Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla нарны эрчим хүч үйлдвэрлэдэг ДЭЭВЭР үйлдвэрлэж байгаагаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Лос Анжелес хотод болсон арга хэмжээний үеэр Тесла компани өрх айлуудын дээврийг нарны эрчим хүчний үүсгүүр болгох төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Өмнө нь гаргаж байсан эрчим хүч хадгалагч Powerwall төхөөрөмжийн хоёр дахь хувилбар Powerwall 2-ыг үүнтэй багцлан гаргаснаар өрх айлууд цэвэр нарны эрчим хүчээр амьдрах боломжтой болох аж.

Дээврийг бэхжүүлсэн шилээр хийж, дотор нь нарны эрчим хүч хүлээн авагчуудыг суулгасан байх гэнэ. Илон Маскийн хэлснээр шинэ дээвэр нь яг л уламжлалт дээврийн материал шиг, түүнээс ч илүү гоё харагдах ажээ.

Хийц дизайн талаасаа хэд хэдэн хувилбар байх бөгөөд эдгээр нь Textured Glass Tile, Slate Glass Tile, Tuscan Glass Tile, Smooth Glass Tile зэрэг сонголттой байна.

 

Шинэ бүтээгдэхүүн нь SolarCity, Tesla компаниудын хамтын бүтээл юм. Tesla нь SolarCity компанийг $2.6 тэрбумаар худалдаж авах санаачилга гаргаад байгаа ба 11 дүгээр сарын дундуур хоёр компанийн хувь эзэмшигчид энэ наймааг шийдэх гэж байгаа.

Powerwall 2 нь 14 кВц эрчим хүчийг нөөцлөх багтаамжтай ба 5кВ эрчим хүчийг тасралтгүй гаргаж чадна. Ийм байдлаар 10 жил хүртэл ажиллах баталгааг Tesla өгч байгаа юм.

Маскийн үзэж байгаагаар эрчим хүч үүсгэх (solar panels), нөөцлөх (batteries), тээвэрлэх (electric car) гэсэн гурван чиглэл тэдний компани ажиллах ажээ.

Өмнө нь эдгээр гурван хэрэглээг хүмүүс өөр өөр компаниудаас авдаг байсан бол Tesla нэг дороос хангахын тулд SolarCity-тэй нэгдэн бизнесээ зохион байгуулж байгаа юм.

Харин шинэ бүтээгдэхүүнийхээ үнэ ханш, хэзээ зах зээлд гарахыг энэ үеэр мэдээлээгүй байна.

 

Эх сурвалж: The Verge

 

Зураг
1 | 22 минут