Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өдөрт дунджаар 1,000 ЯВГАН аялагч зорчдог замыг тохижуулж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 28
iKon.MN

Богд хан уулын Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замыг тохижуулж эхлээд байна. 

Өдөрт дунджаар 1,000 орчим явган аялагч зорчдог болсон 3,6 км урттай энэ чиглэлд 800-900 метр тутамд буюу нийт таван амрах цэг, замын тэмдэг тэмдэглэгээ хийж, үзэх зүйлсийн тайлбар, зарим бартаатай хэсгүүдэд хашилт, гүүр тавьж байгаа ажээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын Хот орчмын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Ербахыт "Одоогийн байдлаар хамгийн их аялагчид очдог болоод буй Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замд бүрэн тохижилтын ажил хийгдэж байгаагүй бөгөөд замын зарим хэсэг нэлээд бартаатай /өвлийн улиралд халтиргаатай болдог/ байгаа учраас нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн аялал жуулчлалын газар тохижилтын ажлыг хийж байна. 

Богд хан уулын хамгаалалтын албаны захиргаанаас гаргасан мэдээллээс харахад Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замаар алхахаар өдөрт 200-600 машинтай хүн ирдэг юм билээ. 

Тохижилтын ажил зургаадугаар сарын 15-нд эхэлсэн. Тохижилтын материалуудыг явганаар зөөж хүргэж байгаа учраас хугацаа их зарцуулж байна. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 1-н гэхэд дуусах ёстой" гэлээ.

Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замын тохижилтын ажил хийгдсэнээр хөрсний элэгдлээс сэргийлэхийн зэрэгцээ аялагчдын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм байна. 

Түүнчлэн тухайн орчны экосистемд учирч болох сөрөг нөлөөллийг тооцсоны үндсэн дээр аялалын зам дагуу жорлон байрлуулахгүй байхаар тогтжээ. "3.6 км замыг дундаж хурдаар алхаж туулахад 90 минут зарцуулах учраас аялалын замын төгсгөлд байрлах амралтын газарт очоод ариун цэврийн газарт орох боломжтой гэж үзсэн. Олон улсын жишигт ч явган аялалын зам дагуу жорлон байдаггүй" хэмээн НАЖГ-ын мэргэжилтэн хэлж байлаа.

Богд хан ууланд явган аялал хийх таван үндсэн маршрут байдаг бөгөөд Зайсан-Баруун ширээт чиглэлийн аялалын замаас бусад замуудад өмнө нь тодорхой хэмжээний тохижилтын ажил хийгдэж байжээ.

Богд хан ууланд явган аялал хийх таван үндсэн маршрут