Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд пара пауэрлифтингээр хичээллэж байгаа хүн миний мэдэхээр надаас өөр байхгүй"

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын пауэрлифтингийн рекордыг эзэмшигч пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээтэй ярилцлаа.  

Тэрбээр 2009 оноос хойш пара пауэрлифтингээр тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны паралимпын анхны эрхийг авсан тамирчин юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө гололгүй пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэн, амжилтад хүрээд буй түүнээс уншигч та урам авч, бахархана хэмээн найдаж байна.


- Хэзээнээс пара пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн бэ, яагаад пауэрлифтингийг сонгох болов?

- Бага байхдаа ясны хорт хавдар гэсэн оноштойгоор хөл, гар маань өвдөж эхэлсэн юм. 1999 онд  баруун хөлөө тайруулахаас өөр аргагүй болж, хөлөө тайруулсны дараа гэртээ сар болоод л эргээд 14 хоног эмнэлэгт хэвтдэг байлаа.

Тэр үед ээж  маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт байдаг талаар сонсоод  хүүгээ чийрэгжүүлж, ямар нэг юм хийх хүсэл зорилготой болгоё гээд спортоор хичээллүүлэхээр  шийдсэн гэсэн. 

Тэгээд  хоёулаа Спортын Төв Ордон дээр очиж тэр үеийн Биеийн Тамир Спортын Хорооны дарга  н.Ням ахтай уулзаж, зөвлөгөө авсан юм. н.Ням ах нуруу нугасны болон, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс хичээллэдэг пара  пауэрлифтинг гэж спорт  байдаг.Түүнд яв гэж зөвлөөд багшийг маань зааж өгч байлаа.

Ингээд 2001 оноос пауэрлифтингээр хичээллэж эхэлсэн дээ.  

- Та хэдэн настай байсан гэсэн үг үү? 

- Тэр үед зургаадугаар анги байсан. Жил гаруй хичээллээд долоодугаар ангиа төгсөх үед багш маань ажлаар Австрали явж, би ч хиймэл хөл хийлгэхээр Япон явсан юм. 

Тэгээд бараг долоон жил завсарлаад 2009 оноос дахин хичээллэсэн.

- Эргээд хичээллэж эхлээд 2010 онд улсын аварга болсон байх аа?

- Тийм ээ. 2009 онд багш эргээд ирсэн юм. Багштайгаа уулзаад буцаад бэлтгэлдээ орж  пауэрлифтингээр тасралтгүй хичээллээд долоон жил болчихлоо.  

- Таныг 2016 оны паралимпын анхны эрхийг авсан гэж сонссон, танаас өөр энэ төрөлд олимпын эрх авсан тамирчин байгаа юу?

- Тийм ээ. Өнгөрөгч онд Дубайд болсон ДАШТ-ний 88 килограммын жинд оролцож долоодугаар байрт орон, олимпын эрхээ авсан. 

Пара пауэрлифтинг манайд дөнгөж хөгжиж эхэлж байна. Одоогоор пара пауэрлифтингээр хичээллэж байгаа хүн миний мэдэхээр надаас өөр байхгүй.

Пара пауэрлифтингийн шигшээ багт албан ёсоор би ганцаараа  л байгаа. Багшийг маань шигшээ багийн бүрэлдэхүүнд авна гэсэн. Гэхдээ одоогоор яг авах шийдвэр нь гараагүй л байна.

- Багш тань шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй гэхээр тэмцээн уралдаанд явахад улсаас дэмжлэг үзүүлэхгүй гэсэн үг үү?

- Тийм ээ. Багшид зардлын дэмжлэг үзүүлдэггүй байсан болохоор ганцаараа тэмцээнд явдаг байсан. 

Бидэнд байдаг хамгийн том асуудал тэмцээн уралдаанд явах зардал байдаг. Тийм болохоор ганцаараа явах тохиолдол олон. Сүүлийн үед ойлгож дэмждэг хүмүүс байдаг болсон болохоор багштайгаа тэмцээнд явдаг болоод байгаа нь завшаантай.

Сүүлд оролцсон гурван олон улсын хэмжээний тэмцээнд багштайгаа явсан.

Тамирчин хүн тэмцээнд оролцох үед  багш, дасгалжуулагчийн үүрэг маш чухал байдаг. Бэлтгэл сургуулилт тааруулахаас авхуулаад сэтгэл зүйн том түшиг тулгуур болдог.  

Тамирчин хэдий сайн байсан ч багш зайлшгүй хэрэгтэй.

