Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Татвар нэмэх бус хэмнэлт хийх цаг!

ikon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ӨНДӨР ТАТВАР, БАГА АШИГ

2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж буй хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж, татвар, түрээсээ төлсөөр явж ирлээ хэмээн МҮХАҮТ мэдэгдэлдээ дурьджээ. Мөн Засгийн газраас Хүн амын орлогын албан татварын хэмжээг 10-25 хувь огцом нэмэгдүүлэх гэж буйг тэд эрс эсэргүүцэж байна.

Хувь хүний орлогын татварыг 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэдэг нь дан ганц цалингийн орлогоос биш бизнесийн үйл ажиллагааны болон хувь хүний нэрээр үйл ажиллагаа явагдаж байгаа бүх төрлийн орлогоос авах татвар нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл татварыг ингэж гэнэт огцом нэмснээр төсвийн орлого нэмэгдэхгүй гэдгийг тэд батлан хэлжээ. Харин ч эсрэгээрээ бизнес эрхлэгчид өндөр татвартай байхад бага орлого олдог хуучин байдал руугаа орно гэв.

Энэ оны эхнээс НӨАТ-ын систем ажиллаж эхлэн, өнгөрсөн хугацаанд 1,700 байсан кассыг 40 мянга болгож, татварын бааз суурийг 23 дахин ихэсгэжээ. Ингэснээр улс  зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгаа аж. Тиймээс татвар нэмэхийн оронд шинэ системийн механизмаа ядаж нэг жил явуулж зүгшрүүлэх нь зүйтэй гэж Танхимын зүгээс үзэж байна.

Хэрвээ татвар нэмбэл бизнесийнхэн янз бүрийн санхүүгийн эх үүсвэр, бондоос авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, эдийн засгийн хямралын үргэлжлэх хугацаа улам уртасч мэдэх гэнэ. Цаашлаад бизнес эрхлэгчид татварын нэмэгдлийг борлуулах бараа, үйлчилгээндээ шингээх замаар буюу ядарсан иргэдэд ачаа үүрүүлэх нь тодорхой юм.

Дээр нь аль ч түвшинд өнөөдөр бизнесийн идэвхжил тааруу, санхүүжилт зогссон, бизнесийн орчны шинэчлэл олигтой хийгдээгүй, дээр нь татварын бодит дарамт өндөр байгааг эрх баригчид бодолцох ёстой гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

САНГИЙН САЙДАД ҮГИЙГ НЬ САНУУЛЪЯ

Жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар татвар нэмэх тухай ярихад одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн эрс эсэргүүцэж, “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш” хэмээж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэрбээр

“Монголчууд бид сүүлийн хоёр гурван жил тогтмолжоогүй орлогоор тогтмолжсон өндөр зарлага гаргаад сурчихжээ. Үүний улмаас 2015, 2016, 2017 оныг дамнаад Монгол Улсаас гадагшлах валютын урсгал таван тэрбум ам.доллараас давж гарч магадгүй.

Эдийн засаг хэвийн байгаа үед татвар нэмэхийг үгүйсгэхгүй. Харин өнөөдөр хямралтай үед татвар нэмж болохгүй. Засгийн газар зарим татварыг гурав дахин нэмэхээр оруулж ирсэн. Бизнесийн орчин тогтворгүй, хямралтай үед татвар нэмэх асуудлыг яаран сандран оруулж баталж болохгүй” хэмээж байсан юм.

Ганцхан жилийн доторх түүний энэ үзэл бодлын өөрчлөлтийг өөрт нь болон танхимынханд нь сануулаад өгөх хүн алга бололтой. Ард түмний санах ой богино настай гэдэг ч арай ч нэг жилийн өмнөхийг мартаагүй байлгүй.

Татвар нэмэхээс гадна Нийгмийн даатгалын шимтгэлийг мөн нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл Засаг аргаа барж байгаа бололтой. Уг нь бол хямралын үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх бус харин ч төлөгч байгууллагыг олон болгох ёстой нь ойлгомжтой асуудал.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав чуулганы үеэр

“НДШ-ийг нэмсэнээр ажлын байр, цалин нэмэхэд маш том чөдөр тушаа болно.

Харин үүний оронд Төсвийн сахилга батыг сайжруулж сар сараар шилэн байлгах хэрэгтэй. Учир нь сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат үгүй болж, өнөөдөр улс орны эдийн засаг хямарч иргэдийнхээ халаасыг гөвөх дээрээ тулчихаад байна” хэмээн ярьжээ.

Олон хүнийг ажлын байраар хангаж, бизнес эрхэлдэг хүнээс гарах л үг.

Сүүлийн хэдэн жил байсхийгээд л Онцгой албан татвараар оролдох гээд байдаг болжээ. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр архи, тамхины татварыг нэмэхээ урьтал болгоцгоох. Гэтэл үүний үр нөлөө нь ард иргэдийн нуруун дээр шууд бууна. Асуудлыг эдийн засгийн утгаар харвал энэ татварын хөлд жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа найман нэрийн барааны дэлгүүртэй хүмүүс чирэгдэх нь тодорхой. Улмаар иргэдийн халаасан дахь мөнгө бүр ч үнэ цэнэгүй болно гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.  

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ ТЭС ХӨНДЛӨН МАН

 “Панамын баримт” ил болсноор хөрөнгө мөнгөтэй хүмүүс, тэр дундаа улстөрчид татвараас зайлсхийж, оффшор дансанд их хэмжээний мөнгө хадгалдаг гэдгийг бид мэдэх болсон. Тэгвэл "Их-20"-ийн улсууд иргэдийнхээ мөнгийг дотооддоо буцаан татах арга хэмжээ авч эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүдээр бичиж байна.

Австралийн Засгийн газар ирэх оноос эхлэн орлогоо гадаад руу шилжүүлж байгаа компаниудиас 40 хувийн татвар авахаар болжээ.

Харин энэ мэт гадны улстөрчдийн эх оронч шийдвэрүүдийн талаар сонсох болгондоо өөрсдийн сонгосон эрх баригчиддаа сэтгэл дундуур хандах хандлага нийгэмд газар авч байна.

Сонгуульд ард түмний саналыг авч олонх болсон МАН-д ч иргэд найдвар тавихгүй байгаа бололтой. Засгийн газраа томилов уу, үгүй юу өнөөх нь мөрийн хөтөлбөрөөсөө илт эсрэг зүйл хийгээд эхлэхээр хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 26.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн мэдээлэл бий. Харин ийм мөнгө ойрын хэдэн жилдээ төсөвт орж ирэхгүй нь тодорхой учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын рейтинг багагүй хэмжээгээр унаж мэдэх юм. Магадгүй татвар нэмбэл ард түмний өмнө мөн л оноо алдана.

Ямар ч гэсэн эдийн засаг хүнд байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн учраас УИХ дээр татвар нэмэх хуулийн төслийн талаар гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Эсрэг байр суурьтай гишүүд тэр дундаа төсвийн сахилга бат, төрийн өндөр албан хаагчдын элдэв зардлыг танах хэрэгтэй гэж үзэх гишүүд ч байна. Аль ч талаас нь бодоод үзэхэд өнөөдөр ард иргэдийн орлого буурсан, дээр нь ажилгүйдэл газар авч болзошгүй болоод байгаа ийм тохиолдолд татвар нэмэгдснээр хямрал улам л гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэдэг нь тодорхой юм.   

Т.Бэх

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.