Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Аюурзанын Тэнгэрийн судар

ikon.mn
2016 оны 10 сарын 7
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

- Уншигчийн тэмдэглэл -

Монголын Нууц Товчоон хэмээх түүх, уран зохиолын хосгүй бүтээл тэртээх XIII зуунд бичигдсэнээс хойш хэдэнтээ хуулбарлагдаж, хятад ханзаар уламжлагдан П.Кафаров түүнийг олж дэлхий дахинд таниулах хүртэл Манжийн эзэн хааны ордны номын санд тоосонд дарагдаастай хэвтсээр уджээ.

П.Кафаров Монголын Нууц Товчооныг судалгааны эргэлтэд оруулсан цагаас өдгөөг хүртэл олон эрдэмтэн судлаачид өөрсдийн хэлнээ орчуулах, галиглах, нэр томьёоны тайлбар хийх, он цагийн зөв бурууг тогтоох, үйл явдлын логик дарааллын алдаа мадгийг шинжлэн судалснаас бус харин агуулга бичлэгийг нь улс орнуудын түүх домогтой харьцуулан судалсан нь хараахан үгүй бололтой.

“Бараг анх удаа” (өөр ийм тайлбартай хувилбар гадаад дотоодод байдаг эсэхийг мэдэхгүй) Монголын Нууц Товчооны бичлэгийг бусад улс орны түүхэн зохиол, домог, мэдээ сэлттэй харьцуулан судалж сонирхолтой дүгнэлт гаргалгаа гаргасан бүтээл нь Г.Аюурзанын Тэнгэрийн судар болжээ.

Тэнгэрийн судар бүтээл нь судалгааны гэхээсээ илүүтэй уншигчийн байр сууринаас өөрийн логик сэтгэлгээгээр бичсэн тул буруу, зөв хэмээн дүгнэх аргагүй юм. Зохиогч ч энэ бол зөвхөн өөрийн логик сэтгэлгээгээр бичсэн зүйл болох тухай удаа дараа дурдсан байна. Гэтэл түүний номыг залуучууд сонирхон уншдаг тул түүний бүтээлүүд дэх шинэ утга санааг ойлголгүй орхих, эндүүрч ташаарсан зүйлсийг нь чинь үнэн мэтээр ойлгогдохоос эмээн энэхүү тэмдэглэлийг бичихэд хүрлээ.

Түүний бүтээлд олон сонирхолтой дүгнэлт буй бөгөөд тэдгээрийн заримаас нь дурдвал:

Дува сохор хоньчин, Добу мэргэн анчин байсан хэмээсэн нь сонирхолтой дүгнэлт юм. Үүнийгээ тэрбээр нэг нүдтэй хоньчины домог дундад зууны домогт түгээмэл дэлгэрсэн байдгаар жишээ болгохын зэрэгцээ Хорилардай мэргэн хорь түмэдийн газраар ан гөрөө хийхэд бэрх болсон тул Бурхан Халдун уулнаа нутаглан ирж өөрийн охин Алун гоаг Добу мэргэнд өгснөөр холбон тодотгожээ. Учир нь Дува сохор ах нь байсаар байтал дүү Добу мэргэн Алун гоаг гэргий болгон авсан нь амьдралын нөхцөл байдалтай нь холбоотой ажээ.

 Г.Аюурзанын дээрх санааг баяжуулан Дува сохорын хөвгүүд Добу мэргэнийг орхин нүүж Дөрвөд овогтон болсныг дээрхийн адил тайлбарлаж болох мэт. Монголын Нууц Товчоонд өгүүлдэгчлэн Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн

"Тэмүжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү? 
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай
Хориггүй биш үү  хэмээснээс үүдэн Жамуха Тэмүжин нар салж  нүүсэн билээ.

Үүнээс үзвэл Дува сохрын хөвгүүд Добу мэргэн ахаа орхиж Дөрвөд овогтон болсон шалтгаан нь хэдий ах дүүсийн эв найрыг бодон  амьдрахыг хүсэвч анчин гөрөөчний нэгэн адил хонь малаа уул толгодоор бэлчээрлүүлэн амьдрах боломжгүй юм. Добу мэргэн ч анчин хүмүүн тул хээр талд амьдрах боломжгүй. Ийнхүү амьдралын шаардлагаар хагацан нүүсэн гэж тайлбарлаж болохоор байна.
 
