Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хилчдийг зэвсгээс нь салгаж, хилийн бүсийг 15 км хүртэл болгож багасгах уу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
ХХЕГ-ын цахим хуудсаас авав

Өнгөрөгч долоо хоногт Хилийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хууль зүй, Дотоод хэргийн яам энэ хуулийн төслөө татаж авахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг санаачлаад явна" гэдгээ илэрхийлэв. 

Түүний ийнхүү бухимдах болсон нь хилийн тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүдтэй холбоотой юм.

Учир нь хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай саналыг Байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүн гаргасан байв. Мөн зарим тохиолдолд хилчдэд цагдаа нарынх шиг тусгай хэрэгсэл хэрэглүүлэх, хилийн бүс гэдэг ойлголтод өөрчлөлт оруулах гэж байгаа зэргээс болж Ж.Энхбаяр гишүүн ийнхүү бухимджээ. 

“Хилийн хамгаалалтын бүсийг 15 км болгох гэж байгаагаа эргэн хараач гэж МАН-ын гишүүдээс гуйж байна”

Харин сөрөг хүчин болох АН-ын дарга З.Энхболд /тус намын ҮЗХ-ноос шинэ дарга сонгогдох хүртэл одоогийн даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэвээр үлдээсэн/ өөрийн цахим хуудастаа Хилийн тухай хуулийн талаар ийнхүү бичсэн байна. 

Тэрбээр “Хилийн цэргээ хилийн цагдаа болгож, хамгаалалтын бүсээ 100 км-ээс багасгаж 15 км болгох гэж байгаа бодлогоо эргэн хараач гэж МАН-ын 65 гишүүнээс гуйж байна

Хилийн цэргийг цагдаа болгох асуудал урд нь ч гэсэн яригдаж байсан. Яагаад одоо хүртэл шийдээгүй вэ гэхээр Монгол Улсын онцлог байгаа юм. Бид Европийн төвд оршдог, цэргээр хилээ хамгаалах шаардлагагүй, хоорондоо чөлөөтэй зорчдог, нэг улс нь манай нэг аймгийн нутаг шиг жижиг газар нутагтай улс биш юм. Тийм улсууд хилийн цагдаатай байж болно. 

Манай хоёр хөрш хоёулаа цэргээр хилээ хамгаалдаг, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд. Энэ хоёр маань хилээ нийлүүлээд нэг улс болохгүй нь тодорхой тул манайх хилтэйгээ байна, хил байгаа бол цэргээр хамгаалж л таарна. Энэ оны УИХ-ын сонгуулиас хойш болсон үйл явдлууд (Их Британи Европийн холбооноос гарсан Brexit, АНУ-д Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон), мөн ирэх жилүүдэд бусад улсад болох сонгуулийн үр дүнг харвал Монгол Улс гадаад бодлогоо яаралтай эргэн харах болсныг харуулж байна.

Дэлхий нийтийн шинэ хандлагыг харвал яагаад ч хилийн цэргээ хилийн цагдаа болгож болохгүй” гэжээ. 

“Зайлшгүйгээс бусад тохиолдолд резинэн сумтай буу, бороохой хэрэглүүлэх асуудлыг тусгасан” 

 

Харин хууль санаачлагчдын зүгээс дараах хариултыг өгч байна. 

Хууль зүй, Дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Хилийн тухай хуулийн талаар дараах асуултуудад хариуллаа.  

-Хуулийн төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох асуудлыг тусгасан уу? 

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, Байнгын хорооны түвшинд хэлэлцэгдээд явж байна. Энэ хуулийн төсөлд хилийн цагдаа гэдэг үг үсэг байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

-Хилийн цэргийг зэвсэгээс нь салгаж, гав, бороохой авч явах хэмжээнд аваачлаа гэсэн шүүмжлэл байгаа. Хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгасан бэ? 

-Хилийн цэрэг зэвсэг, техникээсээ татгалзаад, тусгай хэрэгсэл хэрэглэх гэж байна гэж яригдаад байгаа. Хил хамгаалах алба нь цэргийн байгууллага учир тодорхой хэмжээнд галт зэвсэг хэрэглэх нөхцөл байдал нь Цэргийн албаны тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа.

