Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Италид болсон газар хөдлөлтөд 159 хүн амь үрэгдээд байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр шөнийн 03:36 цагт Италийн төв хэсэгт 6.2 магнитудын газар хөдлөлт болсноор Аматриче, Аккумоли, Пескара дел Тронто гэсэн гурван жижиг хот хамгийн ихээр нэрвэгдэж өчигдөр оройны байдлаар 159 хүн амиа алдаж, 368 хүн бэртээд байна.

Мөн чичрэлт нь нийслэл Ром хотод мэдрэгдсэн талаар гэрчүүд мэдээлжээ.

Нэрвэгдсэн гурван хотын ихэнх хэсэг балгас болсныг оршин суугчид нь “Дантегийн там шиг” (Италийн сонгодог уран зохиолд гардаг үзэгдэл) гэж нэрлэж байна.

Нурангин дороос хүмүүсийг гаргах ажиллагаа үргэлжилж байгаа ба гаргаж ирсэн хүмүүсийн 90 хувь нь амьгүй болсон байгаа аж.

Энэ бүс нутаг нь Адриатын тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд хүчтэй газар хөдлөлт болж байсан түүхтэй юм.

Өчигдөр Италийн ерөнхий сайд Маттео Рензи гамшгийн бүсэд очиж амьд үлдэгсэд болон аврагчидтай уулзжээ.

Уг бүс нутаг нь Ромчуудын зуслан байрладаг газрууд тул зуны амралтаараа ирсэн иргэд олон байсан гэнэ. Аматриче хот нь алдарт аматричана гоймон, улаан лоолийн сүмсээрээ алдартай бөгөөд ирэх амралтын өдрөөр энэхүү хоол хүнснийхээ фестивалийг хийхээр төлөвлөж байснаас олон зочинтой  байсан гэнэ.

Өмнө нь 2009 онд эндээс өмнө зүгт 90 км зайтай оршдог Ла Акила орчимд хүчтэй газар хөдлөлт болж 300 гаруй хүний амь үрэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Japan Times