Тамирчин хэдий сайн байсан ч багш зайлшгүй хэрэгтэй.

Миний багш хүндийн өргөлтийн ОУХМ М.Энхсайхан гэж хүн байдаг. Болгарын Биеийн тамирын академийг хүндийг өргөлтийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн хүн.

- Тусалж дэмждэг хүмүүс байгаа гэлээ. Түүнээс гадна олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцоод  улсаас урамшуулал авч байв уу?

- Би “Ард” санхүүгийн нэгдэлд нягтлан бодогчоор ажилладаг. Зун Инчеоны Азийн наадмаас хүрэл медаль аваад ирэхэд "Ард Холдингс" ХХК-ний гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ах машин бэлэглэсэн. 

Тэр  хүрэл медалийнхаа улсаас авах  урамшууллыг одоо л авах гэж байна. 

Ер нь Ч.Ганхуяг ах их дэмждэг. 2013 онд гэхэд л Малайзад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах болоод бүх урилга, бичиг баримт болчихоод байдаг мөнгө байдаггүй. Тэгээд Ч.Ганхуяг ахаас тусламж хүстэл тусалсан.

- Ажлынхаа хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээн уралдаануудад оролцоод явахад хэцүү байдаг уу?

- Би 2007 онд сургуулиа төгсөөд MCS компанид нярваар ажилд орсон. Тэр ажил маань шөнөөр ээлжинд гардаг байсан юм. 
Өглөө ажлаасаа буугаад гэртээ бараг үд гэхэд ирдэг. Тэгээд орой нь эргээд л явдаг байсан. Ингээд байж байтал хүүгийн маань ээж биднийг хаяад явчихсан.  Хүү маань есөн сартай үлдсэн учир шөнө эзгүйд уйлна, ээжийг ядраана асуудал их байсан л даа. 

Тухайн үед ээж “Ямартай ч хүүхдийг чинь хүн болгож авъя” гээд ажлаасаа гарсан.

Ингээд гэртээ хэсэг хугацаанд  байж байгаад 2008 оноос 2012 он хүртэл “Мегабат” компанид ажиллаж байгаад 2013 оноос "Ард" санхүүгийн нэгдэлд ажиллаж байна.

- Та айлын ганц хүүхэд үү?

-Би ээжийн ганц хүү, аавын том хүүхэд. Аав, ээж маань бага байхад хоёр тийшээ болсон болохоор айлын ганц хүүхэд л гэх байх даа.

-Таныг Монгол Улсын пауэрлифтингийн тамирчдын рекордыг эзэмшдэг гэж сонссон. Хэзээнээс эзэмшиж байгаа вэ?

-2014 оны пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хэвтээ түлхэлтээр 235 кг-г өргөж 225 кг байсан улсын рекордыг 10 кг-аар ахиулаад байгаа. Надаас өөр пара пауэрлифтингээр хичээллэдэг хүн байхгүй болохоор эрүүл тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм.

- Танаас өөр пара пауэрлифтингийн тамирчин байхгүй гэхээр Монгол Улсын Пара пауэрлифтингийн рекордыг бас эзэмшиж байгаа гэсэн үг үү?

- Би пара пауэрлифтингийн Олон Улсын Хэмжээний Мастерын зэрэгтэй, олон улсын тэмцээнүүдэд оролцоод явдаг.  Тийм болохоор миний амжилтаар л тодорхойлогдож байгаа  байх.

- Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд  хэдэн кг байгаа вэ?

- Пара пауэрлифтингийн дэлхийн рекорд  Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шинэчлэгдсэн 229.5 кг байгаа. Энэ рекордыг эзэмшигч нь Ираны шинэ залуу тамирчин байдаг. 

- Тэгвэл таныг  дэлхийн рекордыг эвдэх боломжтой гэж ойлгож болох нь ээ?

- Яах вэ  тэгээд зүтгэнэ дээ. Тэр үеийн тэнгэр таалбал болох л байх. Нэг их том юм яримааргүй байна.

Энэ төрөлд хоёр ширүүн өрсөлдөгч байгаа . Тэр хоёр маань оны эхэнд Дубайд болсон Дэлхийн цомд ирсэнгүй. Ажиглалт л хийж байгаа байх. Би  гэнэт цойлоод гараад ирвэл өрсөлдөгч тамирчид тэмцээнд оролцох тактикаа боловсруулаад надаас аль болох тасрах оролдлого хийнэ. 

