Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

5 тэрбум төгрөгөөр хийгдсэн цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ашиглах боломжтой юу?

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлууд болон хөрөнгө оруулалтын талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Уг хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны гишүүд, Ус Сувгийн Удирдах Газрын удирдлагууд болон холбогдох бусад албанынхан оролцсон юм. 

Төв цэвэрлэх байгууламжид хүлээж авдаг ус өндөр бохирдолтой ирдэг. Дээр нь тус байгууламжийн цэвэрлэгээний түвшин орчин үеийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа учир маш их хэмжээний бохирдолтой ус Туул голд цутгадаг байна.

Одоо ашиглаж буй цэвэрлэх байгууламжийг засч, сэлбээд ч хүчин чадал нь хүрэхгүй болсон тул шинээр цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлага тулгараад буй. Өмнөх Засгийн газрын үед тендер зарлан, 5 тэрбум төгрөгийн өртгөөр ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэсэн ч өнөөдрийн хэлэлцүүлгээр дээрх ТЭЗҮ-д шаардлага хангаагүй, дутагдалтай зүйл олон байгааг ярьцгааж байна.   

2016 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас 55 аж ахуйн нэгжид шалгалт явуулахад ноос ноолуурын үйлдвэрүүдийн хаягдал усанд химийн хэрэгцээтэй хүчилтөрөгчийн бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 24.2 дахин их, өлөнгийн үйлдвэрүүдийн сульфитын хэмжээ стандартаас 57.5 дахин их гарсан байна.

Үйлдвэрийн гаралтай бохир ус нь:

  • Хавдар үүсгэгч зургаан валенттай хром, хүнцэл, 
  • Тархи, мэдрэл, бөөр гэмтээх хар тугалга, мөнгөн ус, кадми,
  • Нөхөн үржихүйн дархлагааг бууруулагч удаан задардаг нэгдлүүд, 
  • Арьс салстыг гэмтээгч хүчил шүлтүүд ихээр агуулагдсан байдаг. 
  • Гэтэл ийм бодисоор бохирлогдсон усыг Төв цэвэрлэх байгууламж хүлээн авч зөвхөн хог хаягдал, зөөлөн эдийн тунгааж аваад бусад химийн найрлагатай усыг агаар хөрсөнд нэвчлүүлэн, Туул гол руу цутгаж байна. 
Ц.Гарамжав: Тендерээр хийсэн инженерийн байгууламжууд чанаргүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг хэлэлцүүлгийн талаар БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжаваас тодрууллаа. 

-Энэ хэлэлцүүлгийн гол үр дүн нь юу вэ? 

-Бид өнөөдөр төр засаг, олон нийтийн байгууллагууд, судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч санал солилцож байна. Өнөөдрийн тулгамдсан асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийн хүндрэлүүдээс хэрхэн салах вэ, бохирдлын асуудлыг эхний ээлжинд хэрхэн шийдэх вэ, хамгийн гол нь шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг хэлэлцэж байна. 

Үүний дагуу холбогдох байгууллагуудад чиглэл өгч, ажлын хэсэг байгуулан ажиллана. Ажлын хэсгүүд өмнө нь хийгдэж байсан зураг төслүүдийг судалж үзнэ.Үүний дүнд Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байгальд ээлтэй, хөрс усны бохирдлыг шийдэж чаддаг далд шугам хоолойтой цэвэрлэх байгууламж барих шаардлагатай. Тийм технологийг судлахын тулд бид өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

-Орчин үеийн шаардлагад нийцсэн цэвэрлэх байгууламжийг барихын тулд хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

-Энэ ажлыг хийхэд мэдээж маш том хөрөнгө оруулалтын асуудал яригдана. Бид олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудад саналаа тавьж, хамтарч хэлэлцэнэ. 

-Өмнө нь явагдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг хариуцах сонгон шалгаруулалт үргэлжлэхгүй гэсэн үг үү? 

