Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсон хүчний хомсдол буюу дипломын гол

Б.Төгөлдөр
2016 оны 10 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын ирц муу байгаа тухай өдрийн турш л ярьсан. Ирц тааруухан байгаа нь хүмүүсийн идэвхээс ихээхэн шалтгаалж байна гэж буруутгаж байв. Зарим нь бүр “манай тойрогт сонгочихмоор хүн алга” хэмээн гэдийчихсэн явахтай ч таарав.

Уг нь сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан. Манай улсын өнөөгийн эдийн засагт их хэмжээний мөнгө. Гэсэн ч энэ нь алсуураа бодлогын алдаанаас шалтгаалсан гэдгийг олон хүн мэдэх л ёстой.

Яг үнэндээ иргэдийн нэрлэж заншсанаар орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн хүмүүсийг харахад арай л “гомдмоор” сонголт хийх нь гэдэг нь ойлгомжтой байсан.

Гэсэн ч яая гэх вэ гэдэг хөнгөн хуумгай байдлаар хандсан иргэн цөөнгүй бий. Уг нь төр, засагт тухайн сум, хороонд амьдарч буй иргэнийг төлөөлөх хүнээ сонгох гэж байгаа тул олон нийтийн хувьд нэлээд нухацтай хандах учиртай. Харамсалтай нь, нэр дэвшигчдийн хувьд чамлалттай байсан учраас сонгуулийн санал хураалтын үеэр ирц муу байсан биз.

Улс төрийн намуудын оролцоо орон нутгийн сонгуульд нэмэгдэж, өөрсдийн хүнээ томилуулахаар улайран зүтгэсэн нь өнөөгийн байдалд хүргэсэн гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй нь лавтай. Уг нь сум, хороонд тэртээ хол тэнгэрийн хүн бус дэргэд амьдардаг, тэгээд бүр тухайн тойрогт нь байдаг хүн сонгогдвол иргэдэд тулгардаг асуудлыг илүү сайн мэднэ гэхчлэн яриад л байсан. Даанч тэр яриа нь худлаа. Худлаа даа, бүр хэнийг ч хааш нь ч туйлшруулж мэдэхээр сонголт руу түлхсэн.

Нэр дэвшигчдийн анкетаас харахад л ойлгомжтой байсныг танилцуулга авсан өрхийн гишүүн бүр мэдэж байсан биз. Чин үнэндээ чингэлтэйчүүдэд тулгарч буй асуудлыг Харвардын их сургууль төгссөн нөхөр, чингэлтэйд өссөн унаган хүүхэд хоёрын хэн нь шийдвэрлэхийн тулд ажиллах вэ гэдэг нь өнөөгийн УИХ-ын гишүүд болон улстөрчдийн харилцаанаас илт мэдрэгдэх болсон.

Угаасаа сонгуулийн санал хураах өдөр ойртох бүр нэр дэвшигчид иргэн бүртэй нэгбүрчлэн уулзаж, ус, түлээг нь зөөж өгч, орц, байрыг нь цэвэрлэх нь холгүй болдог. Арга ядсан иргэд олон сургууль төгссөн нь бус, бидний төлөө сэтгэл гаргаж хийж бүтээж чадах хүнээ л сонгомоор байна гэх болж.

Улс төрийн намын томчуудын цүнх баригчдаар хүрээгээ тэлсэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид бүгд л дээд боловсролтой. Тодруулбал, ганцаар тогтохгүй дипломтой, бакалавраар зогсохгүй боловсролын зэрэгтэй. Гэвч ажлын туршлага үнэндээ “нойль”. Хатуухан хэлэхэд хаа сайгүй байгаа түрээсийн лангуунуудад ч худалдагчаар ажиллах чадваргүй гэсэн үг. Энэ нь хүн бүр дээд боловсролтой болох гэж туйлширсны үр дүн.

Бүгд дээд боловсролын дипломтой ч ажлын байргүй, лааз өшиглөж явна. Азтай, мөнгөтэй, ах, дүү сайтай нь даргын албан тушаалд тухлах гээд завгүй, цүнх баригч болчихсон. Дарга болох хүсэлдээ дийлдээд өөртөө хэрэгтэй боловсролыг бус хүнд үзүүлж, харуулах дипломын араас хошуурчихсан хэрэг л дээ.

Тэгсэн хэр нь дээд боловсролтой баахан сэхээтэн болчихоод нийгэмд удирдагч, төлөөлөгчөөр сонгочих хүн ч олдохгүй, ажлын байрандаа эзэн суучих бүтээн байгуулагч ч үгүй. Энэ бол ердөө боловсролын салбарын бодлогын алдаа гэхээсээ өмнө улс төрийн намуудын гажуудал гэж харахаас аргагүй.

Нэг талаас нь харахад мэргэжлээрээ ажиллах чадваргүй дипломны гол. Нөгөө талаас нь бол улс төрийн намуудын боловсон хүчний хомсдол. Даргын хүүхэд дарга, жолоочийн хүүхэд жолооч гэдэг үе аль хэдийн өнгөрсөн. Гэсэн атал өдгөө энэ зарчмыг дахин бий болгож буй нь улстөрчид өөрсдийн залгамж халаагаа намдаа зүтгэсэн хийж, бүтээснээр нь бус хэний хэн бэ гэдэг байдлаар хандаж бэлтгэж буйд оршиж байгаа хэрэг.

Саяхандаа “дээд боловсролтой хүнийг үйлчлэгчээр ажилд авна" гэсэн зар түгсэн нь цахим ертөнцөд нэлээд шуугиан болж билээ. Яг л түүн шиг дээд боловсролын дипломтой бол нэг бол улстөрч, эсвэл үйлчлэгч гэсэн хоёрхон замнал хүлээж буй мэт ойлгогдож байна.

Уг нь дээд боловсрол эзэмшиж, түүндээ эзэн байна гэдэг хэн хүнээс гуйгаад олдохгүй амьдралын утга учир байсан нь саяхан. Харамсалтай нь дипломны гол болж, улс төрд хөл тавих гэсэн хүмүүсээс болж өдгөө бакалавр гэдэг байдаг зэрэг болж хувирчээ. Энэ хэвээр удвал бүтээгч иргэнгүй бүгдээрээ дипломны гол болж, боловсон хүчний хомсдолд орох вий дээ.

Зураг