Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

БОДЛОГЫН ХҮҮ: Хэн юу хэлэв?

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Мөнгөний бодлогын зөвлөл

Наймдугаар сарын 18-ний өдөр Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувь болгосноо зарласан. Уг мэдэгдлийн дараа мэргэжилтнүүд бодлогын хүүг өсгөх нь ямар нөлөө үзүүлэх талаар олон талын байр суурь илэрхийлж байсан юм.

Ингээд тэдний олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байр сууриас онцлон хүргэж байна. 

Д.Ангар: Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг

Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Д.Ангар “Бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж 15 хувьд хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. 

Бүх зээлийн хүүг дээш нь 4.5 хувиар татна. Засгийн газрын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо хөөрхий. Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямар ч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй”

С.Болд-Эрдэнэ: Стэндбай руу явах нь энэ үйлдлээр улам баталгаажиж байна

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ “Төв банкны ерөнхийлөгч бодлогын хүүг 4.5 нэгж хувиар огцом нэмлээ. Инфляци өндөр үед бодлогын хүүг нэмж, инфляцийг бууруулдаг гэдгийг бид мэднэ. Харин энэ удаад инфляци 2.3% байхад ингэж огцом нэмж байгааг долларын ханшийг барих гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм шиг. Зах зээлээс төгрөгийг татаж, доллар-төгрөгийн харьцааг барих /тэнцвэржүүлэх/ гэж байгаа юм болов уу даа.

 

Үндсэндээ бол Монголбанк өөрт байгаа эцсийн арга хэмжээгээ л авч байгаа байх. 2013 онд Н.Золжаргал ерөнхийлөгч энэ замыг биш мөнгө хэвлэх замаар зах зээлд төгрөг нийлүүлж, мөнгөний хомсдол үүсгэхгүй байх замыг сонгосон. Төлөөсөнд нь долларын ханшаа тавьсан. Үр дүнд нь эдийн засаг 20 хэдэн их наяд болж тэлсэн.

Одоо Н.Баяртсайхан нь нөгөө хэвлэсэн мөнгийг нь буцааж цуглуулж зоориндоо хадгалахыг илүүд үзэв бололтой. Төлөөсөнд нь ямар нэг юм өгч л таараа. Юу гэдэг нь харин сонирхолтой. 

Ямар ч байсан Стэндбай руу явах нь энэ үйлдлээр улам баталгаажиж байна. Цалин хасахаа Засгийн Газар мэдэгдчихсэн байгаа. Стэндбайн үндсэн шаардлагууд шүү дээ, энэ бүгд. 

Доллар 2,300 төгрөгөөр тогтохгүй байх магадлал улам л нэмэгдээд байх шиг. Ипотек ингээд зогсох нь ойлгомжтой болж байгаа байх. Зээлийн хүү өсөх тусам банкуудад өгөх зөрүү нэмэгдэх гэх мэтээр улам л ярвигтай болно. Ядаж байхад шинэ Ерөнхийлөгч маань нэлээд харам бололтой”

Д.Лхагвасүрэн: Хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл

Эдийн засагч Д.Лхагвасүрэн "Монголбанк бодлогын хүүгээ 10.5 хувиас 15.0 хувь болгож маш ОГЦОМ, ГЭНЭТ нэмлээ. Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт.

Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье. Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэг шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасныг та бид мэднэ.

Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно. Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай" 

И.Отгонжаргал: Шийдвэр зөв цаг үед, нүдээ олсон байх ёстой

"Mongolian Economy" сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч И.Отгонжаргал "Мөнгөний бодлогыг чангаруулж, сулруулахын аль алинд нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх 1.2.3... гээд жагсаахаар үзүүлэлтүүд байдаг. Бас тэрхүү адармаатай үзүүлэлтүүдийн дотор сөргөөр нөлөөлж болзошгүй зүйл ч бий. Учир нь эдийн засгийн олон хүчин зүйлс бий учраас. Түүнээс чангаруулах нь хортой, сулруулах нь сайн гэсэн юм байхгүй. Шаардлагатай тохиолдолд алиныг нь ч авч хэрэгжүүлж болно. 

Хамгийн гол нь шийдвэр зөв цаг үед, нүдээ олсон байх ёстой. Тэгвэл энэ удаагийн огцом чангаруулалт эдийн засагт ямар нөлөөтэй байх бол. Мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөөлөл дор хаяж гурваас дээш сарын дараа гардаг" хэмээжээ.