-Өнөөдөр бид ажлын хэсэг байгуулах гэж байна. Энэ ажлын хэсэг маань өмнө нь 5 тэрбум төгрөгийн өртгөөр хийсэн ТЭЗҮ-ийг судална. Үүний дараа сонгон шалгаруулалтыг дахин зарлах уу, яах вэ гэдгийг шийднэ.  

-Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь нийт хүчин чадлынхаа тал хувийг л цэвэрлэж байна. Дээрээс нь цэвэрлэхээр тусгагдаагүй үйлвэрүүдийн бохирдлууд асар их очиж байна. Мөн цэвэр ус, гүний ус, хөрсний ус хэрэглэгдээд дахин ашиглагдах ёстой байтал бүгд цэвэрлэх байгууламж дээр очиж ачаалалыг нь хүндрүүлж байна. 

Мөн авсан тендерээ хариуцлагагүй гүйцэтгэсэн жишээ харагдаж байна. Тавьсан насос, хийн шахуургууд нь ажиллахгүй байна. Тэр байтугай цэвэрлэх байгууламжид чанаргүй хоолой нийлүүлснээс хагарсан байдалтай байна. Инженерийн байгууламжийн тендерийг ингэж хариуцлагагүй хийж болохгүй. 

Б.Батсүх: Шинэ цэвэрлэх байгууламж баригдтал хуучнаа ажиллуулна
 

/Ус Сувгийн Удирдах Газрын Ерөнхий инженер Б.Батсүх/

-Төв цэвэрлэх байгууламж аваарийн нөхцөл байдалтай ажиллаж байна гэж мэдээлж байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ? 

-Цэвэрлэх байгууламж маш хүндрэлтэй ажиллаж байгаа. Хүлээж авч байгаа усны хэмжээ, бохирдлыг хэмжээгээрээ ч тэр хэвийн ажиллах боломжгүй. Мөн цэвэрлэх байгууламжийн бетон хийцүүд муудсан. Энэ нь хөрсөнд бохир ус нэвчих нөхцөл үүсгэж байна. 

-Яг ийм нөхцөл байдал үргэлжилбэл тэг зогсолт хийнэ гэсэн үг үү?

-Төдийд, өдийд тэг зогсолт хийнэ гэж хугацаа хэлэх боломжгүй. Маш хүндрэлтэй нөхцөлтэй байгаа. Манайхан аль болох боломжтой хэмжээгээр,  шинэ цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад орох хүртэл ямар нэгэн байдлаар хуучин цэвэрлэх байгууламжийг ажиллуулна гэсэн зорилготой л ажиллаж байна. 

-Шинэ цэвэрлэх байгууламж барихад ойролцоогоор хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ? 

-Шинэ цэвэрлэх байгууламж баригдах ТЭЗҮ-ийг боловсруулсан. Энэ ТЭЗҮ-ийн мөнгөн дүнгээр 700-гаад тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 

-Саяны яригдсан ТЭЗҮ-ээр зарим нэг учир дутагдалтай зүйлүүд байсан гэж байна. Тухайн үед энэ тендер зарлагдаад шалгаруулах явцад дутагдалтай зүйлүүдийг нь мэргэжлийн байгууллагууд хянаж шалгаагүй юм уу? 

-Тухайн үед олон улсын нээлттэй тендер зарлаж энэ шалгаруулалтыг явуулсан. Шалгаруулалтад Нийслэл болон бусад байгууллагын төлөөллүүд оролцсон. Мэргэжлийн экспертүүд энэ дээр ажиллаж Монголд хамгийн ашигтай технологи гэж үзэн 2016 оны хоёрдугаар сард баталсан байдаг.

-Ирэх оны төсөвт Төв цэвэрлэх байгууламжид 8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж яригдаж байсан? 

-2016 онд улсын төсөвт 8.1 тэрбум төгрөг суулгаад засвар үйлчилгээний ажлууд хийгдээд явж байгаа. 2017 оны төсөвт бид санал оруулаагүй. Гэхдээ 2014 онд улсын төсвөөр хийгдэж эхэлсэн хоёр тунгаагуурын ажил, био цэвэрлэгээний ажил гэсэн ажлуудын үлдэгдэл болох 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны төсөвт суулгуулахаар ажиллаж байгаа.