Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Киночид Монгол хэлээр оролдож эхэллээ

О.Уянга
2016 оны 11 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Монголд кино урлаг хөгжиж байгаа юу гэвэл тийм. Нэг үе хэн дуртай нь кино нэртэй бичлэг хийгээд гаргадаг байсан цаг саяхан. Ядруухан зохиолтой, ядуухан зураг авалттай, муу жүжиглэлттэй кинонцор алийг тэр гэхэв. Харин сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг бас ч гэж сайжирч, дэлхийд гарах гэж үздэг боллоо. Азийн хэмжээнд манай кино уран бүтээлчид өрсөлдөж эхэллээ.

Зарим нь томоохон кино наадмуудаас шагнал авдаг болж. Кино зохиолын хувьд ч харьцангуй сайжирч, зураг авалт, жүжиглэлт гээд бүх талаараа л дээшээ явж байна. Жүжигчид маань ч түрүүчээсээ Ази болоод баруун руу гарч эхэлж байгаа.

Хэдхэн жилийн дараа гэхэд Монголын уран бүтээлчид ихийг дуулгана даа. Гэхдээ бас илүү үглэмээр зүйлс байх юм. Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна. Монголоор дүүрэн яруу найрагчид болчихсон. Үргэлжилсэн үгийн зохиол, роман бичиж байгаа хүн тун цөөн. Дээрээс нь кино, жүжгийн зохиолч гэж алга. Тиймдээ ч Монголын киноны харилцан яриа “модон” болчихоод байгаа. Яруу тансаг монгол хэл хаашаа алга болчихов оо гэж халаглахаар л болчихоод байна.

Бүр сүүлдээ киноныхоо нэрийг хүртэл элдэв янзаар өгөх болов. Тухайлбал, тун удахгүй “Надыын аав маанаг” гэдэг нэртэй кино нээлтээ хийх юм билээ. Чухам ямар үйл явдлын талаар өгүүлэхийг бүү мэд. Гэхдээ киноны нэрээс үзэхэд л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой. Өнөөдөр хэдэн хэлний эрдэмтэд нь хоорондоо хэмлэлдээд, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг үгүйсгэж эхэлсэн.

Дээрээс нь боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн үед зөв бичиж чаддаг хүүхэд гэж алга. Аргагүй шүү дээ, баахан худдаа дүрмээр хичээл заагаад, журамласан үг энэ тэр гээд явчихаар. Ийм байхад дарь нь дээр давс гэгчээр кино уран бүтээлчид нь хүртэл ийм нэр өгөөд байж байх гэж. Яах вэ, киноны менежмент энэ тэр талаасаа өөр байдаг л байх.

Үзэгчдийг татах гэсэн оролдлого ч байж магадгүй. Гэхдээ л арай хэтэрч байна. “Надыын аав мангар” ч байхдаа яах вэ дээ. Одоо зурагтаар, цахим сайтууд, фэйсбүүк гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр киноныхоо сурталчилгааг явуулна. Түүнийг нь хэчнээн хүүхэд олж харах бол. Тэгээд л буруу ойлголт авна. Магадгүй дагаад ингэж бичиж болох.

Зарим хүмүүс ганц нэрээс болж сүржигнэлээ гэж хэлж магад. Гэхдээ жижигхэн шарх үрэвсээд эцэстээ аминд хүртэл халтай болдгийг бас мартаж болохгүй. Тэгээд ч кино урлаг гэдэг хүний сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа хүүхдүүдийн. Тиймээс гэр бүлээрээ үзэж болохоор, инээдмийн болоод драм төрлийн киноны харилцан яриа, нэр гээд бүхий л зүйлийг бодолцож байж хиймээр байна.

Нэгэнт л кино урлаг манай улсад хөгжиж байгаагаас хойш цогцоор нь шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй ийм мэтийн нэр өгөөд, маркетинг хийгээд хол явна гэж тооцож байгаа бол буруу шүү дээ. Монгол хэлээр оролдож байгаагаас ялгаа юу байна.

Үүнээс өөрөөр нэрлэчих нэр олдохгүй л байв гэж дээ. Төрөлх хэлээрээ наадаж маркетинг хийгээд ч яадаг юм. Үнэхээр сайн кино бол ямар ч нэртэй байсан хүмүүс бие биедээ хэлээд, шуураад л үзнэ. Харин муу бол ямар ч сайхан, менежменттэй нэр өгөөд явахгүй л болов уу.

Зураг