Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Содномпилжээ: Олимпоос медаль авахыг л зорьж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
 

Паралимпийн паурлифтингийн төрөлд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй ОУХМ Э.Содномпилжээ энэ сарын 4-ний өдөр Риог зорих гэж байна.

ОУХМ Э.Содномпилжээ Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компаниийн ажилтан бөгөөд нөгөөдөр эх орноосоо мордох гэж буй түүнийг өнөөдөр хамт олон нь гаргаж өглөө. 

 

"Арабын нэгдсэн Эмират улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн, Инчеонд болсон Азийн пара наадам гээд сүүлийн үед болж байгаа олон улсын тэмцээнүүдэд Содномпилжээ маань гялалзсан сайхан амжилт үзүүлж байгаа. Мөн пауэрлифтингийн төрлөөр Монгол Улсад анхны олимпийн эрхийг авчирсан нь бахархам сайхан. 

Бэлтгэл сургуулилт дээрээ маш сайн байгаа учраас медаль авна гэдэг нь найдаж байна. Хамт олныхоо, ард түмнийхээ итгэлийг дааж, хувцасныхаа өнгөөр медаль хүртээрэй гэж ерөөе" хэмээн “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэллээ. 

ОУХМ Э.Содномпилжээ 2014 оны пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хэвтээ түлхэлтээр 235 кг-г өргөж 225 кг байсан улсын рекордыг 10 кг-аар ахиулсан бөгөөд эрүүл тамирчдын Монгол Улсын рекордыг эзэмшдэг. Харин Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд  Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шинэчлэгдэн 229.5 кг болоод байгаа юм. 

 

ОУХМ, шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ "Олимпод оролцож байгаа тамирчин хүний хувьд мэдээж хэрэг медаль авахыг л зорьж байна. Бэлтгэлээ сайн хангасан. Өрсөлдөгчдөө судалж байна. Оролцох тамирчид эцсийн байдлаар тодорхой болоогүй хөдөлгөөнтэй байгаа ч ер нь өрсөлдөгчдөө баримжаалаад л байгаа" гэлээ. 

2014 оны дөрөвдүгээр сард зохион багуулагдсан ДАШТ-ээс олимпийн эрхээ өвөртөлсөн ОУХМ Э.Содномпэлжээ дасгалжуулагчийнхаа хамтаар Монголын Пара пауэрлифтингийн шигшээ багийг бүрдүүлж байгаа юм. 

"Бэлтгэл дээр хийж байгаа амжилт тэмцээн дээр гарах ёстой. Пэлжээ бид хоёр тэгж л зорьж бэлтгэлээ хийдэг. Гурван оролтоор өргөх учраас бүгдийг нь тооцоолж байгаа. 

Тамирчин хүнээс гарч болох зориг, хүч, энерги манай Пилжээгээс гардаг учраас ямар ч байсан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа" хэмээн пара пауэрлифтингийн шигшээ багийн дасгалжуулагч Ш.Энхсайхан хэлж байлаа.

 

Бразилын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам энэ сарын 7-нд эхэлнэ. Дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.