Зохиогч Бодончир мунхаг гэдэг нь тэнэг мангар гэсэн үг биш өвсөн эмбүүл босгосон, харцага шувуу барьж усны шувууд барьсан, хүнсээ борцолж нөөцөлсөн зэргийг дурдсан нь түүнийг ухаалаг болохыг харуулсан хэрэг хэмээн дурдсан байна. Гэвч энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай дүгнэлт болжээ. Учир нь өвсөн эмбүүл барьж, харцага шонхор барих, мах борцлох зэрэг нь тэнэг мунхаг байсан ч амьдралын туршлагаар олж авах чадвар юм. (Мунхаг гэдэг нь тэнэг биш гэсэн үг болох тухай олон өгүүллүүд гарсан. Харин энэхүү дүгнэлт нь ихээхэн учир дутагдалтай дүгнэлт болжээ.)

Мөн түүнчлэн Боржигин хэмээх үгийг зохиогч Тэнгэр заяатай хэмээн оновчтой тайлбарласан боловч Boričiqin (Bori+čikin) хэмээн галиглаж bori нь чоно, čikin буюу Tsikin нь цэгээн гэсэн утгатай үг гэжээ. Гэтэл Монгол улсын шаштирын 11 дүгээр дэвтэрт Боржигин хэмээх үгийг “Боржи нь харц эх, жи нь тэнгэр эцэг, гин буюу гэд нь тэдгээрийн хөвүүн гэсэн утгатай үг мөн” хэмээн тайлбарлажээ. Зохиогчийн хэлсэнчлэн čikin буюу цэгээн гэсэн утга үгүй юм. Зохиогч ийнхүү тайлбарласан нь Borjigin (Igor de Rachiwiltz, Hitoshi Kurubayashi, Christoper Atwood) гэх үгийг Boričiqin хэмээн галигласнаас үүджээ. Түүний галигаар үзвэл Боржигин бус Борчихин болж таарч байна. Гэтэл тэрбээр Borjigin (хуудас 21) хэмээн өмнө нь галигласан атлаа юуны учир Боржигин хэмээх үгийг тайлбарлахдаа Bori+čikin болгон бичсэн нь хачирхалтай.

Түүгээр барахгүй Боржигин хэмээх нь Чонын сүлдэр өргөмжлөлт тэнгэр гарвалт, цагаан яст овог гэсэн утга хөдөлбөргүй оршиж байгаа болов уу (хуудас 43) гэсэн атлаа, чонотой тэмцэлдэж ирсэн монголчуудын хувьд чоно ч буга ч сонгодог тотем (сүлдэр) огт биш хэмээсэн хоёр үзэл нь илэрхий зөрчилдөж байна. Чингис хааны язгуур Бөртэ чоно хэмээх нь бөрт шаньюй гэсэн утга бүхий санааг гаргахын тулд чоно тотем хэмээх ойлголтыг үгүйсгэсэн атлаа боржигин хэмээх үгийг тайлбарлахдаа яг эсэргээр нь дурдсан байна.
 
Мөн түүгээр барахгүй Монголын нууц товчоонд Бүри бөхийг Хабул хааны удам, Бартанбаатарын хөвгүүдээс барилдахаараа илүү, Бархагийн хөвгүүдтэй ойр, улсын бөх хэмээн тодотгосон нь түүнийг хаан суух эрхтэй гэсэн санааг агуулсан гээд энэ бол товчооныг “нууц” хэмээн нэрлэсэн учир гэсэн байна. Хэдийгээр Монголын нууц товчооны зохиогч тодорхойгүй боловч Монголын нууц товчоон бол яахын аргагүй төрийн албан түүх. Монголын нууц товчоонд Чингис хааны дайснуудыг ихэвчлэн муу дүрээр, харуулсан байдаг бөгөөд Найманы таян хаан, Хэрэйдийн Тоорил хан нар төрийн эрх барих чадваргүй байсан тул улсаа алдсан гэсэн санааг агуулсан байдаг.(Christoper Atwood) Энэ бүгдийг бодолцон үзвэл түүнийг хаан суух эрхтэй гэсэн бус зүгээр л язгуур угсаа өндөртэй баатар эр  гэсэн буй.
 
Энэ мэт  андуурч ташаарсан хийгээд сонирхолтой сонин содон санаа цөөнгүй байх боловч зохиогч бүтээлээ эшлэх хийгээд санааг өөр бүтээлд ашиглахыг хориглосон тул  түүнээс өөр хүн түүний  санааг баяжуулах, дэлгэрүүлэн судлах боломжгүй болсон нь тун харамсалтай.