Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлын их ачааллаа бүтээлээрээ нимгэлж яваа хүн

Д.Цэрэннадмид
2016 оны 11 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

БИ ХЭНТЭЙ УУЛЗЧИХВАА БУЮУ УРЬДАЛ ҮГ

Тэр хүнийг би урьд нь зөндөө харсан. Эчнээ танил гэж хэлэхэд ч болно. Харин чухам хэн гэдэг болохыг өөртэй нь уулзатлаа мэдээгүй явлаа. Тиймээ мэдээгүй. Тэгээд сураг ажиг тавьж байж түүнийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл гэдгийг сонслоо. Ингээд тэр Д.Гэрэлтэй уулзах л юм бодож явсансан.

Гэтэл нэг мэдэмхий нөхөр (мэдэмхий  гэж дээ, харин ч бага залуугаас нь мэддэг хүн байж) тэр чинь Даваажавын Хурцаа гэдэг хүн. Олон үе дамжсан сайн гөрөөч юм шүү гэдэг байгаа. Дахиад л самуурч орхив. Сэтгүүлч мэргэжлийнхээ ачаар мөн ч олон хүнтэй уулзаж явлаа. Тэгэхэд урт хийгээд сонин дуу нэртэй нь л тааралдаж байснаас хоёр нэртэй хүн төдийлэн байгаагүй санагдав. Гайхав.

Нөгөө “Аман хуур” киноны Соном гуайн хөгшин хороо хорины хүн ирээд “Танайх хэнийх вэ? гэхэд Сономынх, Төмөрийнх гэж давхцуулан хэлж будилуулдаг л бодогдох. Тэгээд албан байгууллагыг нь сураглаж очоод хүссэн хүнтэйгээ уулзлаа. Сонин дүр харагдахаар нь лав зураг нь гайгүй сайхан гарах юм байна даа гэсэн эхний бодол төрөв.

Сонин гэснийхээ учрыг хэлбэл, гадаадын нэг рок дуучинтай төсөөлөм. Бас олон хоног сараар хээр хөдөө завгүй яваад ирсэн ч юм уу гэмээр зуурхан бодол төрсөн ч хэлэх ярихыг сонсох даруй нэг л аятайхан зөв хүний дүр зураг буугаад ирдэг юм. Тэгээд түүнээс хоёр нэрийнх нь учрыг асуувал төрсөн эцгээс авч үлдсэн нэр нь Даваажавын Хурцаа яахын аргагүй мөн гэнэ.

Харин айлд өргөгдсөний хойно нас биед хүрээд иргэний үнэмлэхээ авахдаа өргөж авсан хүнээрээ овоглож Дашцэрэнгийн Гэрэл болчихжээ. Тэгэхлээр энэ хоёр нэрийн аль аль нь сонины маань хойморт залрах зочны маань нэр аж. Гэхдээ төр төмбөгөр гэдэг болохоор иргэний үнэмлэх өвөртлүүлсэн тэр нэр нь Д.Гэрэл. Түүний уран бүтээлийн анд бурханч лам Б.Пүрэвбат нэг удаа,

-Хурцаа чамайг ер нь албин чөтгөр тоохгүй юм байна гэж. Яагаад гэсэн чинь Хүмүүс чамайг зарим нь Хурцаа, зарим нь Гэрэл гэж андуурах юм. Албин чөтгөр ч бас андуурах биз гэж хошигносон байна. Гөрөөч, Сартуул овогт тэрбээр Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, Монголын урчуудын эвлэлийн шагналт уран бүтээлч нэгэн юм байна.

Энэ хүний уг гарлыг хөөвөл аавынх нь тал нь Завхан аймгийн Алдархаан сумынх, ижий нь болохоор Увс аймгийн Давст сум. Тува хүн. Өвөө нь бас аав нь нэртэй гөрөөч хүмүүс байж. Хоёулаа улсын тэргүүний анчин явсан юм билээ. Тийм болохоор Д.Гэрэл гурван үе дамжсан анч, гөрөөч юм байна л даа. Бас байгалиас заяасан гарын уртай дархан, уран барималч. Ингээд түүний олон талтай баян намтрын тойргоор аялсан минь энэ.

ААВЫН ЗАХИАС АМЬДРАЛЫН ЛУУЖИН БАЙЛАА

Зочин Д.Гэрэл аавын минь захиас, гэрийн хүмүүжил намайг хүн болгосон гэж яриагаа эхэлсэн юм. Төрсөн аав Даваажав нь 1930-аад онд бага сургууль төгсөөд багш болсон нэгэн байжээ.

