Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЧИНГИС ХААН шинэ Ерөнхийлөгч ТРАМП-д юуг сургахсан бол? Жак Уэтерфорд

Зууны мэдээ
2016 оны 11 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Нийтлэл бичсэн ЖАК УЭТЕРФОРД, нийтэлсэн 2016.11.24 Албан ёсны зөвшөөрлөөр орчуулсан Ц.Батмөнх 2016.11.28
www.medeelel.com


Алдарт Чаусер, Жефферсон нарын хүндэтгэн биширсэн Монголын гарамгай удирдагчийг өнөө үед өршөөл энэрэлгүй, харгис хэрцгий, зэрлэг бүдүүлэг төдийхнөөр няцаан дүгнэсэн хэвээр. 
Америкчууд бид Дундад Азид дэлхий дахины сонорт өртсөн алдаа гаргаад байхад, харин чухам юуны учир Чингис хаан Дундад Азийг амжилттай байлдан дагуулж чадсан бэ? 


Дэлхийн өнцөг буланд өрнөсөн жижиг дайн тулаанд барьж буй АНУ-ын бодлогоос эрс ялгаатай нь Чингис хаан цаг ямагт цор ганц, товч тодорхой зорилгын төлөө тэмцэж байсан. Тэр бол Ялалт. Ялалт ялалтандаа бүрэн төгс ялалт. Баталгаагүй, хуурмаг, түр зуурын, тохиролцсон, асуулт дагуулсан ялалтууд байсангүй.

XXI зуун гарснаас хойш Америкийн Нэгдсэн Улс XIII зууны үед Монголчуудын амжилттай байлдан дагуулсан Афганистан, Ирак, Сири зэрэг улсад тодорхой бус, уршиг нөлөө ихтэй дайн тулаанд оролцоод байна. Гэтэл Монголчууд эдгээр улс орныг хэдхэн сард бүрэн эзэлж, умард Ираны сүрлэг уулсын цайз хэрэмд үүрлэсэн, зартай алан хядагчдын нууц бүлэглэлийг бүрэн устгаж, Монголын эсрэг тэмцэл эсэргүүцлийг ул мөргүй арилгаж чадсан. Өршөөл энэрэлгүй үзэлд нэвт итгэн ялт хэрэг үйлдсэн Осама Бин Ладений адил Багдадын Халифыг номхотгон дарж чадсан. 

Монголчуудын хатуу ширүүн, цус урсгасан хэмээгдэх байлдан дагууллын үр дүнд Ойрхи Дорнодын улсуудад, тэр дундаа эдгээр оронд урьд хожид үзэгдээгүй амар амгалан, хөгжил цэцэглэлийн хөрс суурь тасралтгүй тавигдсан байхад, Америк Улсын зүгээс тус орны хүүхэд багачуудыг нэгээхэн ч өдөр ч амь үрэгдүүлэхгүй байх, эмнэлэг сургуулийг бөмбөгдөхгүй байх, энгийн иргэдийг хорт утаагаар хордуулахгүй байх, Европ тивд тогтворгүй байдлын аюул нүүрлүүлж буй дүрвэгсдийн тасралтгүй урсгалыг зогсоохын төлөөх хангалттай арга хэмжээг явуулж чадаагүй байна.

Тухайн үед Чингис хааны Монгол үндэстэн одоогийн Макдоналдс хоолны газрын ажиллах хүчний тооны бараг талтай тэнцэхүйц сая гаруйхан хүн амтай, орчин үеийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд уужуухан багтахаар зуун мянгахан цэрэг дайчидтай байсан. Гэсэн хэдий ч цөөхөн хүнтэй Чингисийн арми байлдан дагуулалт хийх төдийхөн бус, зуу зуун сая хүмүүсийг захиргаандаа хурааж нэгтгэсэн түүхтэй. Гэтэл одоогийн АНУ тухайн үеийн Чингисийн армиас бараг хорь дахин илүү зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй, гурван зуу дахин илүү хүн амтай, цэргийн төсөв зардал, техник технологиор хэмжээлшгүй илүү нөөцтэй байна. Монголчууд өөрсдөөсөө хүчирхэг Хятад улс, Хорезмийн вант улсын эсрэг саадаг нум сумтайгаа тэмцэж ялсан билээ. Чухам яагаад Монголчуудын Багдад дахь аян дайн амжилттай дууссан байхад, Америкчууд бидний дайны үр дүн асар амжилтгүй байна вэ?

