Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 25
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.

Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ

Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна.

Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс:

  • улсын комисст хүлээлгэн өгсөн 2,
  • гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7,
  • гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4,
  • концессын гэрээ байгуулаагүй 2,
  • тогтоол албажаагүй 2,
  • барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3,
  • ажил эхлээгүй 7 төсөл байна. 

Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.