Гэхдээ насныхаа дийлэнхийг цэргийн амьдралд зориулсан. Чоно голын отряд гэж байхад дарга нь явж. Түүнээс “Та ааваасаа юу авч үлдсэн бэ” гэхэд цэгц шударга, түмэнд тустай, хүн нэрээ хадгалж явахыг л өвлөсөн гэж боддог доо гэсэн юм. Аав нь нэг удаа бие тааруу байхдаа хэлсэн үг байдаг нь,

-Хүн чамд атаархаж байвал өөрийгөө гайгүй яваа юм байна гэж бод. Хэрэв чамайг хүн өрөвдөөд байвал за болохоо байж гэж бод гэсэн сургаал байжээ.

Энэ үг Д.Гэрэлийн оюун ухаанд үргэлж уяатай явдаг аж. Би сургуулиар явж гавиагүй ч амьдралаас бүхнийг шахам олж авснаа аавынхаа сургаалыг чанд дагасны ач хэмээн боддог гэж тэр хэлж байна лээ. Явсан газраа цагаан мөртэй, хийсэн бүтээсэн юмтай. Тэр дотроо нийгэм хийгээд түмэндээ тус болж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад энэ биеэ зориулж яваа нэгэн энэ хүн. Анчин хүн яаж байгаль бас ан амьтнаа хамгаалдаг юм бэ? гэж сонирхон асуух хүн байдаг л даа.

Тэгвэл Монгол гөрөөчний өв соёл, уламжлалд олзонд нүдээ аньж сур. Түүнийхээ дараа хөх төмөр хөндлөн үүр гэсэн онч мэргэн үгийг анчин хүн байнга санаж явах учиртай юм байна л даа.

Бүр дээр үеэс уламжилж ирсэн гөрөөлөх соёлыг Гэрэлийн үеийн анчид сайн мэднэ. Харин зах зээлийн нийгэмд орох үеэс олзонд шунасан “толгойгүй” анчид олширч хуучин өв соёлыг уландаа гишгэн алах хядахыг эрхэмлэх болсон нь гажуудал болсон гэж тэр ярьсан юм. Тэр гажуудал сүүлийн хоёрхон арван жилд байгаль дэлхийдээ сүйтгэл үзүүлж ан амьтнаа барах шахсан нь гашуун үнэн.

Тэгвэл тэр гажуудлыг ан амьтнаа ашиг хонжоо харан хядаж цөөрүүлэх тэр хар үйлийг өв соёлоо мэддэг таны үеийнхэн зогсоохгүй яасан юм бэ? гэхэд,

-Тиймээ бидний буруу бий. Гэхдээ гайгаар дүүрэн гашилсан нийгэмд тухайн үеийн төр, засаг нь иргэдээ дураараа бол, ямар ч аргаар хамаагүй баяж гээд сул тавьчихсан. Бид хэлээд ч дийлээгүй. Хэлж яриад ч биелүүлэх боломж, эрх зүйн таарамж байгаагүй. Нөгөө ардчилагчид маань огт дэмжээгүй юм шүү дээ.

Бас өв соёлыг нь ухааруулж өгөөгүй учир залуучуудад буруу өгөх ч арга байгаагүй. Ан авын соёл, гөрөөлөх уламжлал гэдэг зүйлийг одоо л жаахан хүчтэй яримаар байгаа юм гэсэн юм. Дээр үед монголчууд хэдийгээр ан гөрөөгөөр амь зуулгаа хийж байсан ч хамжаарга даруулгатай байж.

Энэ тухай түүх шастирт ч тэмдэглэж. Нэг жишээ хэлье. Хайсан хүлэг хааны үед нэг жил сүрхий ган болоод дараа нь зуд нүүрлэхэд хаан зарлиг буулган ардуудыг түлш түлээгээ бэлдэх, ан агнахыг дураар болохыг зөвшөөр гэж гөрөөчдийн ахлагч нарт зарлиг хүргүүлж байсан гэдэг.

Энэ түүх бол монголчууд ойгоо ангаа гөрөөчид нь хамгаалж зохистой ан хийж байсан гэдгийг гэрчилж байна. Ан гөрөөний энэ өв соёлыг өнөө үе хүртэл өвгө дээдэс маань олон зууны турш өртөөлж иржээ. Тэгэхлээр жинхэнэ гөрөөч, анч хүн гэж хэнийг хэлэх вэ? гэвэл ан амьтны амьдрал, зан чанар, хүн байгалийн хоорондын шүтэлцээг сайн мэддэг, агнасан ангийнхаа ашиг орлогыг эргүүлээд байгальд нь, үлдсэн ан амьтанд нь зориулж чаддаг олзонд шунадаггүй тийм л хүнийг хэлнэ гэж анчин Д.Гэрэл хэлж байна.

Тэгээд үеийнхээ голдуу тийм хүмүүсийг нэгтгэн Монголын мэргэжлийн анчдын холбоог байгуулж ажиллажээ. Зочинтойгоо бэсрэгхэн хөөрөлдөв.

-Холбоо байгуулаад ажлаа олон талтай эхэлсэн үү дээ.

-Үнэхээр л сэтгэлээсээ анч гөрөөч болъё гэвэл чи мэргэжлийн бай гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Мэргэжлийн гэхээр сайн бууддаг, амьтан сайн алдаг хүнийг хэлдэг юм биш. Хэрэгтэй үедээ ёс жудагтай гөрөөлдөг, хажуугаар нь ойгоо цэвэрлэдэг, баяжуулж мод тарьдаг ой шатлаа гэхэд унтраалцах санаа сэтгэлтэй хүнийг хэлдэг байх учиртай. Ийм сэтгэлгээний цаад агуулга нь энэ ойд чинь ан амьтан байгаа юм шүү гэсэн санаа. Тийм л байж анчин хүний нүгэл буян хоёр тэнцдэг юм.

-Өнөө үед “Би ангийн хоббитой” гэж ярьдаг хүн цөөнгүй болсон.

-Энэ огт буруу. Хоббигоор ан хийнэ гэдэг чинь зугаацлын төдий зүйл. Тэгээд ч амьтан алж зугаацах гэж ч юу байхав. Дуртай бүхэн ан хийж болно гэдэг ойлгот бол “солгой” төр, засгийн муу анхаарлын уршиг.

-Төр, засаг муу ажилладаг гэж та хэлэв ээ дээ?

-Тийм ээ байгалдаа,ан амьтандаа хайр найргүй, дураар халдах боломжийг тавьж өгсөн нь алдаа байсан. Эрх зүйгээр ч хангаж өгөөгүй удсан шүү дээ. Үнэн биз дээ. Зарим хүмүүс дураар нь дэндээд ганц үсэрдэг буугаа голж, байлдааны буу оруулж ирээд амьтан руу шүршээд байсан. Саяхан л нэг юм байлдааны буу оруулахыг болиулах шийдвэрийг бид шаардаж байж гаргууллаа.

-Социализмын үед төлөвлөгөө биелүүлэх зорилгоор анг бас л их хийж, хийлгэж байсан даа?

-Үнэн л дээ. Асар олон амьтны амь хороох үе гарч байсан. Миний хувьд ангийн бригад ахлаад олон хоногоор явж л байлаа. Ан амьтан руу буу шагайхдаа “Би төрийн өмнөөс энэ гохыг мулталж байгаа юм шүү” гэсэн санаагаар өөрийгөө эзэмдүүлж явлаа. Төр, засгийн даалгавар биелүүлж байсан болохоор байгаль дэлхийн лус савдаг чинь төрд хишгээ хайрлаж байгаа гэсэн санаа юм даа.

Харин амьтан зовоохгүй зөв агнах нь гөрөөч хүний ёс жудагт байх учиртай. Бас оноож өгсөн даалгаврыг яг тоогоор нь битгий биелүүл. Гагцхүү чанараар нь нөхөж гүйцээ. Энэ бол яа гэсэн үг вэ? гэвэл монгол ухааны нэг зангилаа юм даа. Тухайлбал 200 зээрийн 20 тонн мах бэлдэх даалгавар авсан анчид дан тарганаас нь шилж агнаад 170-ыг агнаад даалгавраа гүйцээж болно. Цаана нь 30 зээр амьд үлдэнэ. Хамгаалж хайрлаж байгаа ухагдахуун энд бас харагдана л даа. Нэг зүйлийг энд онцолж хэлэхэд социализмын гэх үед ан агнуур гэдэг чинь ард иргэдийн хяналт дор байсан.

-Сүүлийн үед хулгайн анчид олширсон гэсэн яриа бий.

-Хулгайн анчид гэдэг нэр томьёо буруу юм шүү. Мэргэжлийн бидний нэр төрд ч халдсан гэсэн үг. Харин ан хулгайлж байна гэсэн утгыг бодож хулгайн ан хийгээд гэж ярих нь зөв. Ер нь амьтныг ална гэж ярьдаггүй, гөрөөлнө гэж ярьдаг. Бас гөрөөлнө гэдэг үгийн утга санаа нь тааралдсан ан болгоноо буудаад явахыг хэлдэггүй.

Гахай гөрөөлсөн бол гахайгаа л агна гэсэн үг. Гэрэл гэдэг хүн ингэж ярьж байна. Мэргэжлийн анчдын холбооны ажлаа гүйцэлдүүлэх гэж мэрийж явна. Сүүлийн жилүүдэд өөрөө үлгэрлэж байгалиа хамгаалахад ханцуй шамлан байгаа юм. Одоо эднийх Төв аймгийн Мөнгөн Морьтод мод үржүүлэх томоохон хүлэмжийн аж ахуйтай.

Байгаль минь муухай болох вий гээд мод тарьж эхэлсэн. Мод тарья, ургуулъя гэсэн байгууллага хүмүүст суулгацаа нийлүүлж байна. Одоо ан амьтнаа дуудахын тулд нуур тохижуулж байгаа гэнэ лээ.

Басхүү Бурхан Халдун уулын онгон байдлыг алдуулахгүйн үүднээс хаадын цогцолбор бий болгохоор зураг төсөл хийсэн ч үе үеийн Засгийн газар дэмжихгүй байгаад эрхэм зочин маань гомдонгуй явдаг бололтой юм билээ. Уг нь тухайн бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тэр Хаадын цогцолбор барих явдал юу юунаас чухал ажээ.

Д.ГЭРЭЛИЙН НЭГ ОЛЗ НЬ УРАН БАРИМАЛЧ МЭРГЭЖИЛ

Амьдралдаа зөв замаар замнасан хүн олз омогтой байдаг гэдэг. Тийм бол Гэрэл суусан газраасаа шороо атгана гэдгийг биелэл болгож уран гартны нэг болсон нь түүний намтрын алтанхан үе гэхээр юм. Дөнгөж X анги төгсөөд Үйлдвэр урлалын сургуульд анги дэвшиж оржээ. Үүнийгээ ёстой л зөвдсөн дөө гэж Гэрэл ярьдаг юм билээ.

Тус сургуулийн суралцагсад бусад сургуулиас юугаараа ялгаатай байсан юм бэ? гэвэл 375 төгрөгийн степенд авна. Дадлагын газар нь цагтаа томоохон гэгдэх Шаазан ваарын үйлдвэр. Хар үгээр хэлэхэд амьжиргаа сайтай сургууль байж. Энэ байдал нь уран бүтээлч хүнийг төрүүлэх бүх боломжийг хангаж чадсан нь энэ сургуулийн онцлог байлаа.

Баримлын ангийн багш нь урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдимаа гэж сурагчдад хичээл ном заах, дадлага удирдахдаа ой тоонд нь ортол хэлж өгнө. Бас Д.Мягмар гэж хэлсэн үгийг гээмээргүй уран барималч тус үйлдвэрт байсан юм билээ. Ийм сайн ухаантай, уртай багш нарын шавь байлаа гэж тэрбээр дурсан ярьсан.

Нэгэнт анги алгасаж орсон болохоор удалгүй сургуулиа онц дүнтэй дүүргэсэн Д.Гэрэл нэгэнт залуу уран бүтээлч гэгдэх болчихсон байв. Үүнийг нь дэмжиж, Германд сургуульд явуулахаар болж. Харин Гэрэлийн хувьд одоо ажиллах ёстой, бүтээх учиртай гэсэн сэтгэлтэйн учир дахиад сургуульд явах илүү ч юм санагдаж.

Тиймээс шаазан ваарын үйлдвэрийн зохион бүтээгч Ананд уг хуваарьт нь явж. Д.Гэрэл тэр зохион бүтээгч гэдэг маш хариуцлагатай албанд тун дуртай очсон гэх. Ёстой л ажиллах гэдгийг үзүүлж өгч. Ердөө жил гаруйхан хугацаанд үйлдвэртээ ашиг орлого сайн оруулсан хэд хэдэн бүтээл гаргаадхаж.

Баавгайтай сервиз гэж дунд, ахимаг насныхны мэдэх бүтээл бий. Түүнийг Д.Гэрэл зохион бүтээж сайшаал шагнал ч авчээ. Үйлдвэртээ ашиг орлоготой бүтээл урласан хүн олсон ашиг орлогоос хувь авна. Д.Гэрэл гэхэд анхны цалингаараа 1,200 төгрөг авчээ. Тэгэхэд ээж нь үнэмшихгүй үйлдвэр дээр нь очиж байж хүүдээ итгэж байсан гэдэг.

1,200 гаруй төгрөг тухайн үеийн асар өндөр цалин. Яамны орлогч сайд л тийм цалин авдаг байсан гээд боддоо. Зохин бүтээгч Д.Гэрэл цэрэгт морджээ. Тэглээ гээд түүний замнаж явсан зам өөрчлөгдсөнгүй ээ. Батлан хамгаалах яамны урчуудын командад очиж. Цөөхөн уран цэрэг бэлэг дурсгалын зүйл хийдэг газар байлаа. Хугацаат цэргийн хувьд 028 буюу пуужингийн ангид харьяатай цэрэг Д.Гэрэлийг нэг удаа ангийн захирагч “Чоно” Өлзий дуудаж.

Тэгсэн ангийн улаанбуланд Сүхбаатар, Чойбалсан хоёрын баримал хийх үүрэг өгч л дээ. Хоёр сар илүү ангиасаа чөлөөтэй явж үүргээ биелүүлсэн байна. Басхүү сайшаал хүртэж. Ингэснээр цэргийн гурван жил нь дууссан ч Д.Гэрэлийг цэргийн тушаалаар нэг жил улираажээ. Дөрвөн жилийн дараа 1975 онд цэргээс халагд­сан байна.

Мөн л уран барималчийнхаа замаар зам­наж Урчуудын эвлэлийн хорооны харьяа уран бүтээлч болов. Цэргийн албанд байхдаа уран дархны талын мэдлэг дадлагаа гайгүй бататгаж авсан болохоор хийх бүтээхийн төлөө ёстой л гар нь загатнах шиг л. Дархан хүн гэдэг бусад урлаачдаас толгой илүү гэгдэх мэргэжил юм л даа.

Монгол ардын урлагийн наадам болохын өмнөх нь уг наадмын медалийг хийх хүндтэй үүрэг Урчуудын эвлэлийн хорооны удирдлагаас Д.Гэрэлд өгсөн байна. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэх нь уран бүтээлчийн орон тоонд ажиллах боломжийг олгож сарын хугацаанд 20 медаль хийж Н.Цүлтэм гуайд хүлээлгэн өгчээ.

Үүний дараа тэр өдрөө юм даа тушаал гаргаад гар урлалын үйлдвэрт цутгуурын цехтэй болгоод Д.Гэрэлд хариуцуулдаг юм. Дарга нь Ваанчиг гэдэг хүн байв. Момунталь чимэглэлийн үйлдвэрийн эх суурь болсон юм билээ. Бэлэг дурсгалын зүйл их хийнэ. Намын төв хороо Засгийн газрын захиалга ирнэ.

Тэр бүхнийг хийх үүргийг биелүүлэх зохион байгуулалтын ажил Д.Гэрэлийнх байх болов. Нэг удаа Ю.Цэдэнбал даргын захиалгаар Москвад байдаг байрны нь камень зуухны чимэглэлийг цутгуураар хийж. Уртай чадалтай уран бүтээлч болохоо дээд хүмүүст харуулсан томоохон бүтээл нь тэр болсон гэдэг.

ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ НЬ “ХААН УГАЛЗ”

Баримал бүтээнэ гэдэг уран бүтээлч хүнээс асар их ур ухаан тэвчээр шаардсан ажил байдаг. Зарим бүтээл хэдэн хоног, ганц хоёр сараар биш хэдэн жил дамжин байж гардаг.

Энэ тухайд Д.Гэрэл:

-Уран барималч хүн аль нэг бүтээл хийнэ гэдэг яг л эх хүн хүүхэд төрүүлж байгаатай адил гэж хэлсэн юм. Түүний албан тасалгаанд өөрийнх нь сод бүтээлүүд байна. Бараг л 20-иод жил бодож, хийж байж бүтээсэн “Хаан угалз” гэдэг бүтээл содон нь. Хадан дээрх хоёр сүрлэг аргаль угалз. Ийм сайхан хайрламаар амьтан байдаг юм гэдгийг харуулахыг зорьж. Энэ бүтээлийг нь үзсэн хүн зүгээр нэг нүд хужирлах биш юм бодохоор.

Тиймээс 2015 онд баримлын төрөлд оны шилдэг нь болсон байна. Тэгвэл бас хэн ч тогтож үзээд тунгааж бодохоор “Шийдэл” нэртэй цогцолбор нэг бүтээл байдаг. Өнгөц харвал элдэв амьтан эвлүүлчихсэн мэт. Харин утга санаа нь эв нэгдэл гэдэг юм хүчтэй гэдгийг хэлж байгаа юм байна.

Уг нь эвлэх учиргүй нэг нь нөгөөдөө дайсан байх. Бар луу хоёр, бас матар дун хорхой хоёр, загас халиу хоёр гэх зэргээр амьтдыг хооронд эвлэлдүүлсэн гайхалтай уран хийцтэй дөрвөн хос юм. Амьтан хүртэл ингэж эвсэж байхад хүн эвлэрч хүчтэй байж болно гэсэн санааг энэ бүтээлээр “хэлж”.

Цаг үе нь ч шийдлийн нэртэй Засгийн газрын үед дэлгэн үзүүлсэн нь таарч. Д.Гэрэл Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналыг энэ бүтээлээр авсан байна. Бас дархчуудын үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс чөлөөт сэдвийн гэдгээр мөн тэргүүн шагналд багтжээ. Сайн бүтээл эзнээ алдаршуулдаг гэдгийг түүний бас нэг бүтээл харуулсан гэж болно.

Олон хүн шагшиж ярина, мэддэг болно гэдэг алдаршуулж байгаа хэрэг. Ийм нэг бүтээл нь Нууц товчооны 750 жилээр гаргасан “Хоёр сая 600 мянган Чингис сэрж байна” нэртэй медальон.

Д.Гэрэл уг бүтээлдээ. Чингисийн залуу үе ан гөрөөний үе өтөл үе гээд гурван үеийг харуулсан. Ийм бүтээл өмнө нь гараагүй болоод тэр үү “Маш сайн бүтээл гэж үнэлэхийг томоохон уран бүтээлчид хэлж байхыг сонслоо. Харин өөрөө бол “Энэ бол миний л Чингис” хэн нэг зураачийн уран бүтээлчийн бүтээсэн, зурсан нь өөр өөрийнх нь Чингис байдаг юм шүү дээ гэх.

Тэр бүтээл нь гадаад дотоодод их түгж. Ултөрд хүртэл нөлөөлсөн гэж зарим нөхөд хэлдэг ч уран бүтээлчийн зорилго огт тийм биш. Гагцхүү “Алтан Чингис” архины хаяг дээр ашигласныг Д.Гэрэл буруу гэж үзээд шүүхэд хандсан. Шүүх тиймээ буруу гэж шийд гаргасан нь саяхан гэдэг. Энэ шийдвэр уран бүтээлч нөхөрт шагнал мэт сонсогдсон гэх.

Ер нь уран барималч Д.Гэрэлийн бүтээл заавал нэг юм хэлж байна. Тэр нь нийгэмд нөлөөгөө өгдөг юм билээ. Энэ нь түүний алив бүтээлээ маш сайн бодож боловсруулж хийдэг бас хувийн философи сайтайх ч байж магадгүй. Энэ бол молхи бичигч миний л дүгнэлт.

-Хүн алив буруутайд эвлэрсэн байдалтай байгаад төгсвөл үр хүүхдэд хүртэл халгаатай. Ер нь хүн чин шударга амьдарч чадвал өөрөө ч үр хүүхэд нь ч хүний нүүр харах чадвартай байдаг юм. Би үр хүүхдэдээ захидаг “Амьдралдаа буруу юм бүү хий, бас буруу гараар цуглуулсан мөнгө хөрөнгө юм болдоггүй юм шүү. Энэ үгс зочин Д.Гэрэлийн сэтгэлээ уудалж хэлсэн үг. Өөрийнх нь баримталж явдаг “алтан дүрэм нь”.

Түүнтэй уулзсаны дараа толгой өндиймгүй энэ их ажлыг хэдий завандаа яаж амжуулдаг байна энэ хүн гэж бодсийм. Ширээн дээр нь холбооны нь ажлын тайлан тооцоо, уран бүтээлийн төсөл зураг, энд тэнд явуулах хүсэлт, шаардлага олон төрлийн гадаад  дотоодын ном сэтгүүл. Өөрөө л учрыг  нь олдог байх гэмээр. Тэр бүхэн түмний төлөөх ажил, шинэ уран бүтээл болно.  Ёстой завгүй хүн юм билээ л.

Зураг