Америкчууд бид Чингис хааны байлдааны туршлага, замнасан замнал, тэмцсэн тэмцлээс суралцахгүй буйн учир шалтгаан бол Александр Македонский, Юлий Цезарь, Наполеон Бонапарт зэрэг баруун ертөнцийн цуутай байлдан дагуулагч нартай адилтган үздэггүйгээс гадна түүнийг одоог хүртэл бидэнд юуг ч зааж сургах чадваргүй Азийн нэгэн зэрлэг бүдүүлэг харь хүмүн хэмээн үзсээр буйд оршино. Европын түүхэн дэх гарамгай байлдан дагуулагчид, алдар цуутай хууль боловсруулагч нартай адилтган Чингис хааныг бичиг үсэггүй, боловсрол соёлгүй зэрлэг нүүдэлчин хэмээх үзэл орчин цагийн барууны ертөнцөд одоог хүртэл амь бөхтэй оршсоор байна. 

Гэвч үгүй юм, тухайн үедээ барууны ертөнцөд Чингис хааныг маш ихээр хүндлэн биширч байсан он цагийн түүхэн баталгаа бий. Алдарт зохиолч Жеоффри Чаусер түүнийг “Сүр жавхлант эзэн хаан”хэмээн өргөмжлөн дуудаж, “Энэхүү сүр жавхлант эзний нэр Чингис хаан, Эрин зуундаа тэрээр алдар суугаа мандуулсан, Энэ дэлхийн хаана ч түүнээс өөр Эгэл бүхний шүтээн үгүй байлаа” хэмээн 1395 онд дэлхийн түүхэнд тодоор мөнхөрсөн алдарт ” Кантерберийн домгууд” номондоо шагшин магтжээ.АНУ-Ын Тусгаар тогтнолын тунхагыг зохиогч, гуравдахь Ерөнхийлөгч Томас Жефферсон мөнхүү Чингис хааны түүх намтарыг судлан цуглуулж байсан бол Английн нэрт түүхч, улс төрч Эдвард Гиббон “Ромын Эзэнт гүрний уналт” номондоо магтан бичсэн бий. 

Ихэнх хүмүүс өнөөдөр Чингис хааны ялалтыг балмад хэрцгийллийн үр дүн хэмээн ойлгодог. Чингис хаан өөрийн өстөн дайснуудыг эрхшээн дарахын тулд түйвээн дэгдээж түймэрдэн шатаах тактикууд хэрэглэж байсан нь үнэн. Гэвч хэрвээ тэрхүү харгис балмад хэмээн нэрийдүүлсэн ялалт нь урт удаан хугацаанд үргэлжлэх ялалтыг бататгах үндэс болсон гэж адилтган үзвэл АНУ Солонгост хийсэн дайнаасаа хойш дэлхийн бүх улс орныг хялбархан эзэлчихээр байсан бол уу. Чингис хааны ялалтыг хэдий чинээ үл ойшоон огоорох аваас түүний саруулаар сэтгэн, алдаагүй төлөвлөж, зөвөөр хэрэгжүүлсэн ялалтуудын үнэ цэнэ нь Америкийн бодлого боловсруулагч, дайны төлөвлөгөө зохиогчдын хувьд эдгээр гурван ухаанаар цөхрөн харамсмаар дутагдаж буйг сануулах бизээ. 

Эдвард Гиббон,  Томас Жефферсон нар Чингис хааныг ухааран харж чадсан шиг яагаад бид түүнээс суралцаж чадахгүй байгаа гэж? Чингис хааны байлдан дагуулал, ялангуяа эзэлсэн орны ард иргэдийг амжилттай нэгтгэн удирдаж, эрх чөлөө хөгжил цэцэглэлийг түгээж байсан ялалтын цуурайг таван үндсэн үзэл баримтлалаас дүгнэн харж болно. 

1. Төгс итгэл (Total Confidence)
Чингис хаан ялалт байгуулах нь тодорхой болтлоо хэзээ ч довтолдоггүй.

