Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Самсунг Си энд Ти" компанийн ёс бус бизнесийн үйл ажиллагааг дэлгэнэ гэв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос төмөр замын бүтээн байгуулалтад оролцож хохирсон компаниудын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо "БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам.долларын санхүүжилт олгогдчихсон. 

Чингис бондын хөрөнгөөр санхүүжилт нь хийгдэн, БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон ч өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч 13 компани ажлын хөлсөө аваагүй байгаа талаар өмнө мэдээлж байсан. Тиймээс өнөөдөр "Самсунг Си энд Ти" компанид мэдэгдэл хүргүүлэхээр боллоо" гээд мэдэгдлээ танилцуулсан юм.

Мэдэгдэл

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11-р сарын 03-ны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 121 дугаар тогтоолоор “Ухаахудаг-Гашуун сухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг зогсоосон юм.

Тухайн концессын гэрээнд 267 км уртай төмөр замыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувийг төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан. Өнөөгийн болж буй үйл явцад дүгнэлт хийвэл салбар удирдаж байсан хүмүүсийн энэ шийдвэр зөв эсвэл буруу байсныг хялбар ялгаж болно.

"Энержи ресурс” ХХК "Ухаахудаг-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж эхлэх үед "Самсунг Си энд Ти" компани болон түүний охин компани болох “SCTECM" ХХК-тай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан захидлаар “эцэслэн тохирсон" байдаг. “Эцэслэн тохирсон" гэдгийг “гэрээ байгуулсан" мэтээр олон нийтэд танилцуулж засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэлд туйлын харамсаж байгаа илэрхийлье.

“МТЗ" ТӨХК сонгон шалгаруулалтгүйгээр тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох “SCTECM" ХХК-г ажиллуулсан гэдгийг баримт бичгийг үндэслэн үүгээр нотолж байна.

"SCTECM" ХХК-ийг 2012 оны 12 сард 139,000 /Нэг зуун гучин есен мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажиллажээ. Мөн оны 10-р сарын 01-нд “Самсунг Си энд Ти” Корпорацийн Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал Ноён Жунг ён Жуу “Самсунг Си энд Ти” компанийг төлөөлж “Энержи ресурс" ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх 7-н үүргийг хүлээлгэн Ли Жёон ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжлэл олгосон байна.

Ли Жёон ёл "SCTECM" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Сынг Юнг Ха-д Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих итгэмжлэл олгосон ноцтой баримтыг бид энэ удаа дэлгэж байна. Ли Жёон Ёл-ын өөрт нь олгосон 7 үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр “Энержи ресурс" ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх эрхийг өгсөн атал шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд “МТЗ" ТӨХК-тай гэрээ үзэглэх эрхгүй юм.

Хамгийн аюултай нь Монгол Улсад хэрэглэж байгаа энэхүү хоёр мега төслийн ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч "SCTECM" ХХК төмөр зам, нисэх буудал, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй ажээ. Компанийн тухай хуулиар ажил үүрэгтэй хангалтгүй ажилласан аж ахуй нэгжийн хариуцлага компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тогтоогддог.

Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан Ли Жёон ёл-ын итгэмжлэлд туссан 7 үүрэгт бүгд эрхтэй гэсэн боловч ганцхан 2-р заалтад Санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж байгаа явдал "SCTECM" ХХК санхүүгийн нөхөн төлбөрт унавал “Самсунг Си энд Ти" компани хариуцлага хүлээхгүй гэдгийг баталж байна. Иймд дүрмийн сан нь 139,000 ам долларын компанитай Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил түвшний 2 том мега төслийн хариуцлагыг хэрхэн тооцох вэ? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирлээ.

Өнөөдөр бидэнд байгаа баримтаар Ли Жёон ёл төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говь руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн “МТЗ" ТӨХК-иас 14.8 сая ам доллар авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд 3 компанид 2 сая ам доллар өгч 9 сая ам.доллар “завшсан" нь батлагдаж байна.

Энэ бол “Самсунг Си энд Ти" компани олон улсын гэрээ хэлэлцээрт баримталдаг бизнесийн наад захын соёлгүй хуулийн этгээд гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг “гэрээний залилан" гэж олон улсад дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 компани одоо хийгдсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд 59 сая ам.долларыг “SCTECM" ХХК өгчээ. Гэтэл “МТЗ" ТӨХК тус компанид 199.7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталж байна. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 140.7 сая ам.доллар чухам юунд зарцуулагдсаныг олж тогтоохоор ажиллаж буйг улс төржүүлэхгүй байхыг уриалж байгаагаа мэдэгдье.

Цаашид бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж "Самсунг Си энд Ти" компанийн ёс бус бизнесийн үйл ажиллагааг дэлгэх болно. Мөн хэвлэл мэдээллээр олон нийтийн мэдээлэл муутай байгааг ашиглан "тархи угаасан" мэдээлэл түгээж буй улс төр болон төрийн холбогдох төлөөлөлтэй "төмөр замын бүтээн байгуулалтын луйвар" сэдвээр халз мэтгэлцээнд оролцоход бэлэн байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН НЭГДСЭН ХОЛБОО

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО