Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөхөр бид хоёрын хүсдэг зүйл бол хүүхдүүд минь аз жаргалтай л байгаасай"

Э.Мөнхзаяа
2016 оны 8 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Виктория, Дэвид Бекхэм нарын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилнэ гэдэгт итгэж байсан хүмүүс тун цөөн. Гэтэл тэд саяхан хуримынхаа 17 жилийн ойг тэмдэглэжээ. Энэхүү баярын өдөр тэдний харилцаа таагүй байгаа гэсэн хов живийг улам дэврээсэн үйл явдал болсон юм. Учир нь Виктория царайлаг нөхөртэйгөө хамт байхын оронд загварын байр руугаа шөнө дөлөөр яаран гүйсэн билээ.

Викториягийн ээж нь хүртэл дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчний эхнэр байж ажил хийдгийг нь ойлгодоггүй байна. Алдарт хосын ойр дотнынхон ч Викторияг нөхөртэйгөө асуудалтай болохоор түүнээс зайлсхийхийн тулд бизнестээ хамаг толгойгоо мэдүүлсэн гэж баталдаг.

Тэд сүүлийн үед хардалт, хүүхдүүдээ хүмүүжүүлэх өөр өөрсдийн хандлага, Дэвидийн олон тооны шивээс, эсвэл Викторияг үдэшлэгт согттолоо уусан зэрэг шалтгаанаар хэрэлдэх нь нэмэгдсэн гэнэ.

-Виктория, чин үнэнийг хэлээрэй. Эдгээр хов жив дотор үнэн зүйл байна уу?

-Ийм асуудалд тайлбар хэлэхгүйг хичээж байна. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Дэвид бид хоёрын харьцаа сайн, бүр гайхалтай сайн гэхэд болно. Би хайрлуулж, түүнийгээ хайрласаар байна. Ингээд л гүйцээ.

-Саяхан интернэтээр яг үүнийг батлах гэсэн мэт зураг яваад байсан. Нөхөр тань таныг ресторанаас чирч гаргаж ирж байгаа зураг?

-Тийм ээ, санаж байна. Лондоны загварын долоо хоногийг тохиолдуулсан гайхалтай үдэшлэг байсан. Би өглөө нь шартаад үнэхээр их зовсон шүү. Уг нь би зураг дээр гарсан шиг тийм ч их уугаагүй шүү дээ. (Инээв.)

-Өмнө нь та цээжээ ил гаргасан, мини даашинзанд дуртай байсан. Харин одоо үргэлж шал хүрсэн урт, чамин даашинз өмсдөг болжээ. Нөхөр тань таны сонирхолд нөлөөлөөд байна уу?

-Үгүй ээ, зүгээр л хөгширч байгаагаа мэдэрч байна. Цаашид залуудаа сонирхож байсан шигээ бариу, богино даашинз өмсөхгүй. Ардаа цахилгаантай жижигхэн даашинз уу? Энэ л манай фирмийн тэмдэг.

Ийм даашинзны ачаар би эмэгтэйлэг талаа харуулдаг байсан. Үдшийн болзоонд явахад тун гайхалтай гоёл.

 Дэвид бид хоёрын харьцаа сайн, бүр гайхалтай сайн гэхэд болно.

Дээр нь өндөр өсгийтэй туфль нэмбэл бүр янзтай. Нөхөр маань ч бас эмэгтэйчүүдийг ийм даашинз өмссөн байхад эрчүүд дуртай гэж хэлж байсан санагдана. Харин одоо бол би ардаа цахилгаантай ч илүү чөлөөтэй хувцас өмсдөг болсон. Би баяр ёслолын үеэрх хувцаслалтын талаар ярьж байна.

Спорт өмд, гүйлтийн гутал, эрэгтэй хүний том хэмжээтэй, хоолойтой цамц, ямар ч будаг шунхгүй царай, хойноо боосон үс. Ийм хувцастай байхад би ёслолд оролцож байгаа юм шиг харагдахгүй л дээ. Надад энэ ч таалагддаг. Өмнө нь таалагдах болов уу гээд итгэлгүй байдаг байсан юм.

-Та “Spice Girls” хамтлагт байсан үеэ дурсах тийм ч дуртай биш бололтой. Ялангуяа тайзан дээр гарахдаа өмсдөг байсан хувцаснуудынхаа талаар ярьдаггүй?

-Бид бүгдээрээ бүдүүлгээр хэлбэл хүүхэлдэйнүүд байсан. Охид хямдхан, бидэнд үнэгүй өгдөг таар шуудай шиг юмаа өмсөх дуртай байлаа. Мел Би ирвэсийн өнгөнд дуртай байсан бол Эмма “хүүхэлдэйн” ягаан даашинзархуу  юмыг аварга зузаан улттай өмсдөг байсан. Миний хувьд арай дээр.