Цэрэг армийнхаа бэлтгэлийг хангаж, өрсөлдөгчийнхөө цэргийн хүч, нийгмийн салбар бүтцийн талаар асар их тагнуулын мэдээ цуглуулдаг. Ялж дийлэх боломжгүй бол цэргийн довтолгоог заримдаа олон жил сараар ч хойшлуулахдаа үндсэн зорилгоо хэзээ ч үл умартдаг байв. Мөн өөрийн ард иргэд, ялангуяа цэрэг армидаа итгэл үнэмшилийг нэгэн адилаар сэнхрүүлэн ойлгуулдаг.

Дайн зарласан тохиолдолдд ялалтандаа бүрэн төгс итгэлтэй байж, асар түргэн хугацаанд ялалт байгуулж чаддаг, тухайн зуурын эрсдэл хохирлыг үл харгалзан, өөрийн цэрэг дайчдын амь насанд хамгийн бага гарз хохирол учруулах боломжит бүх арга хэмжээг явуулдаг байжээ. Чингис хаан  ард иргэддээ бүрэн төгс итгэж, түмэн олон нь түүнд бүрэн итгэл хүндэтгэлийг үзүүлдэг байсан.

2. Тодорхой зорилго (Clarity)

Чингис хаан дайн тулаан хийх, энх тайвныг тогтоох өөрийн зорилгоо тов тодорхой мэддэг, өөртөө дагаар орогсод болон өрсөлдөгч дайсандаа тэгш байдлаар ойлгуулж чаддаг байв.

Довтлон дайтахдаа өрсөлдөгч талдаа цор ганц бодит сонголтыг санал болгодог. Америкчууд Дэлхийн 2-р дайнд Япон, Германы эсрэг дайнд ялах боломжтой үед оролцсон шиг гарцаагүй буулган авах, бүрмөсөн ялах тохиолд Чингис хаан төгс сонголтыг  хийж чаддаг байсан. Чингэхдээ Холбоотны арми Дрезден, Вүрцберг хотыг галан шуургаар бөмбөгдсөн шиг, Америкчууд Нагасаки, Хирошима хотын энгийн номхон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насыг атомын бөмбөгөөр сүйдүүлсэн шиг тийм уяанаасаа алдуурсан харгис хэрцгий зэрлэг үйлдлийг энгийн номхон ард иргэдийн эсрэг Чингис хаан хэзээ ч хийж байгаагүй.

Түүний эсрэг улайран тэмцэлдвээс тэднийг бүрмөсөн орвонгоор устгах,  үг дуугүй бууж өгөн дагаар орох аваас тэднийг өшөөтөн дайснаас нь хамгаалан өмгөөлж, өргөсөн амлалтаа үнэнч шударгаар биелүүлдэг байжээ.

3. Боломжит сонголт (Choices)

Чингис хаан дайн зарлах шалтгаан нөхцөлийг товч тодорхой зарлан тунхаглахгүйгээр, мөн  эсэргүүцэл тэмцэлгүй бууж өгөх тохиолдолд ямар боломжит сонголт буйг ойлгуулан таниулахгүйгээр хэзээ ч довтолгооныг эхлүүлж байсангүй.

Америкийн зарим Ерөнхийлөгч нар ардчиллыг сэргээн босгох, хүний эрхийг дээдлэх, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг чөлөөтэй болгох, шинэ дэлхийн хууль цаазыг бүтээх явдлыг үл тоомсорлон орхигдуулж байсан бол Чингис хаан өөрийн элч төлөөлөгчөөр, мөн эсрэг талынхаа хот сууринд харван илгээх эрчит сумаараа үгэн санамж захиа дамжуулан бодитой хэрэгжих тодорхой боломжийг санал болгодог байжээ.

