Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шөнийн музейгээр аялаарай

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN

Чойжин ламын сүм музей жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. 2015 онд “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. 

Энэ жил Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үдшийн цэнгүүнийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр 19.00 цагт зохион байгуулах гэж байна. 

Соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж байна.

“Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” арга хэмжээг хэрэгжүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд соёлын өвийг сурталчлах, бахархах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох зорилготой. 

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монголд Улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм. 

Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж,  цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно. “Шөнийн сүм музей Морин хуурын чуулга” арга хэмжээний тасалбарын үнэ 40,000 төгрөг.

Холбоо барих: 99904252, 99026081, 88983838

ХӨТӨЛБӨР

18:00 – 19:00  Чойжин ламын сүм музейтэй танилцах    
19:00 – 20:10 “Морин хуурын чуулга”-ын тоглолт    

  • Н.Жанцанноров МОНГОЛ АЯЛГУУ    
  • Монгол ардын уртын дуу ДУРТМАЛ САЙХАН Уртын дууч Б.Мөнхбаатар
  • А.Жамбалсүрэн, Ж.Уранцэцэг нарын найруулга ГООЛИНГОО, АРГАГҮЙ АМРАГ
  • АЛТАЙН МАГТААЛ  Морин хуурч, хөөмэйчид
  • З.Довчин ЖИНГИЙН ЦУВАА    Морин хуурчид ширэн цартай морин хуураар хөгжимдөнө
  • Ц.Сүхбаатар ЦЭЦЭГ НУУРЫН ХӨВӨӨНД “Чөлүгэн” морин хуурын дөрвөл
  • Б.Чинбат АРАВТ киноны хөгжмөөс УУЖМЫН ЗҮҮД, ИХ ХААНЫ АРАВТ    
  • С.Гончигсумлаагийн найруулга /МАД/ ЦОНХОН ДЭЭР СУУСАН ЯЛАА
  • Н.Жанцанноров ХУТАГТЫН САХИУС
  • Монгол ардын дуу ХӨХ ТОРГОН ЦАМЦ АЙ НАНАА Дуучин Б.Мөнхбаатар
  • Н.Жанцанноров БЯЦХАН ДУУЛЬ Гоцлол хөгжимчин ятгач П.Дэлгэрцэцэг
  • Б.Шарав БАЯРЫН УЯНГА    
  • Н.Жанцанноров СЭТГЭЛД ШИНГЭСЭН ГОВЬ Гоцлол хөгжимчин морин хуурч Ч.Балган
  • Н.Жанцанноров БУРХАН ХАЛДУН Хөөмэйч, морин хуурч Н.Ашит
  • Б.Шарав СЭРСЭН ТАЛ МУ-ын Морин хуурын чуулга хөгжимдөнө. Удирдаач Д.Түвшинсайхан

20:10 – 00:00 Шөнийн сүм музей үзэх