Би загварлаг хувцсанд угаасаа дуртай болохоороо олсон мөнгөнөөсөө дизайнеруудын урласан даашинзанд зарцуулахыг хичээдэг байлаа. (Инээмсэглэв.) Эндээсээ ч таашаал авдаг байсан. 

Үнэнийг хэлэхэд охид ширээн дээр үсэрч, хөөрч догдлох үед миний толгойд юун түрүүнд “Энэ ширээ даах болов уу" гэсэн бодол орж ирдэг байсан. Надад өөрийн дураар, дотор уужим мэт сэтгэгдэл төрж байгаагүй.Үе үе биеэ яаж авч явах ёстой юм бол гэж бодно. Ийм ажил хийхэд би хэтэрхий хаалттай, даруу хүн юм шиг санагддаг.

Жирэмсэн болсныхоо дараа ч хиймэл үстэй, аймшгийн комбинезонтой дуулж байснаа санадаг. Цаг хугацаа явсаар гэдэс ч томорч, комбинезоноо өмсөх аргагүй болсон. Тэр үед үнэхээр аймшигтай санагдаж билээ. Тэгээд нэг удаа тайзан дээр гарахаасаа өмнө менежерээсээ өөр юм өмсвөл яах вэ гэж асуусан. Гэтэл тэр надад бусад хүн шүүмжилнэ шүү дээ гэсэн, Үнэхээр таагүй дурсамж,

-Дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэгэнтэй нь гэрлэчихээд санаа амарч, хүүхдүүдээ өсгөхөөс өөр юу ч хийхгүй байж болох л байсан шүү дээ. Гэтэл та яагаад гэнэт дизайнер болохоор шийдэв ээ?

-Үнэндээ би багаасаа л хувцас загвар сонирхдог байсан. Ээжийн үнэртэй усны нялуун үнэр, гоёмсог даашинз, давхар мөртэй хилэн костюм гээд бүгдийг одоо болтол санадаг. Ээжийгээ яаж гоёж гоодож байгааг харах дуртай байлаа. Утсаар ярихдаа тэр харилцуураа наахад эвтэйхэн байхын тулд өрөөсөн ээмгээ тайлдаг байсныг ч санаж байна.

Ер бусын загварлаг харагддаг байсан. Зул cap болгоноор аав ээжид ямар нэгэн үнэтэй, чамин зүйл бэлэглэдэг. Бүр уламжлал болчихсон байсан. Харин би сургуульд байхдаа сурагчийн дүрэмт хувцсаа өөртөө тааруулан оёж, бүгдээс, ялангуяа багшаас нууж байгаад загварыг нь засч янзалдаг байсан.

Заримдаа ариун цэврийн өрөөнд орж, хатгуур зүүгээр л өөртөө шинэ гоёл бүтээчихдэг байлаа. Нөхөрт гармагцаа энэ сонирхлоо эргэн санаж, өөрийн гэсэн зүйл бүтээх гээд үзэхэд яагаад болохгүй билээ гэж бодсон.

-Гараагаа эхлэхэд хэцүү байгаагүй юу. Алдартнууд загварын ертөнцийг эзлэх гээд бүтэлгүйтээд байхад өөрийн гэсэн компаниа байгуулж, харгис хатуу тэмцэлд орох амаргүй биз дээ?

-Үнэхээр аймшигтай байсан, Гэхдээ бүтэлгүйтлээ гэхэд би юугаа алдах вэ. Надад өөрийгөө батлах, дэлхийд өөрийн гэсэн онцгой байр сууриа эзлэх чадвартай гэдгээ нотлох нь чухал байсан. Намайг чадна гэдэгт итгэж байсан хүн ч цөөн.

Хүмүүс намайг загварын салбарт ямар ч мэргэшсэн боловсролгүй, өмнө нь поп хамтлагийн дуучин ухаантай байсан, “шинэхэн, түүхий дизайнер” гэж бодно гэдэгт анхнаасаа л бэлтгэлтэй байсан. Бүгд л ямар ч боломжгүй гэцгээж байлаа. Харин би юу хүсч байгаагаа маш сайн мэдэж байсан.

Надад хэнээс ч ямар нэгэн юм зээлэх шаардлага байгаагүй. Миний хүсч байсан, хувцасламаар байгаа эмэгтэй бол би өөрөө. Тэгээд би энэ эмэгтэйг маш сайн мэднэ.

Надад өөрийгөө батлах, дэлхийд өөрийн гэсэн онцгой байр сууриа эзлэх чадвартай гэдгээ нотлох нь чухал байсан. 

Мэдээж би коллежид, дизайнерын ангид дуртайяа сурах байсан. Гэтэл дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүн чинь яах билээ.

Тиймээс би ажлынхаа явцад сурч, туршлага хуримтлуулж байна. Миний найз, дизайнер Марк Жейкобс материалаа битгий хэмнэ гэдэг маш чухал, үндсэн зарчмыг хэлж өгсөн. Чанар ч хамгийн чухал. Энэ бүхнийг баримтлан ажиллаж байна. Харин би хэзээ ч хэнээс ч хуулбарлаж байгаагүй юм шүү.

-Холливудын алдартнууд дотор та олон найзтай. Хэн нэгэн нь таны энэ санаачилгыг дэмжиж байв уу?

-Цөөхөн нь. Жишээ нь Том Круз байна. Тэр бол Дэвидийн дотны найз. Нэг удаа, намайг дөнгөж гараагаа эхэлж байхад тэр миний Лондон дахь студиэр дандаа үзэгдэж байна гэж амлалаа. Үнэнийг хэлэхэд би түүнд итгээгүй, эелдэг байх үүднээс л хэлсэн гэж бодож байлаа.

Тухайн үед би дэлгүүргүй, оёдлын цех маань газрын мухарт, ямар ч хүний сонирхлыг татахааргүй байсан юм. Гэтэл нэгэн сайхан өдөр бид мастертайгаа коллекци дээрээ ажиллаж байтал гэнэт хаалга нээгдэж, Том ороод ирсэн. Манайд маш удаан саатсан. Бүгдтэй нь яриа өрнүүлж, юм болгоныг нь нарийвчлан нягталж билээ.

Оёдолчин болгонтой өөрөө оёж чаддаг юм шиг ярилцаад л, хүмүүст онцгой, ер бусын сэтгэгдэл төрүүлж байсан. Мэдээж бүгд түүнийг үзэгдсэнд баярлаад, ярьж байлаа. Хөгжилтэй нь түүнийг явахад миний нэг туслах нисдэг тэрэгний чимээг сонсчихоод “Том Круз ээлжит даалгавраа гүйцэтгэхээр явж буй бололтой” гэж билээ. (Инээмсэглэв.) Хүмүүс таныг дэмжиж байна гэдэг сайхан хэрэг. Таагүй үе ч олон бий.

-Тухайлбал, саяхан таныг турж эцсэн загвар өмсөгчдийг үзүүлбэртээ оролцуулсан хэргээр хүмүүс хүчтэй шүүмжилсэн. Та үүнд хэрхэн хандсан бэ?

-Бодит амьдрал дээр байгаагүй хий дэмий зүйл олон нийтийн сүлжээгээр бичиж, хачин юм бодож олохоосоо ичдэггүй юм байх даа. Бидэнтэй ажилладаг бүх охин цоо эрүүл.

Үзүүлбэр загварын агентлагтай харилцах асуудлыг хариуцсан захирал маань охидтой гэрээ хийхээсээ өмнө энэ асуудлыг нарийн судалдаг. Ер нь намайг шүүмжилье гэвэл үр бүтээлтэй шүүмжлэл ашигтай. Эцсийн эцэст би алдар нэртэй болохын тулд л үүнийг хийгээгүй шүү дээ. 

Эцсийн эцэст би алдар нэртэй болохын тулд л үүнийг хийгээгүй шүү дээ. 

Зөвхөн үүний төлөө би нөхөр, хүүхдүүдээ хаяагүй. Үнэхээр хүнд ажил. Өглөө бүр зургаан цагт босч, байнга л бүтэн нойртой амрахыг хүсч амьдарч байна. Заримдаа унтахаар хэвтэхэд хүртэл толгойд ээлжит коллекцийн санаанууд эргэлдсээр л байдаг.

Дэвид Бекхэмтэй нэг оронд орчихоод, ямар нэгэн даавууны талаар бодож хэвтэнэ гэдэг ямар тэнэг гэдгийг төсөөл дөө. (Инээв.)

-Хүүхдүүдийн тань нэг нь таны замналаар яваасай гэж боддог уу?

-Нөхөр бид хоёрын хүсдэг зүйл бол хүүхдүүд минь аз жаргалтай л байгаасай. Харин загварын ертөнцийн хувьд яагаад орж болохгүй гэж. Загварын ертөнцөд бүтээлч хүмүүс олон бий. Энэ бол бүтээлч чадвараа хөгжүүлэх сайхан газар. Харпер л гэхэд өнгөрсөн долоодугаар сард таван нас хүрсэн.

