Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шилжилтийн үеийн Монгол & Үндэсний үзэл

Г.Гомбо, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 27
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Яг 10 жилийн тэртээ манай хүрээлэнд Хятадын Нийгмийн ухааны академиас cap тутам хятад хэлээр эрхлэн гаргадаг “Дандай ЯаТай” (“Өнөөгийн Ази, Номхон далай”) сэтгүүлийн 2006 оны №3 дугаар ирж манай залуу эрдэмтэд хуваан авч хөрвүүлэн шуугиан дэгдээж билээ.

Тэр шуугианы эзэн нь орчуулсан бид бус, Монгол Улсыг судлах Өвөрмонгол хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэг болж таарсан юм.

Түүний өгүүлэлд Монгол нь шилжилтийн үе рүү шилжсэнээс хойш нийгэм-улс төрийн хүрээнд үндэсний үзлээ хэрхэн сэргээж буй тухай хэрхэн шинжилснийг архиваасаа сөхөж Монгол уншигчдад дэлгэлээ. Санаа сургамж авахад маань хэрэгтэй.

Монголын “дотоодын давхарга”-д үндэсний үзэл нь гол төлөв үндэстэн, шашны хийгээд үндэсний хэт даврах үзлээр илэрч байгаа. Харин төрийн түвшинд улс орны аюулгүй байдлын мэдрэмж, анхаарч ач холбогдол өгөх байдлаар илэрч байна. 

Үүний зорилго нь: Нэгдүгээрт, даяаршлын дайралтыг эсэргүүцэх. Хоёрдугаарт, ард түмнийхээ тэмцэх зориг санааг бадрааж, гутранги үзлийг багасгах. Гуравдугаарт, соёлын хийгээд сэтгэл зүйн хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох. Дөрөвдүгээрт, дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж, олон улсын тавцанд нөлөө, байр сууриа өргөтгөх замаар эдийн засгаа хөгжүүлэх явдал болж байна.

Нэг. Монгол Улс дахь үндэстний өнөөгийн гол асуудал бол казахчуудын хийгээд ястан хоорондын харилцааны асуудал мөн. Too бүртгэлийн мэдээнээс үзвэл, 2004 оны байдлаар Монгол Улсын хүн ам хоёр сая 504 мянга байсан бөгөөд үндэстний бүтэц ч харьцангуй цомхон. Хүн амын дийлэнх (90 гаруй хувь) нь Монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн хэсэг нь бусад ястан байв.

Өөрөөр хэлбэл, халхчууд нь Монголын олон ястны дотроос хамгийн олон хүнтэй нь. Нутгийн төв болон өмнөд хэсгийн 15 аймгийн оршин суугчдын дийлэнх нь юм.

 Хүн амын дийлэнх (90 гаруй хувь) нь Монгол үндэстэн, үүний дотор халх ястан 70 гаруй хувь, үлдсэн хэсэг нь бусад ястан байв.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суудаг дөрвөд, баяд, өөлд, урианхай, торгууд, захчин, мянгад зэрэг ястан нь түүхэнд ойрад гэж тэмдэглэгдсээр иржээ.

Буриад, барга ястан Монгол Улсын хойд болон зүүн хэсэгт оршин суудгаас буриадууд нь БНХАУ, ОХУ, Монгол Улсад тус тус тархан суурьшсан. Тэд орос хэл, Оросын соёл, зан заншлын нөлөөнд илүү автсаны дээр ОХУ-д Буриадын Автономит БНУ байдгийг энд дурдах хэрэгтэй.

Монгол Улсын хүн амын таван хувь нь казах, цаатан түрэг угсааны зэрэг бусад ястны тоо маш бага. Нийт хүн амын нэг хувьд ч хүрдэггүй. Казах үндэстэн Монгол Улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотын ойролцоох Багануурын нүүрсний уурхайн хотхонд төвлөрөн суудгаас гадна нийслэлд бий. Too бүртгэлийн мэдээгээр 1990 онд Монгол Улсын казахчуудын тоо 133 мянга байсан нь нийт хүн амын 5.9 хувь гэсэн үг.

Казахчууд нь өөрийн хэл бичиг, ном хэвлэлтэй, лалын шашин шүтдэг, Монгол Улс дахь өөр үндэстний хамгийн том төлөөлөл юм. Тэд гол төлөв мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мөн нийслэл болон эдийн засаг, соёл хөгжсөн төвийн бүсээс алс хол нутагладаг учраас нийгмийн амьдралаас олон талаар хоцорч ирсэн. Энэ нь Монгол Улсын үндэстний бодлогын нэг гажуудал юм.

1991 онд Бүгд Найрамдах Казахстан улсын уриалгыг хүлээн авч Монголын казах иргэдийн зарим хэсэг нь Казахстан руу шилжин суурьшсан байна. Too бүртгэлийн мэдээнээс үзвэл, 1992-1993 онд 50 мянга орчим хүн Казахстан руу нүүж очсоноос нэлээд нь өөрт тохирсон хөдөлмөр эрхлэх болжээ.Ийнхүү зарим нь шинэ ажил шинэ ахуйд идээшин дасч тэндээ суурьшсан,сэтгэл дундуур байдаг.

Монголын ястан хоорондын гол асуудал нь хүн амын үнэмлэхүй олонхыг эзэлдэг халх болон бусад цөөнх ястны хооронд улс төр, эдийн засгийн ашиг сонирхол хийгээд түүхээс үлдэж хоцорсон зөрчил юм.

1990 оноос хойш дотоодын зөрчлийг арилгах зөв замд орж, хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн нь зохих ач тусаа өгсөн байна.

