харилцаа хүндэрч, өчигдөр буюу Даваа гарагт Хятадын гадаад хэргийн яам Сингапурын талд эсэргүүцлээ илэрхийллээ. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэлдээ Сингапурыг Хонг Конгийн хууль дүрэм болон “нэг Хятад” зарчмыг сахихыг шаардсан байна.

“Хятадтай дипломат харилцаатай улсуудыг Тайваньтай ямар нэг албан харилцаа, тэр дотроо цэргийн салбарын хамтын ажиллагаатай байхыг Хятадын засгийн газар эрс эсэргүүцнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Мөн Сингапурын эрх баригчдыг “нэг Хятад” зарчмыг хатуу сахихыг шаардаж байна гэсэн юм.

Бээжин бас Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд өөр байр суурьтай байгаа Сингапурыг шүүмжилж байгаа.

Өнгөрсөн тавдугаар сард тусгаар тогтнолын талыг баримтлагч Ардчилсан Дэвшлийн Намын Цай Ин Вэн Тайваний ерөнхийлөгч болсноор Бээжин-Тайпэйгийн харилцаа эрс муудсан юм. Тиймээс Хятадын гадаад хэргийн яамны мэдэгдэл нь Сингапур, Тайваньд хоюуланд нь өгсөн анхааруулга болж байна.

Сингапур-Тайваний батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. 1974 онд хоёр орон “Старлайт” нэртэй хамтарсан төсөл эхлүүлснээр газар нутаг хомс Сингапурын цэргүүд Тайваний аралд бэлтгэл сургуулилалт хийх боломжтой болж байв.

 

Эх сурвалж: South China Morning Post