Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Э.Цэндбаатартай медалийн төлөөх өрсөлдөгч хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Манай ширэн бээлийтнүүдээс ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байгаа Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөөх хариуцлагатай тулааныг хийх гэж байна.

Кени болон Беларусийн тамирчдыг ялж шөвгийн наймд үлдсэн Цэндбаатарын өнөөдрийн өрсөлдөгч нь карьертаа нэг ч ялагдал амсаагүй байгаа АНУ-ын боксчин Шакур Стивинсон байх болно.

Алдарт реппер Тюпак Шакурын нэрээр нэрлэгдсэн Шакур Стивинсон 1997 онд төрсөн бөгөөд 5 настайгаасаа боксоор хичээллэсэн, нэр алдар нь улам бүр нэмэгдэж байгаа Америк тамирчин юм.

2013 онд залуучуудын дэлхийн аварга болж, Олон Улсын Боксын холбооны оны шилдэг залуу боксчноор тодорч байсан нэгэн.

2014 онд Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд ч бүх өрсөлдөгчдөө илт илүүрхсээр түрүүлсэн нь түүнийг энэ жингийн хамгийн ирээдүйтэй тамирчдын нэгт тооцогдоход хүргэсэн юм.

2016 оны олимпийн наадамд улсынхаа сорилго тэмцээнд түрүүлэн оролцох болсных нь дараагаас ихэнх мэргэжилтнүүд Стивинсоныг алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай америк боксчин хэмээн үзэх болжээ.

 

Дэлхийн чансааны №4-т бичигдэж байгаа тэрбээр World Series of Boxing-д 2 тулаан хийж бүгдэд нь ялжээ. Америкчуудын гол найдвар энэ тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, өмнөх шатанд нутгийн тамирчинг ялж шилдэг 8-д үлдээд байгаа. 

Боксийн төрлөөр олимпийн наадмаас авсан медалийн тоо /110/ болон алтан медалиараа /49/ бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлдэг Америкчууд дэлхий нийтэд Мухамед Али, Жо Фрэйзэр, Жорж Форман, Рэй Леонард, Оскар Де Ла Хояа зэрэг олон агуу боксчдыг төрүүлж өгсөн мундаг уламжлалтай улс.

Гэвч тэд 2004 оноос хойш энэ төрөлдөө алт авч чадаагүй байгаа төдийгүй 2012 онд анх удаа нэг ч медальгүй хоцорсон юм. Энэ хар цувралыг зогсоох боломж олон улсын тавцанд 24 тулаан хийхдээ бүгдэд нь ялаад буй Стивинсонд байгаа хэмээн хүлээж байгаа нь нууц биш. Э.Цэндбаатар болон Стивинсоны тулаан Улаанбаатарын цагаар 23:45-д явагдана.