Чингис хаан эмэгтэйчүүдийг боолчлон худалдаалах, барьцуулан хулгайлахыг цаазаар хориглож, шашны байгууллага, эмч домч эмийн худалдаачид зэрэг олон нийтийн үйлчилгээнд ажил эрхлэгчдийн худалдааны татварыг хөнгөлөн хүчингүй болгож, хүн бүхэнд сүсэг бишрэл, шашны эрх чөлөөг олгож, алив нэгэн хээл хахууль, хулгай зэлгээг сүр хүчээр яллан цээрлүүлж байв. Хэрвээ эсрэг тал хүлээн зөвшөөрч, үг дуугүй бууж өгөх аваас олон зүйлд, ялангуяа худалдаачдын татвар гувчуурыг нэмэгдүүлэхийн оронд огцом багасгах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Чингис хаан алдагдсан хохирсон эд хөрөнгийг буцаан олгох баталгаа гаргаж, аялал жуулчлал худалдаа наймаанд дэмжлэг тус болохуйц  өртөө улааны алба, гүүр байгууламж, аялан зорчих замын бүрэн бүтцийг бүтээн бий болгосон. Дагаар орохоос татгалзан эсэргүүцэх, үл тоомсорлосны үр дагавар нь “Мөнх хөх тэнгэр мэдэг” хэмээн зарлигдах аймшиг дагуулсан Монгол гэсгээл цээрлэл байсан ажээ.  

4. Бодит шийдвэр (Consequences)

Хэдийгээр Монголчуудын үгэн сүрдүүлэг хоосон мэт санагдавч тодорхой санал шийдвэрийн үр дагавар нь айдас төрөм бодитой байв.

Нэн түрүүнд бууж өгөхөөс татгалзсан бүх удирдагч, тэдний угсаа залгамжлагчид, язгууртан ноёд, удирдлагын тогтолцоог бүхлээр нь мохоон устгадаг байв. Чингис хаан заналт дайснаа ятган үнэмшүүлдэггүй,  басамжлан доромжилдоггүй, өөртөө татахыг хичээдэггүй, эзэнт гүрнийхээ хүрээлэлд хураан оруулдаггүй байсан. Ингэх аваас байнгийн бэрхшээл, эсэргүүцлийн урхаг уурхай болно гэдгийг сайн мэддэг байв. Тэдгээр удирдагч нарыг өөрсдийн улс үндэстэнээ ялалт өөд удирдан жолоодох чадваргүй бөгөөс хөсөр хаяж, устгадаг.

Мөнхүү дайсныхаа цэрэг армийн хувьд ч энэхүү шийдвэрийг хэрэгжүүлнэ. Түүний хувьд тэдэнд орших орон зай үгүй. Дээд зиндааны ахмадуудыг гэсгээх хэдий ч, нэхмэлч оёдолчин, төмрийн дархан, ваар урлаач, бичгийн боловсролтой, авъяас чадвартай хүмүн бүрийн амь насыг хэлтрүүлэн өршөөнө.

Авъяас чадвар муутай хүмүүсийг ээлжит их аян дайндаа тэргүүн шугамд явуулж, суваг шуудуу ухуулж, Монгол дайчдын амьд халхавч бамбай болгон, Монголчуудад зохимжгүй, аюул халгаатай ажлыг гүйцэтгүүлдэг байв.

5. Тууштай бодлого (Consistency)

Чингис хаан өөрийн амлалтаа бататгаж, хууль цаазтай амгалан төрийг тогтооход тогтвортой бодлого, нягт ажиллагааг байнга хэрэгжүүлдэг байсан. Түүхийн товчоон бичээч, Персийн алдарт түүхч Ата Малик Жувайни “Алт дүүрэн ваар толгой дээрээ тээсэн танхил ариун охин халдлага дээрэм, айдас түгшүүргүйгээр  Монголын эзэнт гүрний нэг захаас нөгөө хил хязгаар хүртэл алхан зорчиж чаддаг байв” хэмээн нэгэнтээ тэмдэглэн үлдээсэн буюу.

Чингис хаан аян дайн хийхдээ төгс төгөлдөр ялалтаар дуусгаж, эв найрамдлыг зорихдоо бүрэн төгс амгалан байдлыг тогтоодог байсан. Дайн тулаанд мордож байсан шигээ улс гүрнээ удирдан хураахдаа тууштай тогтвортой бодлогыг эрхэмлэдэг байсан. 

Чингис хаан хатуу чанга хуультай ч амьдралын бодит шаардлагыг ухаарч мэдэрдэг, алдаа онооноосоо байнга суралцдаг, нөхцөл байдалд тохируулан засч залруулж чаддаг байв. Байлдааны тушаалтай бэрх үед ч хатуу шийдвэртээ өөрчлөлт оруулж сайн санаатай шударгуу баатарлаг өстөн дайснаа онцгойлон өршөөж байсан түүхтэй. Тухайлбал, эсрэг дайсны нэгэн дайчин баатар түүнд довтлон, унасан морийг нь харван унагахад Чингис хаан амь насандаа халдахыг завдсан чин зоригт довтлоочийг хэн болохоо таниулж мэдүүлэхийг шаардан зарлигджээ.

