Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Америкийн кино өдөрлөг 2016” эхэллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулж гэж байна.

Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.  

Энэхүү өдөрлөгийн хүрээнд таван баримтат кино бүтээлийг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Дарханы Соёмбо кино театрт толилуулсан байна.

Харин өнөөдрөөс эхлэн  Тэнгис кино театрт үнэ төлбөргүй үзүүлэх ба “Цаглашгүй Үр” киноны найруулагч Сайнди  Мклеод Улаанбаатар, Дархан хотуудад айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ.

Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч, киноны дууны найруулагч Эндрү Гаррисон айлчилж энэ сарын 12-16-нд Монголын кино уран бүтээлчдэд киноны дууны найруулгын мэргэжлийн сургалт явуулж байгаа ажээ. 

Америкийн кино өдөрлөгт гарах кинонуудаас танилцуулъя.

“ЦАГЛАШГҮЙ ҮР”

Энэхүү кинонд шуурга дэгдэхтэй зэрэгцэн бидний ирээдүйд идэх хоол хүнсийг хамгаалахын төлөө Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч нэгэн цаг хугацааг сөрөн уралдаж буй тухай өгүүлдэг.

Дэлхий даяар үрийн банкууд сүйрч, үр тариа хомсдосноос өлсгөлөн газар авч, уур амьсгалын өөрчлөлтийн эрчимтэй нөлөө газар тариалан эрхлэгчдийг хаа сайгүй нэрвэж байна.

Перугийн уугуул нутгийн газар тариалан эрхлэгчид эдгээр өөрчлөлтөд аль хэдийн нэрвэгдээд байгаа ба тэд өөрсдийн газар нутагт ургадаг уугуул сортын 1,500 гаруй төрлийн төмсийг хадгалж хамгаалахыг оролдоно. Гэвч дэмий алдах цаг бага үлдсэн үед Фаулер болон бусад тариаланчид алдах эрхгүй нэгэн нөөц болох төмсний үрийг хамгаалах амаргүй аяллыг эхлүүлнэ.    

"Америк сувилагч"

“Америк сувилагч” кино нь Америкийн нийгэмд тулгараад байгаа хүн амын хөгшрөлт, дайн, ядуурал, шорон зэрэг томоохон асуудлын тухай, эдгээр салбарт ажиллаж байгаа сувилагч нарын ажил,амьдралын тухай өгүүлнэ. Тус кино бүтээл бодит хүмүүсийн түүхээр дамжуулан сувилагч нарын тухай ойлголт, тэдэнд Америкийн нийгэмд өвчтөнийг сувилах ямар бэрхшээлтэй тухай өгүүлэхийг зорьдог.

“Америк сувилагч” кино нь нийгмийн халамж, сувилан асрах салбарын тухай өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тус киноны гол дүрүүдэд Аппалачиа хотод амьдардаг хорт хавдар туссан өвчтөнийг сувилдаг Жэйсон Шорт, хатуу дэглэмтэй шоронд насан туршийн хорих ял авсан гэмт хэрэгтний сувиллын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Тониа Фауст, өндгөвчний хорт хавдар тусаад амьд гарсан эмэгтэйн төрөх явцыг сувилж байгаа сувилагч Науми Кросс, эмчилгээгүй болсон өвчтөнүүдэд зориулсан сувилал нээн ажилуулж байгаа Стэфан болон дайнд шархадсан цэргүүдийн сувилагч Брайн МкМиллион зэрэг 5 гайхалтай сувилагчийн бодит амьдралыг өгүүлнэ. 

“Далд хүчирхийлэл” 

“Далд хүчирхийлэл” нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд үзэгчдийн оролцоог уриалсан баримтат кино юм. Америкийн нийгэмд эмэгтэй хүнд хамгийн айдастай, хүчирхийлэлд өртдөг газар бол түүний өөрийн гэр юм.  

Америкт өдөрт дунджаар 4 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ба тэр дундаа салсан нөхөр, хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдах нь элбэг тохиолддог байна. Энэ бүгдийг сонсоод бид нэг асуултыг асуумаар санагдана. Яагаад заавал тэд хамт байна вэ?

Яагаад тэд орхиж явж чадахгүй байна вэ? “Далд хүчирхийлэл” кино энэхүү асуултад хариулт хайхаар өөрийн нөхрийн хүчирхийлэлд өртсөн Дианна Валтерс болон эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэл, хосын харилцааны хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах үйлсэд зориг шулуудан ажиллаж байгаа Кит Грүеллэгийн түүхийг судална.

Үл үзэгдэгч хаалганы цаана болдог гэр бүлийн хүчирхийллийг бид өөрсдөө чимээгүй өнгөрүүлж, хууль тогтоомжийн дагуу эдлэх эрхээ дутуу ойлгосноос болж энэ асуудлыг ардаа орхиж байна. Тиймээс киноны гол дүр Дианна шиг яаж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос баатар болон гарч, цаашид нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийг багасгах вэ? гэдэг асуултыг өөрсдөөсөө асууя. 

"Том мөрөөдөл"

“Том мөрөөдөл” кино нь шинжлэх ухаан, математик, компьютер, инженерийн салбарт амжилт гаргаж яваа 7 бүсгүйн хүсэл мөрөөдөл, тэдний өөрт тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухай өгүүлнэ.  

“Том мөрөөдөл” нь Айова мужийн жижиг хотоос Ойрх дорнод болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа залуу охидод урам зориг өгөхийг зорьсон бүтээл юм.

Киноны гол дүр 7 эмэгтэй мөрөөдөлдөө хүрхийн тулд ямар их бэрхшээлтэй тулгарч байгааг тэдний өөрсдийн видео тэмдэглэл, тулгарч буй асуудал, өөртөө итгэх итгэл, зорилгодоо хүрэх тэмүүллээр нь дамжуулан дэлгэцнээ харуулахыг зорьжээ.

Том мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа энэ эмэгтэйчүүд охид, эмэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтыг эвдэж, ирээдүйн олон охидын замыг засаж явааг Та бүхэн үзэх болно.

"Эх өгөгдлийн дүр төрх"

Техник технологи, дижитал тоног төхөөрөмжийн хурдацтай хөгжил нь хүн төрөлхтний амьдралыг бүхлээр нь өөрчлөх хүчтэй зэвсэг: Том дата буюу их хэмжээний мэдээллийн агуулах гэсэн нэр томьёо нь хэдэн жилийн өмнө шинэхэн ойлголт байсан бол өнөөдөр Том Дата нь бидний амьдралыг 24 цагийн турш зохицуулж байна.

Цаг тухайд нь их хэмжээний мэдээллийг цуглуулж, ирсэн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийснээр агаарын бохирдол, өлсгөлөн, халдварт өвчин гэх мэт бидэнд тулгарч буй олон асуудалтай тэмцэх, шийдвэрлэх шинэ тогтолцоог бий болгож байна. Нөгөөтэйгүүр Эдвард Сноуден болон НАСА бидэнд мэдээлэл маш их өртөгтэйгөөр бий болдог тухай ойлгуулж байна.

Иймээс энэ салбарыг тэргүүлж буй шинжлэх ухааны эрдэмтэд, инженер, интерпрэнер нар уулзаж, сонирхолтой ярилцлагыг киноны хэлтэй хослуулан хүргэсэн “Эх өгөгдлийн дүр төрх” кино нь интернет хувьсгалаас хойш гарсан энэхүү нээлт бидний амьдралыг хэзээ ч төсөөлж байгаагүйгээр өөрчлөх тухай өгүүлэх болно.