Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтийн өчигдөр танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 27
IKON.MN

Програм хангамжийн компани гэдгээрээ танигдсан Майкрософт корпораци төхөөрөмж (hardware) үйлдвэрлэлийг сонирхсон хэвээр гэдгээ өчигдөр баталлаа.

Тэдний өчигдөр танилцуулсан шинэ компьютер нь үүнийг харуулжээ.

Ингээд Майкрософтийн шинээр гаргаж байгаа хоёр бүтээгдэхүүнийг сонирхуулъя.

 

Surface Studio

 

Surface Studio нэртэй 28 инчийн 4K дэлгэц бүхий персональ компьютер энэ өдрийн гол дуулиан байлаа. Apple-ийн iMac-тай тун адилхан харагдах ч хурууны мэдрэгч бүхий дэлгэцтэй энэ компьютерийг ширээн дээр 20 хэмийн налуутай хэвтүүлж байрлуулаад зураг зурах таблет болгож болно.

Дэлгэцэн дээр нь Surface Pen үзгээр ажиллаж болохоос гадна Surface Dial хэмээх төхөөрөмжөөр хулгана шиг удирдах, эсвэл түүнийг дэлгэцэн дээр байрлуулаад удирдлага хэлбэрээр ашиглаж болдог.

Surface Pen, Surface Dial хоёртой байхад Surface Studio нь зах зээлд хамгийн шилдэг креатив компьютер байж чадна хэмээн Майкрософт үзэж байгаа гэнэ. Үнийн хувьд $2,999-ээс эхлэх Surface Studio нь Intel i5 процессор, 8GB RAM, 2GB Nvidia GPU үзүүлэлттэй байх бол $4,199 үнэтэй хувилбар нь Intel i7 процессор, 32GB RAM, 4GB GPU бүтэцтэй байх юм.

Хязгаарлагдмал тооны урьдчилсан захиалга авч, 12 дугаар сарын дундуур худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна Майкрософт Surface Book-ээ шинэчилж баттерейн ажиллах багтаамжийг нь нэмэн, хурдыг нь 2 дахин өсгөснөө $2,300-аар үнэлж байгаагаа зарласан юм.

 

Windows 10 Creators Edition

 

Майкрософт Windows 10 үйлдлийн системийнхээ Creators Edition хэмээх хувилбарыг ирэх хавар гаргахаар болсон байна. Харин туршилтын бета хувилбарыг дараа долоо хоногт зарлах гэнэ.

Уг хувилбарын гол 2 шинэчлэл нь Мессэжийн шинэ хэлбэр, 3D ажиллагаа юм байна.

Мессэжинг системийг шинэчлэхдээ Майкрософт хүнийг төвдөө тавьжээ. Өөрөөр хэлбэл мессэж бичих, мэйл явуулахын тулд ямар нэг програм нээх биш, шууд хэн нэг хүнийг таскбар дээр байрлуулаад түүнтэйгээ шууд харьцаж байх хэлбэртэй болгосон байна. Тухайн хүнийхээ айкон дээр очоод мессэжээр, мэйлээр, дуу хоолойгоор гээд хэрхэн харилцахаа шийдэх юм.

Мөн мессэжинг системээ бусад платформуудтай нийцтэй ажиллах релэй бий болгосноор Андроид, Windows утаснууд болон Mac-ийн iMessage-тай харьцаж болохоор болсон байна.

Windows-ийн алдартай Paint програмыг энэ удаа цоо шинэ хэлбэртэй болгожээ. Шинэ хувилбар нь Paint 3D гэгдэж байгаа ба 3 хэмжээст дүрс бүтээх, боловсруулах боломжтой байна. Мөн PowerPoint нь 3 хэмжээст дүрстэй ажилладаг болжээ. Өөрөөр хэлбэл Майкрософт VR орчинд шилжих бэлтгэлээ эхэлсэн байна.

 

Дүгнэж хэлбэл Майкрософт дэсктоп орчинд Mac-ийн ноёрхож байгаа креатив буюу бүтээлч хэрэглээний зах зээлд анхаарал тавьж эхэлсэн байна. Мөн Windows үйлдлийн системээ Хиймэл бодит байдал (Virtual Reality), Бодит ба хиймэл орчны нэгдэл (Augmented Reality) гэсэн технологийн шинэ орон зайд нийцүүлэхээр ажиллаж эхэлснийг харуулжээ.

 

Эх сурвалж: Microsoft, Quartz