Хоёр. Монголын нийгэм, улс төрийн амьдралыг “либералчлах”, “ардчилах” үйл явцад шашны түвэгтэй асуудал гарч ирэв. Монголд олон шашин, шашны урсгал нэгэнт бий болж, зэрэгцэн орших болсон. Энэ нь өнөөгийн Засгийн газрыг төдийгүй юм эргэцүүлэн боддог жирийн хүмүүсийг ч шашны ирээдүйн зохицлын талаар санаа зовниход хүргэж байна.

Уламжлалт буддын шашин, лалын шашин сэргэснээс гадна католик, үнэн алдартны, евангелийн, шинэ мөргөлийн, иисус дахин мэндэлсний, гэгээн эхийн, мормоны зэрэг загалмайтны шашны олон урсгал байна.

Түүнчлэн бахайн, монихейн, Ананда Марга зэрэг олон шашин сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ар араасаа цувран Монгол руу орж иржээ. Тэдгээрийн зарим нь нэгэнт хууль тогтоомжид нийцсэн байр суурьтай болсон боловч харьцангуй олонх нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. 

Монголын холбогдох байгууллагуудын хамтран гаргасан судалгаагаар, тус улсын нутаг дэвсгэр дээр 216 сүм, хийд (хурлын газар) үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн 70 нь Top, сүм хийдийн харилцааны тухай хуулийн заалтын дагуу албан ёсоор бүртгүүлсэн ажээ. Үлдсэн 146 нь бүртгүүлээгүй, өөрсдийн дур зоргоор ажиллаж буй хууль бус сүм хийд юм. Ийм байдал өнөөгийн Монголын Засгийн газрыг цочирдуулж байна.

Тэр ч байтугай “Иисусийн сүм”, “Монголын католик сүм” байгууллага төрийн байгууллагын байранд байрлаж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна. Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд төрийн байгууллагын байранд шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт бий.

Засгийн газрын зарим хариуцлагатай албан тушаалтан, судлаачид шинэ тутам орж ирж буй шашны урсгалууд ялангуяа, шинэ мөргөл, евангел, бахай зэрэг нь хүүхэд залууст ихээр нөлөөлж, хурдан тархаж байгаа.

Мөн 15-20 жилийн дараа уламжлалт ба уламжлалт бус шашны хооронд дайсагналцсан нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Тэгвэл өнөөдөр зарим улсад гарч байгаа шашин хоорондын мөргөлдөөний эмгэнэл Монголд давтагдахгүй гэх баталгаа байхгүй хэмээн үздэг ажээ. Ийм учраас олон шашин зэрэгцэн оршихыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал Монголын Засгийн газрын санааг ихээхэн зовоож байна.

Уламжлалт шашныг сэргээхийн зэрэгцээ шашны үндсэрхэг үзлийн тэлэлтийг хэрхэн зогсоох вэ гэдэг нь Монголын Засгийн газар, олон нийтийн сэтгэлийг чилээж буй удаах асуудал болж байна. Монголын түүхэнд шашны байр суурь хэмжээлшгүй өндөр байсныг бүгд санаж байгаа. “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” байгуулж байгаа өнөө үед монголчууд шүтэн бишрэх эрх чөлөөгөөр баталгаатай хангагдаж байна.

Олон шашин бодитой оршин буй энэ цаг үед уламжлалт шашныхаа байр суурийг хэрхэх вэ гэдэг нь Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгарч буй бас нэг асуудал юм. Top, сүм хийдийн харилцааны тухай хуульд заахдаа “Ард түмний эв эе болон соёлын уламжлалыг хамгаалах үүднээс Монголын төр Монголд дэлгэрсэн шашнуудын дунд буддын шашин тэргүүлэх байр суурьтай хэмээн хүндэтгэж үзнэ. Энэ нь иргэд бусад шашныг биширч шүтэхэд огт харшлахгүй” гэж заажээ.

Tөp, сүм хийдийн харилцааг хариуцан зохицуулах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хэлсэн үгэндээ: “Монголын соёл, иргэншилд буддын соёлын нөлөө маш их бөгөөд гүн гүнзгий тул буддын шашныг хамгаалж дэмжих нь манай улсын байдалд илүү тохирно. Буддын шашны тэргүүлэх байр суурийг хүндэтгэж үзэх нь нийгмийн амгалан тайван байдалд тустайгаас гадна уламжлалт шашнаа бадруулахад нийгмийн идэвхтэй оролцоог өрнүүлэх хэрэгтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч зарим хүн хэтэрч, эрх зүйн аргаар буддын шашныг төрийн шашин болгож, түүний тэргүүлэх байр суурийг баттай хангах санал гаргаж байсан баримт бий. Тэр ч бүү хэл зарим нь бүр “төр, шашныг хослон барих” засаглал тогтоохыг санал болгож, ингэж чадвал уламжлалт төрийн тогтолцоог жинхэнэ утгаар нь сэргээж чадна хэмээн үзсэн нь ч байгаа. Гэвч иймэрхүү санал тэр дороо бусад шашны зүтгэлтэн, шашны байгууллагын, бүр гадаад дахь шашны байгууллагын эсэргүүцэлтэй тулгардаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч ч ингэх нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө гэж үзэж байгаа. Хэт даварсан ийм саналуудыг цаашид тодорхой хугацаанд Монголын Засгийн газар хүлээж авахгүй юм. Гэлээ ч энэ төрлийн яриа өгүүлэл үргэлж чихэнд хонхдоостой байгаа юм. Энэ нь Монголын Засгийн газрыг зүгээр суух аргагүй болгож байна.

(Үргэлжлэл бий)

Зураг