Тийм болохоор бас биеэ нөөгөөд, тэр хоёроосоо нуугдах байдалтай байгаад байна. Олимп дээр л зүтгэнэ дээ.

- Олимпын өмнөх цугларалтад хэзээ гарах вэ? 

- Дөрөвдүгээр сарын эхээр шигшээгийн цугларалтад гарах болохоор ажлаасаа чөлөө аваад бэлтгэлээ хийж байна. Одоо олимп хүртэл ажил хийх ямар ч боломжгүй байнгын бэлтгэлтэй байгаа.

Нэн тэргүүний зорилт Рио-2016  олимпт амжилттай оролцох л байна 

- Ажлаа хийхгүй байхаар санхүүгийн байдал хүндрэх үү, шигшээ багийн цалин хүрэлцэх үү?

- Шигшээ багийн цалин 400 мянга гаруй төгрөг. ОУХМ-тайгаа нийлээд шүү дээ. Үүгээрээ  болгоод л байна. Өмнө шигшээ багт ороогүй байхад бол ёстой л дурандаа, бор зүрхээрээ болгодог байсан.

- Жилийн ямар хугацаанд бэлтгэлтэй байдаг вэ, ажлаа хийх боломж хэр байна?

-Тэмцээн уралдаан хэр их байхаас л хамаарна даа. Одоо бол олимп нэн тэргүүний зорилго болоод байгаа учир ажлаа хойш нь тавиад байна.

- Тамирчин хүний хувьд өөртөө зорилго тавьж, түүнийгээ ахиулж урагшилдаг байх. Ойрын үед ямар зорилго тавиад байгаа вэ?

- Одоо нэн тэргүүний зорилт Рио-2016  олимпт амжилттай оролцох л байна даа. Тамирчин хүний хувьд ахиад нэг олимпт оролцчих юмсан гэсэн хүсэл бас байгаа. 2020 оны олимпт оролцохыг хичээнэ. 

- Хэтийн  зорилго гэвэл?

- Би шавьтай болохыг хүсдэг. Телевиз, хэвлэлд ярилцлага өгвөл энэ хүслээ нуруу нугас, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд хэлнэ гэж бодож явдаг байлаа. Энэ завшааныг ашиглаад хэлээд авъя. 

Пауэрлифтингийн спортоор хичээллэснээр бие бялдрын хөгжилтэй болохоос гадна тэсвэр хатуужил, тууштай байдалд суралцдаг. Тийм болохоор хүүхдүүддээ спортоор хичээллээрэй гэж уриалмаар байна.

Тэгэхдээ одоо шууд л хүүхдүүдэд багшлахгүй тамирчин  дасгалжуулна, хүнд юм заана гэдэг их хариуцлагатай ажил гэж боддог тийм болохоор шавьтай болохоосоо өмнө бас суралцах санаа байна.

Цаашилбал тэгээд пара пауэрлифтингийн клубтэй болох зорилго байгаа.

- Манайд пара пауэрлифтингийн зориулалтын төхөөрөмж байхгүй гэж байсан. Бэлтгэлээ эрүүл тамирчдын төхөөрөмж дээр хийж байгаад тэмцээнд очоод орохоор өөр байх уу?

- Пара пауэрлифтингийн зориулалтын тоног төхөөрөмж нуруу нугасны болон тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан илүү эвтэйхэн байдаг. Нэг их асуудал гараад байдаггүй. 

Намайг олимпын эрх авсны дараа зориулалтын тоног төхөөрөмж авч өгөх өө мэдэгдсэн. Удахгүй аваад өгчих байх гэж найдаж байна.

- Манай амжилттай яваа тамирчдад гадны орнуудаас өөрийн орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох санал тавьдаг. Танд тийм санал тавьж байв уу?

- 2013 онд Малайзад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үеэр Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох санал тавьсан. 

Сарын 15 сая орчим төгрөгийн санал хэлсэн л дээ. Гэхдээ тэр саналаас татгалзсан. 

- Яагаад ?

- Тухайн  улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орох болбол бараг тэндээ суурин байх шаардлагатай болно. Би бөөгийн шашинтай хүн. Тиймээс исламын шашинтнуудын дунд ороод явна гэхээс эмээсэн гэх үү дээ. Тэдний хувьд шашин нь үзэл бодол, үнэт зүйл, бүх зүйлийг нь тодорхойлогч болж байдаг шүү дээ.

Ер нь болж өгвөл эх орныхоо нэрийн өмнөөс л тэмцээн уралдаанд оролцохыг бодно доо.


Ярилцсан Г.Номин 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/