Охин маань миний өндөр өсгийтэй туфлийг өмсөж, гэрээр хазганан явах дуртай. Уруулын будаг, будаг шунхаар тоглоно гэж ярилтгүй. Тэр маш олон сонирхолтой. Балет, теннисээр хичээллэхийн хажуугаар саяхнаас хөгжмийн хичээлд суудаг болсон. Бас саяхан Дэвидэд хөл бөмбөг тоглож сурахыг хамгаас илүү хүсдэг гэж хэлсэн байна лээ. (Инээв.) Аавын сэтгэлийг их хөдөлгөсөн дөө. Хөвгүүд ч яах вэ, хөл бөмбөг сонирхож л байг. Харин охинд аавын ген нөлөөлнө гэдэг хэцүү шүү.

-Та хүүхдүүдээ эрхлүүлдэг үү?

-Харин ч эсрэгээрээ, би маш хатуу ээж. Эелдэг бус байж, өрөөгөө цэвэрлэхгүй, залхуураад байвал хашхичиж өгнө. Харин ажил дээрээ огт өөр байдаг. Дэвид арай зөөлөн талдаа. Гэхдээ бид хоёр хүүхдүүдээ хүмүүжил сайтай болгох нь чухал гэдэг.

-Ингэхэд нөхөр тань таны бүтээлд ямар нэг хэмжээгээр оролцдог уу?

-Үзүүлбэрийн өмнөх ачаалалтай өдрүүдэд биднийг нойр хоолгүй ажиллаж байхад Дэвид амттай жигнэмэг, цай авчирч, ширээ засч, багийн маань бүх гишүүнийг дайлдаг. Харин надаас алхам ч холддоггүй Харпер охин маань бүжиглэж, хамт олныг маань хөгжөөдөг.

-Тэр таны хувцаслалтыг шүүмжилдэггүй юу?

-Чихэнд дуулдахаар хэлж байгаагүй юм байна шүү. Заримдаа гадагш гарахаар дээд давхарт байх үед тэр дотроо “Чөтгөр гэж. Юундаа удаад унав аа.

Сонголтоо л хийж байгаа байлгүй" гээд зогсдог байх гэж боддог. (Инээв.) Харин надад бол үргэлж л “Тун гайхалтай харагдаж байна, хайрт минь” гэж хэлдэг,

-Харин та нөхрийнхөө стилийг үргэлж сайшааж, гэрээс гарахдаа цамцаа солихыг шаарддаггүй гэж Дэвид саяхан хэлж байсан?

-Шударгаар хэлэхэд эрчүүдийн хувцас, загвар гэдэг амаргүй зүйл. Гэхдээ Дэвидийн өмсөж зүүж байгаа бүхэн надад таалагддаг. Тэр орчин үеийн биш, хуучны загварыг сэргээсэн хувцсанд дуртай. 

-Бас таныг нөхрийнхөө шивээсний сонирхолтой аль хэдийн эвлэрсэн гэж Дэвид хэлж байсан?

-Өө, би бүр тоог нь ч алдчихсан. (Инээв.) Эвлэрэхээс өөр аргагүй болсон. Түүний хувьд энэ нь зүгээр шивээс гэдэг зүйлээс илүү болохыг ойлгосон. Хачирхалтай нь шивээснүүд нөхрийг маань аз жаргалтай болгодог юм шүү. Гэтэл би энэ баяр баясгаланг нь булаагаад яах билээ.

-Харин таныг юу баярлуулдаг вэ?

-Миний өөртөө өгч байсан хамгийн сайн амлалт бол өдөр бүр спорт зааланд хичээллэх юм. Харперыг гэдсэнд байхад өөртөө ингэж амлаж билээ. Тэр цагаас хойш долоо хоногийн зургаан өдөр дасгалжуулагчтай 90 минутаар хичээллэхийг хичээж байна. Лондонд бол цэцэрлэгт хүрээлэнд гүйх дуртай. Лос-Анжелест йогоор хичээллэдэг. Бас жимс, ногоо их иддэг. Мангог зараа шиг хэлбэртэй болгон хэрчихэд хүүхдүүд маань намайг маш сайн хийж гэдэг. (Инээв.)

-Хэрвээ алдартнууд тантай оройн зоог барья гэвэл хэнийх нь урилгыг хүлээж авах байсан бэ?

-Би урьдын адил нөхөртэйгөө оройн зоог барина. Би бол азтай эмэгтэй. Ямар азаар Дэвидтэй учрав аа гэдгээ маш сайн ухамсарладаг бүсгүй.

Зураг