Мөн хил хамгаалах алба нь хууль сахиулах шаардлагыг иргэд, аж ахуйн нэгжид тавих чиг үүрэгтэй. Тиймээс зайлшгүйгээс бусад тохиолдолд галт зэвсэг хэрэглэхгүй байх үүднээс үхэлд үл хүргэх зэвсэг буюу резинэн сумтай буу, бороохой хэрэглүүлэх асуудлыг тусгасан

Өөрөөр хэлбэл, байлдааны галт зэвсэгийг ямар нөхцөлд хэрэглэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Өмнө нь тийм заалт байгаагүй.   

-Гадаадын Иргэн Харьяатын Газрын хариуцаж байгаа чиг үүргийн тодорхой хэсгийг Хил Хамгаалах Ерөнхий газарт харьяалуулахаар болж байгаа гэсэн. ГИХГ-ын ямар чиг үүргийг ХХЕГ-т хариуцуулахаар тусгасан бэ? 

-Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг нь ГИХГ-т байгаа. Гэвч үүнтэй холбоотойгоор хөрш орнуудын хил хамгаалах чиглэлийн байгуулллагуудаас тодорхой хэмжээний шаардлагууд ирсэн. Тухайлбал, танайхаас зорчигч, тээврийн хэрэгслийг дутуу бүртгэж гаргасан тохиолдол байна гэх зэрэг. 

Үүнтэй холбоотойгоор олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хилтэй холбоотой асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлага гарсан. Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг л ГИХГ-аас шилжиж ирнэ. 

Хилийн шалганыг ХХЕГ-т шилжүүлснээр боомтын аюулгүй байдал, түүнтэй холбоотой үүсч байсан зөрчлийн асуудал шийдэгдэнэ

-Энэ хуулийн төсөл батлагдвал Хил хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх үү? 

-Тийм зүйл байхгүй. Хил хамгаалах байгууллага тогтвортой мэргэжсэн байгууллага байх ёстой. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан.  

-Хилийн зурвас, хилийн бүсийн асуудал анхаарал татаад байгаа. Хилийн бүсийн 100 км хүртэл гэсэн хэмжээг 15 км болгож багасгахаар тусгасан нь үнэн үү?

-Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд хилийн бүс, хилийн зурвас гэсэн хоёр ойлголт байгаа. 

Хилийн зурвас гэдэг нь хилийн шугамаас 15 км хүртэл өргөнтэйгөөр татдаг шугам юм. Хилийн бүс гэдэг нь хилийн шугамаас 100 хүртэл км-ийн өргөнтэй татдаг шугам.

Энэ бүс нутагт хил хамгаалалтын тодорхой дэглэмүүд үйлчилдэг. Жишээ нь, хилийн бүсэд хадлан тэжээл бэлтгэх, мал өвөлжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг. Энэ нь хил хамгаалалтын асуудалд ач холбогдол багатай зүйл. 

Тиймээс хил хамгаалалтыг хилийн зурвас дотроо найдвартай, үр дүнтэй хийх нь чухал гэж үзсэн. Түүнээс биш хилийн зурвас 15 хүртэл км байна гэдэг нь хуучин хууль дээр ч байсан зохицуулалт. Энэ зохицуулалт нь хэвээрээ хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хилийн зурвас дахь газар нутгийг хил хамгаалалтад зориулна гэсэн үг. 

Харин шинэ хуулийн төслөөр хилийн бүс гэдэг ойлголтыг хил орчмын нутаг дэвсгэр гэдэг болгосон. Ингэснээр Монгол Улсын 14 аймгийн  70 сум хил орчмын нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа. Одоогийн хуульд хилийн бүсийг 100 хүртэл км гэж заасан байдаг бол шинэ хуулийн төсөлд тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тодорхойлогдоно гэж заасан.   

-Хилийн бүсийн асуудлыг өөрчилснөөр хил орчмын аюулгүй байдал алдагдах вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг хэрхэг зохицуулах вэ? 

-Өнөөдрийн зохицуулалтаар хилийн бүс, хилийн зурваст аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах нээлттэй байгаа. Хил хамгаалах байгууллага нь уул уурхайн ч юм уу, аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй. Энэ асуудлыг тус тусынх нь хуулиар зохицуулдаг.