Өршөөл өчиггүй үхэл, зайлшгүй цаазын яланд унах айдас хүйдэсээр дүүрэн хэдий ч нуугдаж хоцролгүй тэр баатар урагш алхан өөрийгөө илчилсэнд Чингис хаан өрсөлдөгч талын удирдагчийг довтлон байлдах түүний эр зориг, хүлээсэн үүрэгтээ чин үнэнч шударга занг нь зөвшин үнэлж, цаазлан хороохын оронд өршөөн хэлтрүүлж, өөрийн армийн өрлөг жанжинаар томилсон билээ. Чингис хаан унасан хүлгийг нь харван унагасан зэвтэй сумны нэрээр дайчин баатрын суу алдрыг Зэв баатар хэмээн өөрчлөн өргөмжилсөн.

Хожим Зэв жанжин дэлхий дахинд суу алдараа бадруулсан Монголын гарамгай жанжин болсон. Бас нэгэн тохиолыг хэлбэл, Чингис хаан өөрийн өрсөлдөгч Хэрэйд улсын Ван хааныг довтлон дайтахдаа, насан өндөр тэр хааны бие хамгаалагчид гарцаагүй ялагдалд хүрсэн хэдий ч амь насаа үл хайхран аймшиггүй эрэлхэгээр хамгаалан тэмцэж буйг хараад, мөхөсдөн ялагдаж буй удирдагчийнхаа төлөөх чин үнэнч хатамжит сэтгэлтэй тэд өөрийг нь ч бас хамгаалан явж чадахыг сэтгэрэн ухаарч, тулалдааны дараа өөрийн бие хамгаалагчаар зүтгэхийг өршөөн асуусан түүх бий. 

Чингис хаан даян дэлхийн энх тайвныг зуун зуун жилээр тогтоохдоо,  шилдэг армийнхаа сүр хүчээр бус, сөхрүүлсэн дайсныхаа ялалтын уухайгаар биш, суу билэг саруул ухаанаараа тогтоосон. Монгол гүрний нэгэн захиргаан дор энгийн ард олонд сайн сайхан амьдарлыг амалсан учраас, тухайн ард түмнийг мөрдлөгө хавчлага, айдас хүйдэсгүйгээр уламжлалт соёл, шашин шүтлэгээ даган амьдрахыг зөвшөөрснөөр амар амгалан тайван байдал тасралтгүй тогтуун үргэлжилсэн байдаг. Чингис хаан хэзээ ч эзэлсэн орныхоо ард олныг Монголчууд шиг болохыг, амьдралын цутгамал хэв загварт орохыг шаардаж байсангүй. 

Таван үзэл баримтлал буюу төгс итгэл, тодорхой зорилго, боломжит сонголт, бодит шийдвэр, тууштай бодлого Чингис хааны хамгийн хүчтэй зэвсэг байсан. 

Америкчууд Чингис хааны энэ таван үзэл баримтлалд дутуу анхаарч, ач холбогдолыг орхигдуулж, дэлхий дахинаар алан хядах ажиллагаатай тэмцэхэд түр зуурын дутмаг бодлого явуулсаар байна. Америкийн удирдагчид өнгөн дээрээ хурц чангаар ярьдаг ч, ачир дээрээ утга авцалдаагүй байдлаар хандаж, бүтэмж муутай бүдүүлэг ширүүн хариу арга хэмжээ авсаар байна. 

Дараагийн шинэ Ерөнхийлөгч маань Чингис хаанаас арвин ихээр суралцаасай. 

Нийтлэлийг бичсэн: “ЧИНГИС ХААН ба БУРХАНЫ ЭРЭЛ” номын зохиогч Жак Уэтерфорд

Daily Beast “Өдрийн араатан” мэдээллийн агентлаг
2016-11-24
http://www.thedailybeast.com/articles/2016/11/24/what-genghis-khan-could-teach-trump.html

Зураг