Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Macbook Pro-г танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Apple компани энэ намрын хоёр дахь шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээний гол баатар нь шинэчлэгдсэн Macbook Pro зөөврийн компьютер байсан юм. Сүүлийн хэдэн жил огт өөрчлөгдөөгүй Apple-ийн хүчирхэг нөүтбүүкийг ямар болох талаар хэлэлцүүлэг, цуурхал нэлээд өрнөж байв.

Тэгвэл шинэчлэгдсэн Macbook Pro нь OLED технологи бүхий хурууны даралт мэдрэгч тэгш өнцөгтийг гарны товчлууруудын дээр байрлуулж өгснөөрөө онцлог байлаа.

 

Touch Bar гэгдэж байгаа энэ шинэ багажаар ажиллаж байгаа програмтайгаа холбоотой олон үйлдлийг хийх боломжтой. Ямар програм ажиллаж байгаагаас хамааран Touch Bar дээрх удирдлага өөрчлөгдөж байх юм.

Тухайлбал зургийн програм дээр байгаа бол зургийнг эргүүлэх, өнгө, тодролыг засах гэх мэтээр өөрчилж болно. Хэрвээ текст бичиж байгаа бол яг гар утасны товч шиг урьдчилж үг санал болгох, эможи оруулах зэргээр үйлчлэх юм.

Шинэ Macbook Pro нь гурван янзын хувилбартай гарсан байна. Үүнд 13 инчийн 2 хувилбар, 15 инчийн нэг хувилбар. 13 инчийнх нь Touch Bar-тай болон уламжлалт Touch Bar-гүй гэсэн хоёр янз.

Touch Bar-гүй 13 инчийн загвар нь давхар цөмтэй i5 болон i7 Intel процессорын сонголттой, хоёр Thunderbolt порттойгоор үнэ нь $1,499-оос эхэлж байна.

Touch Bar бүхий 13 инчийн загвар нь илүү хурдтай 2.9GHz i5 процессор, дөрвөн Thunderbolt порттой, үнэ нь $1,799-оос эхэлж байна.

Харин 15 инчийн загвар нь Intel Core i7 процессор, санах ойн илүү хурд, багтаамжтайгаар $2,399-ийн үнээс эхлэн зарагдах гэнэ.

Дээрх Touch Bar бүхий хувилбарууд нь бүгд 2 дугаар үеийн Touch ID хурууны хээ унших технологитой тул нэвтрэхийн тулд нууц үг оруулалгүй, хурууны хээгээ уншуулахад л болно.

Өнгөний хувьд Gray Space (саарал), Silver (мөнгөлөг) гэсэн хоёр хувилбартай байна.

Хамгийн хөнгөн, нимгэн Macbook Pro болж байгаа тул энэ загвараар Apple өмнөх Macbook Air болон Macbook загваруудаа төгсгөл болгож зөвхөн Macbook Pro бүтээгдэхүүнээ үлдээж байж магадгүй юм.

Учир нь 13 инчийн Macbook Pro-ийн хамгийн энгийн хувилбарыг сонгоход Macbook Air-тай үзүүлэлтээр ялгаагүй болж байна.

Шинэ Macbook Pro компьютеруудын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ холбоосоор үзээрэй.

Эх сурвалж: Apple